“Нэг ангийн хүүхдүүд нам байгуулах боломжийг олгож байна”
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Улс төрийн намын тухай хуулийн төслөөр өнөөдөр хэлэлцүүлэг өрнүүлсэн. Харин улс төрийн намууд тус хуулийн төслийг хүлээн зөвшөөрөх ямар ч боломжгүй, улс төрийн намыг тодорхой бодлоготойгоор татан буулгах, бусниулах зорилго бүхий хуулийн төсөл гэж үзэж байгаагаа илэрхийлэн мэдээлэл хийлээ. Тус хэвлэлийн хуралд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, МАХН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Шаравдорж, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын дарга Ш.Төмөрсүх, Монголын ногоон намын дарга О.Бум-Ялагч, Социал демократ намын дарга А.Ганбаатар зэрэг намын дарга нар оролцсон юм.
МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат: Нэг ангийн хүүхдүүд нэгдээд нам байгуулах бололцоог нээж өгч байна
“Улс төрийн нам байгуулахад 800 хүний босго тавьсан байдаг. Ийм хуулийн төслийг 31 хүнийг оруулж хийж байгаа. Нэг ангийнхан нам байгуулья гээд нам байгуулчихаж болох хэмжээний байна. Дээд шүүхэд бүртгэлтэй 24 нам Монгол Улсад ихдэж байна гэж ярьж байна. 200-800 нам байгуулах нөхцөл бололцоотой төслийг оруулж ирж байна. Улс төрийн намтай хариуцлага тооцох асуудал дээр улс төрийн намын гишүүнийх нь ёс суртахууны асуудлаар татан буулга гэж байна. Захиргааны хэргийн гурван удаагийн шийтгэл оногдсон бол тэр намыг татан буулгана гэж байна. Санхүүгийн тайлангаа гурван удаа буруу гаргавал татан буулгана гэх мэт ийм зүйлүүд байна. Үндсэн хуулийн заалтуудтай нэлээд зөрчилдөж байна. Тухайлбал, 16 настай Монгол Улсын иргэн намын гишүүн байж болно гэж орж ирж байна. Гэтэл 18 нас хүрсэн хүн Сонгуульд санал өгөх эрхтэй байдаг. 16 настай намын гишүүн намынхаа ажилд оролцоод дараа нь бусад хуулиараа насанд хүрээгүй хүүхдийг сонгуульд ажлуулсан гэх вйи. Энэ асуудлаар улс төрийн намууд байр сууриа илэрхийлж энэ хуулийг төслийг дэмжих боломжгүй гэж үзлээ” гэж ярьсан юм.
МАХН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Шаравдорж: Ерөнхийлөгч хуулийн төслөө татан авах хэрэгтэй
-Монгол Улсын улс төрийн намын тухай хуульд зайлшгүй нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага байгаа. Тиймээс Ерөнхийлөгчийн зүгээс энэхүү шинэчилсэн найруулгын төслийг оруулж ирж байгаа гэж их зүйлийг хүлээж байсан. Харамсалтай нь бидний санасан хүлээсэн бүхэн орвонгоороо эргэлээ. Манай Монгол Улсын Ерөнхийлөгч болоод тамгын газар хууль санаачлах гэж байгаа хүмүүс юу бодож байгааг үнэхээр ойлгохгүй байна. Өнөөдөр иргэний ардчилсан нийггэм байгуулна гэж бүгд ярьж байгаа ч энэхүү хуулийн төслөөр бол Үндсэн хуулийн концевци буюу олон заалтыг зөрчсөн, иргэдийн эвлэлдэн нэгдэх эрх эрх чөлөөг зөрчсөн заалтыг боловсруулан оруулж ирж байгаа нь эргэлзээ төрүүлж байна. Ерөнхийлөгчийн өргөн барьсан төслөөр улс төрийн намын асуудал бүрийг хуульчлан, үйл ажиллагааг нь төрийн хяналтанд бүрэн оруулахаар хуулийн төсөл боловсруулсан байна лээ. Аливаа намыг улс төрийн хүчний шууд хамааралтай болгохоор заасан байна. Монгол Улс тодорхой улс төрийн дарангуйлалд оруулах чиглэл бүхий хуулийн төсөл боловсруулагдаж байгаа юм бишүү гэх эргэлзээ, сэжиг төрж байна. Бүхий л асуудлыг Сонгуулийн ерөнхий хороонд төвлөрүүлэхээр заасан нь үнэхээр аймшигтай үйлдэл. Улс төрийн намыг Улсын дээд шүүх бүртгэж, үйл ажиллагаанд нь хяналт тавиад явж байгаа нь олон улсын жишиг юм. Гэтэл өнөөдөр шүүхэд бус Сонгуулийн ерөнхий хороо намыг бүртгэж, гишүүнчлэлийг шийдэж, тайланг нь авдаг байхаар тусгаж өгсөн явдлыг хүлээн зөвшөөрөхгүй. Гишүүдийн ёс зүйтэй холбоотой улс төрийн намыг тараана гэдэг бол бүтэхгүй шийдвэр юм. Өнөөдөр нууц биш шүү дээ. Тодорхой улс төрийн нам, удирдагч, гишүүдийг мөрдөн мөшгөж, гүжирдэж байгаа нь нууц биш. Харин энэхүү заалтаар яаж ийж байгаад гурван удаа захиргааны арга хэмжээ аваад улс төрийн намыг тараах чиглэл барьж эхлэх нь бүтэхгүй зүйл гэдгийг онцолмоор байна. Улс төрийн намыг татан буулгахын тулд энэхүү хуулийн төслийг оруулж ирж байна гэдгийг илэрхийллээ.
Мөн улс төрийн намуудын генсекүүд Монгол Улсын эв нэгдлийг хангах үүрэг хүлээсэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ийм хуулийн төсөл оруулж ирж байгаад туйлын харамсч байна гэж үзэж байгаа аж.
Д.ЖАРГАЛ
URL: