Хэт даврагчдын твиттерийг устгана
Олон улсад үйл ажиллагаагаа явуулдаг “Anonymous” гэх хакерын бүлэглэл Парисын цуврал халдлагын дараа Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн эсрэг нэгдсэн билээ. Хакерууд өчигдөр тус бүлэглэлд элссэн хамгийн аюултай хэт даврагчдын зургийг нийтэлж, мөн халдлагын үеэр амиа алдсан хэт даврагчдын зургийг олон нийтийн сүлжээнд байршуулжээ. Амиа алдагсад бүгдээрээ ОХУ-ын цэргийн ажиллагааны үеэр нас барсан хэмээн хакерууд мэдээлсэн байна.
Багтай хакер эр “Энэ сарын 11-нд хэт даврагчдын байнга ашигладаг твиттер хаягуудыг устгаж, блок хийх болно. Тэд олон нийтийн сүлжээнд нэвтэрч, олон улсыг дахин заналхийлж чадахгүй” хэмээн мэдэгджээ.
Хакеруудын олж мэдсэнээр тус бүлэглэл 20 мянга гаруй твиттер хаягийг эзэмшдэг байна. Тэд твиттерийн тусламжтай олон улсыг заналхийлж, долоо хоногт 1-4 удаа цаазын ял гүйцэтгэж буй зураг болон бичлэг нийтэлдэг уламжлалтай билээ.
Б.Дэлгэрцэцэг
Эх сурвалж: Shuud.mn
URL: