Хүн тээвэрлэгчид егүүтгэгчид боллоо

“Их наран-Вокзал” чиглэлд зорчиж байсан “Сутайн буянт” ХХК-ийн том оврын автобусын жолооч осол гаргаж, нэг хүний амь нас хохирсон хэрэг өнгөрсөн сарын 28-нд гарсан. Тодруулбал, Уг автобус Сонгинохайрхан дүүргийн XXVI хорооны нутаг дэвсгэрт зорчигч тээвэрлэж явахдаа автобусны буудал мөргөж, цаашлаад айлын хашаа руу орсон байна.

Ослын улмаас нэг хүн нас барж, автобусны буудал дээр зогсч байсан есөн хүн, автобусанд сууж явсан зургаан хүн бэртэж ГССҮТ-д хүргүүлжээ. Энэ талаар манай сурвалжлах баг осол гарсан газарт очиж сурвалжиллаа Тойрог хэлбэрийн зам дээр осол гарсан нь элт байв. Хамгийн хачирхалтай нь тэр ойр орчмын замд ямар ч хурд сааруулагч байсангүй.

Автобус тус дүүргийн XXVI хорооны автобусны буудлыг мөргөөд, цаашлаад Алтан овооны гуравдугаар гудамжны 18 тоотод амьдардаг Ж.Жамъяншаравын хашааг дайрсан гэдгийг хорооны оршин суугчид хэлж байв. Тэдний хэлснийг хашааны цөмөрсөн хэсгийг нөхсөн шинэ банз, хашаанд доторх автобусны буудлын саравч нотолж байсан юм. Биднийг тэнд зогсох зуурт дээрх чиглэлийн автобус хэд хэдэн удаа ирлээ. “Их наран” талаасаа ирж буй автобусанд зам дагуу зогсох хүмүүс гар өргөн сууж байв.

Хаана нь автобусны буудал байгаа нь мэдэгдэхгүй учир зарим нэгнээсээ асууж буй дүр зураг ч харагдлаа. Тухайн хорооны оршин суугчдын зарим нь “Өмнө нь энд /осол гарсан газар/ автобусны буудал байсан юм. Осол гарсан тэр өдрөөс хойш зарим нь тэнд /осол гарсан газраас 100 метрын цаана/ зогсдог болсон. Бид энд зогсч автобус хүлээхээс айж байна” гэв.

Нээрээ л “Их наран” талаас ирж буй автобус булан тойрч гарч ирж байв. Халтиргаа гулгаатай энэ үед хэрэв хурд хэтрүүлбэл замын хажуу руу өнхөрч болзошгүй санагдав. Ж.Жамъяншаравыг өөрт тулгамдсан асуудлаа шийдүүлэхээр Сонгинохайрхан дүүрэгт явж байхад нь бид уулзаж ярилцав.

Ж.Жамъяншарав: Манай хашааг мөргөсөн осол 17 удаа гарч байна

-Осол хэдэн цагийн үед гарсан бэ. Тэр үед та гэртээ байсан уу?

-Би гэртээ байгаагүй. Лүн суманд ажилтай явж байсан. Тэгсэн өнгөрсөн бямба гаригт 13.30 цагийн үед хашааны хойноос автобус мөргөлөө гэж хүүхдүүд надад хэлсэн. Тэр үед гэрт манай хоёр хүүхэд байсан. Тэгээд би машин хөлслөөд гэртээ ирсэн. Үнэхээр аймаар осол болсон байна лээ. Манай хүүхдүүдийн хэлж байгаагаар буудал дээр автобус хүлээгээд зогсч байсан хүмүүсийг хамаад л хашаа руу ороод ирсэн гэсэн. Унасан автобусны доороос хоёр гурван хүн гарч ирсэн гэж ярьсан.

-Ийм осол гарч байгаа нь анх удаагийнх биш гэж сонслоо. Танайх энд хэдэн жил амьдарч байна вэ?

-Манайх 2008 онд хашааг авч байшин барьсан. Тэр үед манай хашааны хойгуур зам тавиагүй байсан юм. Түүнээс хойш хэдэн жилийн дараа зам тавьсан. Зам тавих үед би “Манай хашааны талд огцом тойрог гаргаж болохгүй ээ. Энэ хэсгээр хүмүүс явахад эрсдэлтэй юм биш үү. Тийм болохоор цаад уултай тал руу нь татаж, налуу байдлаар зам тавьсан нь дээр” гэж хэлсэн. Гэтэл албан ёсны зураг төслөө гаргасан учраас өөрчлөх боломжгүй гэсэн.

Засмал зам тавиад арав гаруй хоноод л машин өнхөрч орж ирсэн. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл манай хашааг мөргөөд, дотогшоо орж ирсэн осол 17 удаа гарч байна. Хашаа руу орж ирээгүй, замын хажуу тал руу өнхөрсөн тохиолдол маш олон. Стандартын шаардлага хангахгүй, чанаргүй зам тавьснаас болж автомашины осол гарч, иргэд амь насаараа хохирч байна.

Хашааны араас замын хажуу тал руу өнхөрсөн тохиолдолд эзэн нь машинаа татаж гаргаад, чирээд явдаг. Цагдаагийн байгууллагад ханддаггүй. Бид тайван амьдрах ямар ч боломжгүй боллоо. Байнгын түгшүүртэй байна. Манай унтлага, гал тогооны өрөө байшингийн хойд хэсэгт байрладаг. Ойрдоо хойд өрөөндөө унтаж чадахгүй том өрөөнийхөө мухарт унтаж байна.

-Засмал зам дээр хурд сааруулагч байхгүй харагдсан. Энэ талаараа хариуцдаг газарт нь хандаж үзсэн үү?

-Одоо хурд сааруулагч байхгүй. Би жилийн өмнө хүсэлт гаргаж байж хурд сааруулагч хийлгэсэн. Хуучин элэгдсэн материалаар хоёр хурд сааруулагч хийсэн. Тэр нь таван сар болоод л алга болсон. Тэгээд удаа дараа осол гарч байгаа талаар Дүүргийн Засаг даргад хэд хэдэн удаа өргөдөл өгсөн ч шийдвэрлэсэн зүйл одоогоор байхгүй.

Хамгийн гол нь стандартын шаардлага хангасан чанартай хурд сааруулагч л тавих хэрэгтэй байна. Мөн хашааныхаа ар хэсэгт аваарын шон босгуулах талаар холбогдох хүмүүст нь хүсэлт гаргасан.

-Хашааныхаа цөмөрсөн хэсгийг шинэ банзаар гүйцээсэн байна лээ. Хэнээр хохирлоо барагдуулсан бэ?

-Би 30 мянгаар гурван хүн хөлсөлж, хашаагаа янзлуулсан. Манай хашааг мөргөсөн жолооч нар хохирол барагдуулж байгаагүй. Зарим нэгэнтэй нь тохиролцоод л өнгөрдөг.

Хорооны Засаг дарга Э.Ууганцэцэг: Анхан шатны нэгжүүдийг төсөвтэй болгох нь зүйтэй

-Осол гараад хоёр гуравхан хонож байна. Тиймээс өнөөдрийн байдлаар бүх зүйл тодорхой болоогүй. Хэчнээн хүн бэртсэн, аль хорооны иргэд байсан гэдэг нь тодорхой бус байна. Замын цагдаагийн газрын байцаагчаас албан бичгээр энэ талын мэдээлийг авна. Осол амралтын өдөр гарсан болохоор Хөдөлгөөнт эргүүлийн хоёр чиглэлийн цагдаа ажилласан.

Амь насаа алдсан иргэний хувьд Баянхонгор аймгаас ирсэн 19-20 насны түр оршин суугч гэсэн албан бус мэдээлэл байна. Хороог байгуулаад таван жил болж байна. Манай хорооны оршин суугчийн хашаа байшинг сүйтгэсэн зөрчил удаа дараа гарч байна. Тиймээс энэ асуудлыг шийдүүлэхээр дүүргийн Дэд бүтэц тохижилтын хэлтсийн даргатай уулзаж, хурд сааруулагч ойрын хугацаанд тавиулахаар ярилцаж байна.

Одоогоор дүүрэг ямар ч төсөвгүй байгаа. Гэхдээ дүүргийн Засаг даргын нөөц хөрөнгөөр тавьдаг юм уу, ямар нэгэн байдлаар шийдэх байх. Бид 2013 оны төсвөөр автобусны буудал бариулсан байсан. Тэрийг бас сүйтгэлээ. Хэнийх нь бурууг Цагдаагийн байгууллаг тогтоох байх. Үүний дараа хохирлоо барагдуулах арга хэмжээг авна.

Тухайн замаар өдөрт 450-600 хүнд даацын том оврын машин хайрга дайрга, хог тээвэрлэдэг. Анхан шатны нэгж болох хороог төсөвтэй болгох нь зүйтэй. Хоёр гуравхан мянган хүн амтай сум өөрийн гэсэн төсөвтэй, Тамгын газартай, цагдаагийн хэлтэстэй байдаг. Гэтэл таван мянган хүн амтай хороо өөрийн гэсэн төсөвгүй байж болно гэж үү. Үүнийг шийдвэр гаргах төвшний эрх мэдэлтнүүд бодолцох хэрэгтэй л дээ.

Осол гаргасан “Сутайн буянт” ХХК-ийн 21-73 УНБ улсын дугаартай Daewoo BS -106 маркийн автобус- ны жолооч бэртэл авсан эсэх, түүнд ямар хариуцлага хүлээлгэсэн талаар тус компанийн менежер Н.Мөнхжаргалаас тодруу- лахад “Мэргэшсэн жолооч, манайд таван жил ажиллаж байна. Ослын үеэр ямар нэгэн бэртэл аваагүй. Тэр өдөр ээлжийн жолоочтой явж байсан. Мэргэжлийн байгууллагын дүгнэлт гараагүй учир хариуцлага тооцох талаар ярихгүй” гэв.

Я.Соронзонболд: Энэ онд нийтийн тээврийн ослоор таван хүн амь насаа алдаж, 254 иргэн бэртсэн

Сүүлийн үед нийтийн тээврийн том оврын автобусны жолооч нар осол гар- гаж, иргэдийг амь нас, эрүүл мэндээр нь хохироох тохиолдол их гарах болсон. Мөн тус дүүргийн Хангай захаас зүүн хойш замд “Атибус” компанийн H.Aero Citi -540 маркийн автобус “Тэнүүн огоо” компанийн H.Aero Citi -540 маркийн автобустай мөргөлдсөн осол өчигдөр гарчээ.

Ослын улмаас автобусанд зорчиж явсан дөрвөн хүн бэртэл авчээ. Өдөрт нэг том оврын автобус осол гаргаж, нэг иргэний амь насыг үгүй хийх нь энгийн үзэгдэл болж байх шиг. Биднийг дээрх ослын талаар сурвалжлага бэлтгэж явах үед бас нэгэн осол гарсан байв. Эдгээр ослын талаар Замын цагдаагийн газрын Олон нийттэй харил- цах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Я.Соронзонболдоос тодрууллаа.

-Өнгөрсөн сарын 28- нд “Сутайн буянт” ХХК- ийн автобусны жолооч осол гаргаж, нэг хүн амь насаа алдаж, олон хүн бэртсэн. Ослын талаар мэдээлэл өгнө үү?

-Согтууруулах ундаа хэрэглээгүй, эрүүл байсан. Мөрдөн байцаалт үргэлжилж байгаа учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Хүйтний улирал эхэлсэн энэ өдрүүдэд зам халтиргаатай байгааг автобусны жолооч нар тооцож хурдаа тохируулж явах хэрэгтэй.

-Нийтийн тээврийн жолооч нар осол гаргах нь их болжээ. Өнөөдөр / өчигдөр дахин нэг осол гарч, дахиад нэг хүн амь насаа алдсан байна?

-Өнөөдөр /өчигдөр/ Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Тэнүүн огоо” ХХК- ийн автобусны жолооч Таван шар чиглэлд иргэдэд үйлчилж байх үедээ Хар хорин захын гүүрийн доор явж байсан зорчигчийг толиороо мөргөж амь насыг нь хохироосон хэрэг гарлаа. Тухайн хохирогч гарцгүй газраар явж байгаад амь насаа алдсан. Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар дүрмээ баримталж зорчих хэрэгтэй. Зам тээврийн ослыг бууруулахын тулд гурван зарчмыг дэлхий нийтээрээ баримталж ажилладаг. Хамгаалах бүс заавал зүүх, хурд хэтрүүлэхгүй, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх хэрэгтэй.

-Он гарсаар хэчнээн нийтийн тээврийн автобусны жолооч осол гаргасан бэ?

-Энэ оны эхний арван нэгдүгээр сарын байдлаар нийтийн тээвэртэй холбоотой 405 зам тээврийн ослыг бүртгэсэн байна. Ослын улмаас таван хүн амь насаа алдаж, 254 иргэн гэмтсэн харамсалтай хэрэг гарсан. Нийтийн тээврийн автобусны жолооч нар зөрчил олон гаргадаг.

С.Юмсүрэн


URL:

Сэтгэгдэл бичих