Шадар сайд Ц.Оюунбаатар Өмнөговь, Дундговь аймагт ажиллажээ
Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар, Эрүүл Мэнд, Спортын сайдын үүрэг гүйцэтгэгчийнхээ хувиар хийж буй анхны албан томилолтоороо Өмнөговь, Дундговь аймагт ажиллаад иржээ. Томилолтын үеэр Шадар сайд эмнэлгийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, хүндрэл бэрхшээл, санал хүсэлтийг сонсч, иргэдтэй уулзан зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэн холбогдох хүмүүст үүрэг даалгавар өгсөн байна.
Мөн амьдралын баталгаажих түвшнээс доогуур орлоготой зарим иргэдийн хүүхдүүдэд дүрэмт хувцас гардуулан өглөө. Түүнчлэн “Өмнөговь аймгийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх нь” сэдэвт стратегийн уулзалтад оролцож, зүрхний цахилгаан бичлэгийн аппарат, хүчил төрөгчийн өтгөрүүлэгч, өвчтөний монитор зэрэг шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг холбогдох албаны хүмүүст гардуулсан аж.
Мөн Өмнөговь аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төв болон зарим сумын Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаанд зориулан “Nissan” маркийн цоо шинэ суудлын автомашиныг Шадар сайд Ц.Оюунбаатар энэ үеэр хүлээлгэн өгчээ. ЭМСЯ-наас өгч буй эмнэлгийн зориулалттай уг автомашин нутгийн иргэдийг ихээхэн баярлуулсан юм. Учир нь зарим сумын эмнэлгийн ажилтнууд хувийнхаа автомашинаар дуудлагандаа явдаг байсан ажээ.
Д.ЖАРГАЛ
URL: