“Харлуулахад” учир бий

Ойрын өдрүүдэд Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүнг УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд танилцуулсан нь нийгэмд багагүй дуулиан дэгдээлээ. Үр ашиггүй, хараа хяналтгүй зарцуулсан мөнгөн дүн, Хөгжлийн банкинд байршихаасаа өмнө замаасаа “сох” дутсан мөнгө гээд эрх баригчдаас асуусан ч хариулт өгөх хүнгүй байсаар асуудлын үзүүрийг өөр зүг рүү нисгэж чадлаа, тэд. Өнөөдрийн байдлаар дээрх асуудлын гол үзүүр нь МАН-ын лидерүүд рүү чиглэж байгаа бололтой. Тэр тусмаа МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд руу чиглэж байгаа нь хэвлэл мэдээллээр цацагдаж байгаа мэдээ мэдээллээс тодорхой харагдана. М.Энхболд гэдэг хүний хувьд “Говь” хувьцаат компанийн 10-хан ширхэг хувьцаа эзэмшдгээрээ л буруудаж байгаа юм. Үнэн хэрэгтээ “Говь” хувьцаат компани 17 мянган хувьцаа эзэмшигчтэй, 7.8 сая ширхэг хувьцаатай. 7.8 сая ширхэг хувьцааны 10-хан ширхэг хувьцаа гэхээр М.Энхболд 0.0014 төгрөгийн хөрөнгө оруулсан гэсэн үг. Бодит байдал ийм байхад “Говь” хувьцаат компанийн авсан зээлийг 10-хан ширхэг хувьцаа эзэмшдэг М.Энхболдтой албаар наах сонирхол хэнд байна вэ?Аливаа зүйлийг “харлуулах”-ад учир бий. Тэр тусмаа Монголын улс төрд зүтгэж байгаа хүмүүс нэр цэвэр байх нь тун ч ховор. Улаанбаатар хотын даргаас Ерөнхий сайд болж дэвшихэд М.Энхболдыг сөрөг хүчнийхэн буюу Ардчилсан намынхны зүгээс “харлуулах” технологи ашиглан “газрын наймаачин”-аар нь цоллож эхэлсэн. Хотын дарга байхдаа хэнд газар зараад, хэдэн төгрөг авсан бэ гэдэг баримт нэг ч ширхэг байдаггүй. М.Энхболдыг албаар харлуулах сонирхолтой хүмүүсийн явган мянга давтсан худал яриа яван явсаар түүнийг “газрын наймаачин” болгож хувиргасан юм. Ямар нэгэн зүйл баримт нотолгоотой байдаг. Тэр дундаа сэтгүүл зүйн салбарт ажиллаж байгаа хүнд алхам тутамд баримт нотолгоо шаардагддаг. М.Энхболд гэдэг хувь хүн 10-хан хувьцаа эзэмшдэг “Говь” компанидаа бондын мөнгөнөөс “хүртээх” гээд өнөөдрийн эрх баригчид шиг улаан цагаан гүйсэнгүй. Тийм баримт алга. Өнөөдрийн хотын дарга шиг /хотын даргын хүү шиг/ хэн нэгэнд тендер авч өгчихөөд араас нь нэхэл дагуул болж мөнгө нэхэж байсангүй. Тийм баримт ч бас алга. Харин Ерөнхий сайдаар ажилласан багахан хугацаандаа цалин, тэтгэвэр, тэтгэмжийг 30 хувиар нэмсэн баримт бол бий. Түүнийг Ерөнхий сайдаар ажиллаж байх хугацаанд Монгол Улсын эдийн засаг өнөөдрийнхтэй харьцуулашгүй дор байсан юм шүү. Тэгвэл тэнгэрт тулсан их өр тавьсан өнөөдрийн эрх баригчид цалин тэтгэврийг хэдэн хувиар нэмсэн бэ гэдгийг бодох л асуудал. Өөрийг нь чиглэсэн их галыг гэмгүй хүн рүү түлхчих шиг амархан ажил байхгүй. Тэр тусмаа улс төрд зүтгэж, сөрөг хүчний намыг толгойлж байгаа хүнийг “харлуулна” гэдэг бол бүр ч амархан. 10-хан ширхэг хувьцаагаар “харлуулж” чадаж байна гэдэг мөн ч их чадвар шүү. Гэхдээ л “харлуулахад” учир бий л дээ…

 

С.Буян


URL:

Сэтгэгдэл бичих