Ө.Энхтүвшин: Хоригийг хүлээж авбал холион бантан болно
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар “Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 14 дүгээр дүгнэлтийн тухай” УИХ-ын тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Мөн Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга болон бусад холбогдох хуулийн төслүүд, Зөрчлийн тухай болон бусад холбогдох хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Ерөнхийлөгчийн хоригийн тухайд хуульч гишүүд эсрэг байр суурийг илэрхийлж байсан юм. Тодруулбал, УИХ-аас Цэцийн дүгнэлтэд “Хоёроос гурван аймгийн дунд байгуулагдсан Давж заалдах шатны шүүх, мөн хоёроос гурван дүүргийн дунд байгуулагдсан Анхан шатны шүүх нь 2016 оны дөрөвдүгээр сарын 1-нээс цааш ажиллах боломжгүй болж буй юм. Тиймээс энэ асуудлыг хууль эрх зүйн хүрээнд зөрчилгүй болгохын тулд УИХ дээр заасан хугацаанд багтаан аймаг бүрт нэг Давж заалдах шатны шүүх, дүүрэг бүрт нэг Анхан шатны шүүх байгуулах холбогдох хуулиудын өөрчлөлтийг хийнэ” гэж тусгасан. Харин Үндсэн хуулийн цэц болоод УИХ-аас гаргасан энэ шийдвэрт Ерөнхийлөгч хориг тавихдаа “Энэхүү тогтоол нь ижил агуулга бүхий асуудлаар харилцан адилгүй жишиг тогтооход хүргэхийн зэрэгцээ улс орны эдийн засаг, төсөв, санхүү хүндрэлтэй энэ үед шүүгч, түүний туслахын орон тоо, шүүхийн байр болон бусад зардлын асуудлыг шийдвэрлэхэд эдийн засгийн бололцоо муутай, Монгол Улсын 2016 оны Төсвийн тухай хуульд энэ зардлыг тусгаагүй зэрэг нь тогтоолыг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй, дам утгаараа шүүн таслах үйл ажиллагаа тасралтгүй, хэвийн явагдахад сөргөөр нөлөөлөхөд хүргэж байна” гэж тайлбарлаж, хориг тавиад байгаа юм. Уг асуудалтай холбоотой гишүүд саналаа хэлэв.
Ц.Нямдорж:
-Энэ ертөнцөд үнэн юм гэж байдаг бол Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт яг энэ байдлаараа эргээд гарна. Захиргааны хэргийн шүүхийн асуудлыг дахин дахин яриад байна. Захиргааны хэргийн шүүх Үндсэн хууль батлахад байгаагүй юм. Энэ бол захиргааны бүх хэрэг шийддэг шүүх биш. Энэ нь захиргааны шийдвэр гаргадаг эрх бүхий субьектыг харьяалсан шүүх байгаа юм. Ийм шүүхийг Дээд шүүхийн хяналтаас гадуур байлгаж болохгүй гэж Үндсэн хуульд заасан. Цэц бол маргаан шийддэг газар. Энэ маргаанд нэг талаас иргэн, нөгөө талаас УИХ гэсэн субьект оролцож байна. Энэ субьектуудын хооронд гарсан маргааныг Үндсэн хуулийн өнцгөөр цэц эцсийн шийдвэр гаргаж байгаа. Хүлээж авна, авахгүй гэсэн тогтоолыг УИХ гаргаж байгаа нь нэг талын субьетын хувьд эцсийн шийдвэрээ гаргаж байгаа хэлбэр нь тэр.
Х.Тэмүүжин
-Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг хэлэлцдэг хоёр шат байгаа. Өөрөөр хэлбэл, хоёр дахь шатаар нь хэлэлцээд явбал яасан юм гэсэн нэг гаргалгаа байна. Тиймээс бид Цэцийн шийдвэрийн тухай ярих биш УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж аваад шийдвэрээ гаргах уу гэдэг тухай ярих хэрэгтэй. Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж аваад УИХ Цэцийн их суудлын хуралдаанд ороод үзэх ёстой гэж бодож байна.
Ө.Энхтүвшин:
-23 жилд анх удаа ийм зүйл тулгарч байгаа учраас хэцүү байна. Анх удаа Ерөнхийлөгч ийм асуудал дээр хориг тавьж байна. Өмнө нь ийм практик гарч байгаагүй. Уг нь УИХ Цэцийн гаргасан шийдвэрийг эсэргүүцдэг байгууллага болсон. Харин энэ удаа УИХ-ын зүүн тархи нь сайн ажиллаж байгаад хүлээгээд авлаа. Үндсэн хууль зөрчлөө гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Гэтэл Ерөнхийлөгч Үндсэн хууль зөрчсөнөө хүлээн зөвшөөрөх нь буруу гээд хориг тавьсан. Хоригийг хүлээж авбал цаашид холион бантан болох гээд байна. Хүлээж авахгүй гэсэн шийдвэр гаргасан бол тэр хэвээрээ байх ёстой.
Р.Гончигдорж:
-Ерөнхийлөгч өөрийн бүрэн эрхийнхээ дагуу УИХ-ын гаргасан шийдвэрт хориг тавьсан. Энэ агуулгаараа үүнд ямар нэг асуудал алга. Гол нь Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсны дараах үр дагаврын асуудал ойлгомжгүй байгаа. Үүнд биднээс гарах тодорхой шийдвэрээр нэг жишиг тогтох байх. Ер нь Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзэж байв гэв.
Асуудлыг хэлэлцээд гишүүдийн 62.2 хувийн саналаар дэмжигдэж, Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахаар болов.
Д.Гэрэлцэцэг
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: