Танайд баялаг, манайд дэвшилтэд технологи байна

tЯпон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Такүо Кидокоро манай улсад хоёр жил долоон cap ажиллаад нутаг буцах гэж байна. Тэрбээр албан томилолтын хугацаагаа өндөрлөж байгаатай холбогдуулан хэвлэлийнхэнтэй уулзлаа.

Монгол-Японы харилцаанд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Ерөнхийлөгч зарлиг гарган “Алтан гадас” одонгоор ноён Элчин сайдыг саяхан шагнасан байна.

-Хоёр орны харилцаанд олон чухал үйл явдал тохиосон маш онцгой үед Та Элчин сайдаар ажиллалаа. Эдгээрээс алийг нь онцолж хэлмээр байна вэ?
-Маш олон зүйл бий. Ялангуяа манай хоёр орны харилцааг маш ойр дотно байгааг мэдрүүлсэн зүйл бол гуравдугаар сарын 11-ний өдөр Япон болсон байгалийн гамшиг байлаа. Улс оронд маань байгалийн гамшиг тохиолдоход Монголын ард түмэн, төр засгаас чин сэтгэлээсээ хандаж, шуурхай тусламж үзүүлсэн.

Тиймээс ч би гуравдугаар сарын 12-ны өдөр буюу гамшиг болсны маргааш Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад бараалхаж, чин сэтгэлийн талархлаа илэрхийлсэн билээ. Энэ үйл явдал хоёр орны харилцааг ойр дотно болж гүнзгийрсний гэрч болж байна гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар ч санал нэгтэй хүлээн зөвшөөрч байв.

Зөвхөн Монголын төр, засаг төдийгүй жирийн ард иргэд, миний огт танихгүй хүмүүс ч чин сэтгэлээсэз хандаж байсан.

Тэр үеэр таксинд сууж явтал таксины жолооч надаас “Та япон хүн үү” гэж асуугаад “Танай улсад аюултай гамшиг болсонд харамсаж байна. Танаас мөнгө авахгүй, өгөх байсан мөнгөө улсдаа хандивлаарай” гэж хэлэхэд маш сайхан санагдсан.

Монголчууд нэг сая долларын мөнгөн тусламж, яаралтай аврах баг явуулж тусалсан. Үүнээс гадна япончуудын хувьд санаанд ороогүй тусламж бол гамшигт нэрвэгдсэн газрын оршин суугчдаас Монгол Улсад урьж авчирсан явдал юм. Дөрвөн удаагийн ээлжээр нийтдээ 32 хүн Монголд ирсэн. Тэд сэтгэл санаа нь маш сайхан болоод өндөр сэтгэгдэлтэй буцсанд баяртай байдаг.

-Та манай улсад олон жил ажилласан байна. Энэ хугацаанд монголчуудыг хэр мэддэг болов?
-Би анх 1973 онд Монголд ирж байлаа. Түүнээс хойш хэд хэдэн удаа томилогдсоноо нийлүүлбэл бараг найман жил болжээ. Тэгэхээр миний хоёр дахь эх орон гэж хэлмээр байна. Миний ажигласнаар монголчууд Орос, Хятад хоёр том хөрштэй учраас аливаа зүйлд маш хурдан шийдвэр гаргадаг.

Япончууд бол доороос нь эхлээд бүх шат дамжлагыг давдаг учраас хугацаа их алддаг. Манай хоёр улс хамтын ажиллагаандаа энэ хоёр ялгаагаа бодолцож байх учиртай. Нэг нь аль болох хурдан шийдэхийг хүсдэг, нөгөө нь илүү бодож, нухацтай байх гээд байдаг. Энэ хоёрыг хослуулж ажиллавал биднээс алсын хараатай, зөв шийдвэр гарна.

-Тавантолгойн тендер дэх Японы байр суурь хаашаа эргэх бол. Та бүхний хүсч байгаа оролцооны 10 хувийг Монголын Засгийн газар зөвшөөрнө гэдэгт Хэр итгэлтэй байгаа вэ? Энэ хэлэлцээг урагшлуулахад Та нэлээд үүрэгтэй оролцсон боловч үр дүнг нь үзэлгүй буцах гэж байна?
-Тавантолгойд хөрөнгө оруулагчдын асуудлыг Монголын Засгийн газар хараахан шийдээгүй байгаа энэ үед нутаг буцаж байгаа минь харамсалтай. Гэхдээ миний байр суурь бол Японы дэвшилтэт технологийг ашиглаад Монгол Улс баялгаа өндөр үнээр гадаадын зах зээлд гаргах ёстой гэдгийг онцолмоор байна.

Түүнээс биш 10 хувь гэдэг тоондоо гол биш. Монголын ашигт малтмал дэлхийд үнэтэй брэнд болно гэдгийг харуулах юмсан гэдэг сэтгэлгээгээр бид хандаж байгаа. Ашигт малтмалыг ашиглахад дэд бүтэц маш шаардлагатай. Монголд одоохондоо дэд бүтэц бүрэн шийдэгдэж чадаагүй байна.

Технологи ч хангалттай алга. Монгол одоо болтол нүүрсийг түүхий хэвээр нь, утаа гаргасан чигээр нь ашиглаж байна. Гэтэл манай улс нүүрс хэрэглэдэг ч тэр нь утаа гаргадаггүй. Бид технологийг бүрэн шийдэж чадсан. Тиймээс Япон Улс оролцооны хувь шаардаж байна гэхээсээ “шилдэг, дэвшилтэт технологио санал болгож байна” гэдэг агуулгыг нь онцолж ойлгоосой гэж хүсч байна.

-Япон бол Монголын хамгийн том хандивлагч улс. Их олон салбарт буцалтгүй тусламж үзүүлсэн. Хэрэгжүүлсэн зээл тусламжуудаа тоймлож дүгнэвэл ямар үр дүн гарах вэ?
-Японы Засгийн газрын буцалтгүй тусламжууд 1990 оноос Монголд хэрэгжиж байгаа. 1997 онд намайг Монголд ирэхэд дунд сургуулиуд ч ачаалал ихтэй, зарим сургууль гурван ээлжээр хичээллэж байсан. Тиймээс Бид Монголд боловсролын салбарт, тэр дундаа дунд сургуулийн байрыг шинээр барих, засварлахад туслах ёстой юм байна гэж тусламжаа эхлүүлсэн.

Бага сургуулиудыг засварлах төсөл 1999 оноос хэрэгжиж байна. Энэ хугацаанд нийт 55 сургуулийг засварлах болон шинээр барьсан байна. Мөн төмөр зам, IV цахилгаан станц, хүнс, хөдөө аж ахуй, боловсрол соёл гээд олон салбарт хамтын ажиллагаатай.

1973 онд анх Японы Элчин сайдын яам “Улаанбаатар” зочид буудлын ганцхан өрөөнд үйл ажиллагаагаа эхэлж байлаа. Тэр үед жилд 1-2 оюутан л суралцахаар Японыг зорьдог байсан бол одоо жилд 1000 гаруй хүүхэд сурахаар явж байна. Энэ тоо тэр үед үнэхээр бүтэшгүй мэт санагдаж байсан байх шүү.

-Цаашид ямар салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлээсэй гэж Та хүсч байна?
-Өнгөрсөн 11-р сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан ёсны айлчлал болох үеэр Ерөнхийлөгч хоёр орон стратегийн түншлэлийн харилцаатай болсныг мэдэгдсэн. Стратегийн түншлэл бий болсноор харилцан ашигтай санал солилцох, хамтарч ажиллах боломжтой болж байгаа.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Японы парламентад үг хэлэхдээ “Нэгдүгээрт, Монгол Улс ардчилсан нийгэмд орсон 20 жилийн хугацаанд Япон улсын тусламж байсан учраас ардчиллыг амжилттай байгуулж чадсан гэж талархал илэрхийлсэн. Мөн Монгол бол гайхамшигтай ашигт малтмал, газрын баялагтай.

Харин Японд дэлхийн шилдэг технологи байна. Энэ баялгийг ашиглахад дэлхийн дэвшилтэт технологийг ашиглах ёстой. Байгалийн баялгийг байгаль орчинд хоргүй байдлаар олборлох, ашиглах технологи дэлхийд ганцхан Японд байна. Тиймээс Монголын баялгийг Японы дэвшилтэд технологитой хамтатгая, сэрцгээ” гэсэн.

Энэ бол Монгол Улс Японыг нэгэн түншээ хэмээн итгэж хэлсэн хэрэг гэж бид ойлгож байгаа. Монгол Улс бол хөгжиж буй орон. Ашигт малтмалын энэ агуу баялагтай улс орны хуньд аль болох Монголд ашигтай байх ёстой гэж үздэг. Тэр утгаараа Монгол түүхий нүүрсээ гаргах биш, дэвшилтэт технологи ашиглан боловсруулж өндөр үнэ хүргэх ёстой.

Тэгж байж Монголын брэндийг бий болгоно.

-Цөмийн хаягдлыг Монголд булшлах тухай асуудал хэсэг дуулиан болоод намжлаа. Энэ тал дээр Элчин сайд ямар тайлбар хэлэх вэ?
-Хоёр улсын хооронд албан ёсны гэрээ хэлэлцээр хийгдээгүйг хэлэх хэрэгтэй. Хэвлэлээр гарсан мэдээлэлд миний бие ямар нэг тайлбар өгөх боломжгүй.

-Элчин сайдын алба гэдэг залгамж халаатай байдаг. Та халаагаа авах хүнд аль салбарт илүү анхаарал хандуулахыг захих вэ? Мөн нутагтаа очоод юу хийх вэ?
-Ашигт малтмалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд, ялангуяа Тавантолгойн хэлэлцээрийг амжилттай дуусгахад анхаараарай гэж захина. Мөн боловсролын салбарт, техник технологийн салбарт харилцаа улам гүнзгийрэх байх.

Жишээ нь уул уурхайн чиглэлээр оюутнууд сургах, мэргэжилтнүүд солилцох харилцаа өргөжиж байна. Технологийн дэвшил гэдэг хурдан байдаг ч тэр технологийг бүрэн дүүрэн эзэмшихэд 20-30 жил шаардагддаг. Мөн ирэх жил хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой тохиож байгаа.

Тиймээс хоёр улсын харилцааг цаашид улам гүнзгийрүүлэх тал дээр санаачилгатай ажиллах байх. Миний хувьд маш их ажилласан болохоор нутагтаа очоод эхлээд хагас жил орчим амрах байх. Японы төрийн албан хаагч хувийн салбарынхантай бараг холбоогүй учраас хувийн салбарт ажиллахгүй, аль нэг их сургуульд багшлах юм уу зөвлөхөөр ажиллах байх даа.

Э. Адъяасүрэн
Эх сурвалж: “Монцамэ”


URL:

Сэтгэгдэл бичих