С.Зоригийн хэргийг эргэн сануулахын учир буюу өмнөтгөл
С.Зоригийн хэрэг хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас өмнө түүний эхнэр Булганыг барьж хорьсон. Дөрвөн жилийн циклтэйгээр энэ хэргийг сөхдөг болжээ.
Чухамдаа яагаад? Улстөрийн нөхцөл байдал өнөөдөр ч адармаатай бас ээдрээтэй байгааг нотлоно. Тэгвэл нэгэн болоогүй хуралдааны хуудууг одоогоос дөрвөн жилийн өмнө тойм сэтгүүлийнхэн бичжээ. Өнөө ч өнөөх хурлын хуудуу дуусаагүй мэт санагдана. 1998 он улстөрийн нөхцөл байдал. Намууд олон жижиг бүлэглэл фракцид хуваагдчихсан улстөрийн нөхцөл байдал туйлын хүнд байлаа. Өнөөдөр харин улстөрийн нөхцөл байдал 1998 оных шиг болчихсныг судлаачид хэлдэг.
Энэ ч утгаар хуралдаагүй нэгэн уулзалтын талаархи нийтлэлийг эргэн сануулж байна. “ХУРАЛДААГҮЙ УУЛЗАЛТЫН ХУУДУУ” “ТОЙМ” сэтгүүл УИХ-ын гишүүн Э. Бат- Үүлийг Засгийн газрын тэргүүнээр томилуулах саналыг Улсын их хуралд оруулах боломжгүй гэсэн хариуг “Ардчилсан холбоо” эвслийн удирдлагад ерөнхийлөгч Багабанди 1998 оны 9-р сарын 30 нд илгээв. Энэ хариуг хүлээлгүйгээр эвслийн удирдлага дараагийн нэр дэвшигчээр С. Зоригийг ярилцаж эхэлсэн гэлцдэг.
Шийдвэрийг хүлээсэн Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч гадаад томилолтоо хүртэл хойшлуулсныг УИХ-ын гишүүн Д. Энхбаатар нотолж, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга С. Баяр баталсан юм. С. Зориг өөрийгөө дэмжүүлэх талаар МҮАН дахь МҮДН-ын фракцынхантай тохиролцсон байлаа. Бусад бүлгийнхэнтэй хараахан ярьж амжаагүй байхад нь буюу 10 дугаар сарын 2-нд МҮАН-ын Ерөнхий зөвлөлийн хурал хуралдах тов албан бусаар тарсан байна. Албан ёсоор ч байж магад. Аль аль нь огтхон ч батлагдаагүй юм. Харин 02-ны 17:50 цагт С. Баяртай утсаар ярихдаа тэр хурал хойшилсныг дуулгажээ. 10 сарын 02 –ны өдөр бол баасан гариг байсан. Хурал хойшлогдсоноор түүнд хагас бүтэнд сайнд бусад бүлгийнхэнтэй ярилцаж өөрийгөө лоббидох цаг гарсан юм. Энэ хурлыг эрх мэдлийнхээ хүрээнд Ц. Элбэгдорж хойшлуулсан байж таардаг. Яагаад гэвэл тэр дарга.
Даргын хувиар “ Ерөнхий зөвлөлийн гишүүдээ нийслэлийн намын үүрүүдийнхээ дарга нартай уулзуулах төлөвлөгөөтэй” байснаа тэр өөрөө ч хэлсэн байдаг. Гэхдээ энэ хурал Ерөнхий сайдад нэр дэвшигчийг сонгох хурал биш байсан гэж тайлсан. Ерөнхий зөвлөлийнхнөө Нийслэлийн үүрүүдийн дарга нартай уулзуулах төлөвлөө төдий байгаагүй бүр хэрэгжсэн тухай тэр ярьсан. Өөрөөр хэлбэл хурал болсон. Гэхдээ Ц. Элбэгдорж энэ хурлыг “уулзалт” гэж томъёолсон. Харин уулзалттай давхцуулж “хурал” хийж болохгүй байсан гэх тайлбар хийсэн. Итгэл үнэмшил төрөхөөргүй энэ тайлбар дараагийн таамгийг үүсгэсэн нь түүний Багабандитай хийсэн байж магадгүй тохироо. Энэ бол зүгээр л хардлага шүү.
С. Зориг Ерөнхий сайд болох нь Н. Багабандийн хувьд ч, Ц. Элбэгдоржийн хувьд ч ашигтай байгаагүй гэж тухайн үед сэтгүүлчид таасан. Манлайлал тэргүүллийн хувьд намдаа ч, нийгэмд ч С. Зориг Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээс хамаагүй урд байсан. Зарчимч шударга улстөрчийн хувьд Н. Багабандийн болзлыг бас хүлээж аваагүй. “Зориг Ерөнхий сайдад нэр дэвшинэ гэдгийг мэдэж байсан хүмүүс байж болох л доо. Зориг үүнээс болж алагдсан гэж байгаа бол тэднээс л асуух хэрэгтэй” гэсэн Элбэгээгийн хожмын яриа нэр дэвшүүлэхээр бэлтгэж байсныг хангалттай нотолно. Харин”Зориг бол тийм ч их нээлттэй хүн биш шүү дээ” гэсэн нь тэдний хооронд ойлголцол огт байгаагүйг илэрхийлсэн юм.
2012.04.20 –ны дугаар
URL: