Э.Бат-Үүлийн ээлжит тэмцлийн бай нь АН-ын коммунист Х.Баттулга
Нийслэлийн засаг дарга, улсын баатар Э.Бат-Үүл ахин нэг тэмцэлд мордлоо. 1989-1990 оны ардчиллын тэргүүн эгнээнд явсан тэрбээр “Бидний социализм гацсан. Гацааг нь арилгах ёстой” гэдэг байсан гэлцдэг. Тэгвэл сүүлийн хэдэн жил түүний хувьд социализм, коммунизм, дарангуйлал хэмээхийг байнга ярьдаг болоод байгаа.
2000 онд ардчиллынхан ялагдан анд нөхдийнх нь олонхи Америк руу “дүрвэж” байхад тэрбээр сүүлийн 20-оод жил ноцолдож байгаа Н.Энхбаяртай үзээд, трактортой тэмцэл хийгээд байж байсан. Ингэж тэрбээр улстөрийн өрсөлдөгч нам болох МАН-ын гишүүдтэй “ардчиллын” төлөө үзэж тарж, үсэрч наалддаг байсан бол эдүгээ өөрийнхөө АН-ын дотроос, тэр дундаа ойр дотно хамт явсан нөхдийнхөө дотроос коммунистуудыг олж, тэдэнтэй тэмцэх болоод байна.
Нийслэлийн засаг дарга болмогцоо хуучин цагийн шүтээн В.И.Ленин багшийнхаа хөшөөг буулгаснаар түүний тэмцэл эрчимжсэн. Өнгөрсөн жил МУИС-ийн нэг ангийнх нь анд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг Засгийн газартаа хамтарч байсан “Шударга ёс” эвслийн тэргүүн МАХН-ын дарга”хуучин дайсан” Н.Энхбаяртай нь 2024 он хүртэл хамтран ажиллах гэрээ байгуулсныг эсэргүүцэн тэмцэж байлаа.
Тэр үед түүнтэй УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн, МоАХ фракцийн тэргүүн Х.Баттулга нар хамтарч байлаа. Ингэж тэрбээр их сургуулийн ангийн найзаа суудлаас нь унагалцаж, Ерөнхий сайд, АН-ын дарга асан болгож байлаа.
Тэгвэл энэ удаа тэрбээр ноднингийн тэмцэлд нь хамтарч байсан, “Нэг үндэстэн-нэг цэрэг“ хөтөлбөрийг санаачлагч Х.Баттулгын коммунист болохыг мэджээ.
Тэрбээр энэ тухайд “Цэрэгт түшиглэсэн бизнес хийвэл бусад бүх бизнесийг сүйдлэнэ гэсэн үг. Ийм аюултай зүйл яриад байна. Ийм бизнесийг хүн төрөлхтний түүхэнд дарангуйлагч нар л хийж байсан. Цэргийн социализм байгуулж буй оронд байна. Х.Баттулгыг Сталин, Гитлерийн сүнсийг босгож ирнэ гэж би яаж мэдэх юм бэ. Ийм коммунист, цэргийн коммунист байна гэж би яаж мэдэх юм бэ” хэмээн байр сууриа илэрхийлэв. Мөн тэрээр цэрэг гэж ярихын оронд цалинг нь өгөөд залуусаараа ажил хийлгэхийг зөвлөсөн.
Ирэх 2016 оны төсөвт 24 тэрбумыг суулгуулж амжсан Х.Баттулгын санаачилсан хөтөлбөр ийнхүү томоохон эсэргүүцэлтэй тулаад байна. Х.Баттулгын санаачилгыг сөрөг хүчин МАН-ынхнаас эхлээд эсэргүүцэгчид олон. Тэгвэл энэ удаа АН дотроос нь томоохон фракц болоод буй хотынхон ийнхүү эсэргүүцэх нь.
Э.Бат-Үүл нар нийслэлийг удирдах болсноосоо хойш Засгийн газартайгаа үздэг, том толгой гаргадаг болсон. Засгийн газрын, Ерөнхий сайдын шийдвэрийг дагахгүй байх нь тогтмол үзэгдэл болсон. Тиймээс нийслэл хотыг тусгаар улс болгох гээд байна гэсэн шүүмжлэл байнга гарсаар буй.
Э.Бат-Үүлийн хувьд АН-ын өөрөөсөө бусад лидерүүдтэй үзэлцэх нь олон. Тухайлбал УИХ-ын гишүүн, сайд С.Эрдэнэ тэр хоёр эртнээс хоорондоо үзэлцэж буй. Мөн тэрбээр УИХ-ын гишүүн “Фортуна” хэмээх Н.Батбаяртай ч яс үзэлцдэг.
Дээр нь “Алтангадас”-ын Н.Алтанхуяг андтайгаа тангараг тонгорог болсон жил гаруйн өмнөх явдал. Ийнхүү Э.Бат-Үүл АН дотроосоо ахин нэг “дайсан” илрүүлж, тэмцлийн замд шуударлаа. Энэ ч том зодоон болох байх даа.
Г.Самбаа
Эх сурвалж: Gereg.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Хичнээн хулгайч луйварчинч гэсэн Бат-үүл үнэн ярьж байна. Өчнөөн мянган ажилгүй залуус монголоор дүүрэн байхад заавал цэрэг арми дайчилж бужигнуулах ямар хэрэгтэй юм. Ажилгүй залуусаа мэргэшүүлээд хийснийх нь хэрээр цалинг нь хангалттай өгвөл ажил хийх хүсэлтэй хүмүүс зөндөө л байгаа. Орлогтой хүмүүс ихсбэл эдийн засаг тэлнэ гэдэг зөв шүү.