В.Путин СУ-24 онгоцыг унагасан шалтгааныг нэрлэв

12-2-1_700x700Оросын Су-24 байлдааны онгоцыг буудаж унагах шийдвэр “Исламын улс” бүлгийн босогчдын хяналтад байдаг газар нутгаас зөөдөг контрбандын нефтийн замыг аюулгүй болгох Туркийн санаархалтай холбоотой хэмээн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хэллээ. Тэрээр Парист цаг агаарын өөрчлөлтийн асуудлаарх хуралд оролцох үеэрээ ийнхүү мэдэгдсэн юм.

“Энэ талаарх нэмэлт нотолгоо манайд байгаа. Харамсалтай нь “Исламын улс” болон бусад террорист бүлэглэлийн хяналтад буй нутгаас олборлож буй нефть их хэмжээгээр Туркийн газар нутаг руу орж ирж байна” хэмээн Кремлийн тэргүүн онцоллоо. Турк улс “Исламын улс” хэт даврагч бүлгээс нефть худалдан авч байна хэмээн Москва хэд хоногийн өмнө мэдэгдэхэд Анкара няцааж байсан юм.

Су-24 онгоцыг устгах шийдвэр нь том алдаа болсон, гэхдээ Туркийн эрх барих бүтцээс хэн энэ тушаалыг өгсөн нь чухал биш хэмээн В.Путин үзэж байна. “Миний хоёр талын бүх уулзалт дээр Оросын онгоцыг буудаж унагасан тухай сэдэв хөндөгдсөн. Бусад орны Ерөнхийлөгч нар бүгд анхааралтай сонсож байсан. Хамгаалалтгүй, Туркт заналхийлээгүй Оросын байлдааны онгоцонд цохилт өгөх ямар ч шаардлагагүй байсныг ихэнх нь хүлээн зөвшөөрч байна. Энэ гэмт үйлдлийн улмаас манай хоёр цэргийн албан хаагч амиа алдлаа” хэмээн Оросын лидер хэллээ. Тэрээр Парисын уулзалтад хүрэлцэн ирсэн Туркийн Ерөнхийлөгч Режеп Таип Эрдогантай уулзаагүй гэдгээ дуулгав. Кремлийн эзэн өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр Туркийн эсрэг хориг арга хэмжээ авах тушаалд гарын үсэг зурсан билээ. Үүний дараа Эрдоган

Су-24 онгоцыг унагасан хэрэг явдалд харамсаж буйгаа илэрхийлсэн байна. Хэд хоногийн өмнө Туркийн Ерөнхийлөгч В.Путинтэй утсаар ярих гэж оролдоод чадаагүй юм.

Оросын нисэх хүчний Су-24 онгоц арваннэгдүгээр сарын 24-нд Туркийн агаарын хүчний дайралтад өртөж сүйрчээ. Хоёр нисгэгч хоёулаа аюулгүйн шүхрээ ашиглан онгоцноосоо шидэгдэж чадсан ч нэгийг нь газраас буудаж хөнөөсөн аж. Амьд үлдсэн нисгэгч Оросын агаарын хүчний баазад эсэн мэнд хүргэгджээ. Су-24 Туркийн агаарын хилийг зөрчсөн, анхааруулга өгөөд байхад хайхраагүй хэмээн Анкара баталж байна. Гэвч Туркийн тал ямар ч сануулга өгөөгүй, пуужин эсэргүүцэх системийг ажиллуулах ч сэхээ авахуулалгүй гэнэт араас гал нээсэн хэмээн амьд үлдсэн орос нисгэгч ярьсан билээ. Байл-дааны онгоцыг Сирийн агаарт явж байхад буудаж унагасан хэмээн Москва мэдэгдэж байна. Шүхрээр бууж байгаад босогчдын суманд өртөн амиа алдсан нисгэгчид Ерөнхийлөгч В.Путины зарлигаар ОХУ-ын баатар цол нэхэн олгожээ.

Туркийн Ерөнхийлөгч Эрдоган хариу мэдэгдэл хийсэн байна. “Бид террористуудаас нефть худалдаж авч нэр хүндээ сэвтүүлэх хүмүүс биш ээ. Бид үнэхээр ингэсэн юм бол би албан тушаалаа орхих болно. Ямар нэг нотолгоо байгаа бол тэрийгээ гаргаад ир, харцгаая” хэмээн Туркийн лидер хэлжээ.

Н.Мөнхжин

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Нэр: Anonymous Огноо: 2 December 2015

ОДОО БОЛИМООР ЮМ АА СЭТГҮҮЛЧИДЭЭ. ЭНЭ МЭДЭЭ ХУУЧРААД 10 ААД ХОНОЧЛОО . БИЧИХ ЮМ ОЛДОХГҮЙ БАЙНА УУ. ХҮНИЙ ОРЧУУЛААД ТАВЬСАН МЭДЭЭГ ЦУГЛУУЛЖ БАЙГААД НЭГТГЭЭД ТАВЬДАГ СЭТГҮҮЛЧИД БАЙХ ЮМ АА. ШИНЭ СОРГОГ МЭДЭЭ ӨӨРСДӨӨ ОЛООД ТАВЬЖ СУРААЧ ЭЭЭ.

Сэтгэгдэл бичих