Б.Энхбат: ЭРХИЙ ХУРУУ (сургамжит шүлэг)
Чихэр биш жидангаад хэзээ чи дурлав
Чинэх бие,сэтгэлийн чилүүр минь
Тиймээ би архийг их уусаан
Тиймээ би та нарыг их зовоосон
Тийм ээ тэр өвчин надад л туссан
Агдир ном уншуулсан ч
Архинаас гараагүй надад
Арван хар нүглийн
………………. шид хэдийд нь ирээ вэ?
Сүмэн буурал ижийнхээ
Сүүг нь ээдтэл уусан
Ураг сүлдэн соёмбот архийг
Уруу харуулан задарч уусаан
Солгой зүггүй ааштай дэвэрч
Согтуугийн хоолойгоор л нэг орилсон
Тэнгэр тийрч газар дэвсэлсэн
Тэрсийн амьтан байсаан би
Үнэ цэнэтэй амьдралаа
Үрэн таран хийж
Үхээд өг чи гэдгийг
…………..эрүүлдээ анх сонсохдоо
Үхээрийн үнэр надаас ханхлаж
Үхлийн хилд очсоноо мэдэрсээн
Уруул давдаггүй тэр муу үг
Урдаас хана мэт босох
……………….ямархан хатуу байв аа?
Тэнэг үйлийнхээ үрийг эдлэж
Тэнд энд гишгэсээр л явсан хорвоод
Хөлчүү намайг дуудаж
Хөрстөөс явахын өмнө аав минь
Хэлэх тэнхээгээ шавхан байж
Хүүгээ харцаараа энхрийлэн байж
Гарынхаа эрхий хурууг гозойлгож
Ганц ч үг хэлэлгүй
………..дотнохон инээмсэглэсээр
Гал амьсгалаа хураасансан.
Тэнгэр ниргэсэн тэр өдрөөс хойш
Тэнэгхэн хүү нь хичээж яваа ааваа
Эр сүлдэн хийморио босоо дээдлэхийг
Эрхийгээрээ ухааруулсан эцэг минь ээ…
Тиймээ би, таныгаа дандаа
……………… мөнх юм шиг санасаан
Усан шүүст амьтан анагаах хэмтэй
Удаж удсаар л цэцэглэх зуун наст таныхаа
Сүнсийг нь тайван амраая
Сүлдтэй соёмбыг босоо
……………….. чигээр нь л үлдээе
Савандаа чөтгөртэй тэр ундаанаас
Салж чадсаар хүү нь арван жил боллоо
Таныг минь оршоосон ээвэр газарт
Талын цагаан цэцэг дэлгэрчээ
Эр хүн шүү гээд надад та
Энгэр дээрээ ургасан
……хонин нүдэн цэцгээрээ дохилоо
Хүү нь ойлгосон ааваа
Хэлээрээ хэлээгүй ч сайн ойлгосон
…………………
Эгэл үгүйн дохио хэл
Эцгийн минь эцсийн хэл
Эрхий хуруу нь сайн сайхныг хүсэхдээ
Энэ биенд үүрд тодоос тод үлдэж дээ…
Хүү нь сайн яваа ааваа…
Балбарын Энхбат 2015.11.30
Жидангаа нь эсгэлэн гашуун амтат жимс
Агдир нь арав түмэн дүнчүүр
URL: