Д.Зоригтыг зорих авлигын сүлжээ цэцэглэх нь

Урт нэртэй хуулийг хэрэгжүүлэх үүрэг авсан Эрдэс баялаг эрчим хүчний сайд Д.Зоригт шороон алтны 254 компанийн лиценз цуцлах шийдвэр гаргав. Харамсалтай нь тавьсан сум байгаа олсонгүй. Тэнэсэн сум хайрга болон нүүрс олборлогчдыг гэмтээв. 254 лицензийн 31 нь “Шарын гол”, Хөшөөтийн уурхай зэрэг нүүрс олборлогч компанийнх байх жишээтэй.

Шарын гол л гэхэд Эрдэнэт, Дархан-Уулын дулааны цахилгаан станцыг хооллодог. Тэгэхээр сайдын буянаар өвлийг өнтэй давахад багагүй бэрхшээл учрах нь. Түүгээр ч үл барам эл шийдвэр орос ах нарын эгдүүцлийг ч хүргэв. Учир нь цавчуулсан лицензийн 33 нь ОХУ-ын хөрөнгө оруулалттай аж. Тэр дунд Монголросцветментийн зургаан лиценз ч цохиж явна. Мөн “Алтан Дорнод Монгол” ч тойргийн гадна үлдсэнгүй.

Гэхдээ хэргийн учир үүндээ биш бололтой. Өөрөөр хэлбэл, Д.Зоригтын тавьсан сум байгаа олсон эсэх нь түүнд ямар ч падлийгүй. Гагцхүү дэгээнд нь өлгөгдсөн байх нь чухал. Иймдээ ч тэрбээр 1700 гаруй лиценз цуцалж дахин сюрприз барих юм гэнэ. Үүнийгээ төрийн нууц хэмээн нууцлах аядаад байгаа. Энэ түүнд улам их нэр хүнд, мөн асар их баялгийн үүдийг нээх биз. Эхний 254 лицензийг цуцалсанаар тэрбээр ёстой л од болж байна. Улмаар түүнийг тойрон авлигын сүлжээ цэцэглэж эхэлсэн сурагтай.

Энэ нь түүнд сонгуулийн салхи сэвэлзэж эхэлсэн энэ үед 2012 онд хэрэглэх хөрөнгөө базаагаад авах алтан боломж л гэсэн үг. Туулын мөсийг долоочих шахам нойр хоолгүй, өдөр шөнөгүй ажиллаж босгосон хөлс хөдөлмөрөө уул уурхайн салбарыг гадарлах ч үгүй “нусгай” сайдаар цавчуулчихна гэж хэн санах билээ.

Гэсэн ч энэ цаг үед түүний нустай, нусгүйгээс үл хамааран гадна, дотны компаниас зээл аваад шороонд булчихсан бизнесменүүд памперстай сайдыг эргүүлдэж эхэлжээ. Бизнесээ аврахын хажуугаар компанийн асар их зээлийн өрийн хуудас тэдний ард буй. Энэ бүхнийг авч үлдэх ганц гарц бол эрх мэдлийг гартаа атгасан салбарын сайдыг тойглож гүйх. Гэхдээ түүнтэй ах дүү, амраг садан биш болохоор ингэж гүйгээд төдийлөн нэмэр болохгүй. Үнэндээ түүнийг ганц мөнгө л хөдөлгөнө. Үүнийгээ мэдэрсэн Д.Зоригт ч сүүлийн үед хамраа сөхсөн дуулдана.

Уул уурхайн салбарт бизнес эрхэлнэ гэдэг хэр баргийн аавын хүү зориглох алхам биш. Тэрбумаар нь хөрөнгө цацчихаад олигтой нөөц байхгүй бол зүгээр л уучлаарай болдог хатуухан дүрэмтэй. Иймээс хөрөнгө оруулагчид ч тэр бүр олдоод байдаггүй ширүүхэн салбар. Хариуцсан салбарт тань бизнес эрхлэгчид банкны бланст “найдваргүй зээлдэгч” хэмээн бүртгэгдэх болж буйг ухаарч байна уу, сайд аа. Дээрх аж ахуйн нэгжүүд улсын төсөвт 400 гаруй тэрбум төгрөгийн орлого оруулдаг гэж байгаа. Мөн олон мянган иргэнийг ажлын байраар хангадаг.

Ийм хариуцлагатай салбарыг Д.Зоригт сайд элгэндээ тэвэрч яваагаа хэзээ ойлгох бол доо, хөөрхий. Хэд хэдэн хэл мэддэгээрээ гайхуулдаг сайд гадны сайтыг уншсан л байлгүй. “Финанс ньюс” сонины тоймч Бен Дамметт “Монгол Улсын эрдэс баялаг, эрчим хүчний сайд ноён Д.Зоригт алтны уурхайн 254 лицензийг хураажээ. Сайдын үзэж буйгаар ирэх оны эхний хагас гэхэд 1782 лицензийг хураан авсан байх ёстой аж. Хураасан явдал нь хуульд заагдсаны дагуу явагдсан гэж сайд тэмдэглэсэн байна. Энэ шийдвэр Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж буй гадаадын компаниудыг шахах бодлого байж болох юм.

Яг ийм хувилбараар Өмнөд Америкийн улсууд замнаж байгаа. Монгол Улсын хувьд үйл ажиллагаагаа явуулж буй 4000 гаруй алтны уурхай бий. Тэдгээрийн дийлэнх нь гадаадын хөрөнгө оруулалттай. Торонтогийн бирж дээр үйл ажиллагаа явуулдаг “Жалилео Глобал Экити Эдвисорс” компанийн менежер Майкл Уоринг “Монгол Улсын Засгийн газар олгосон лицензээ эргүүлэн татаж байгаа нь хамтран ажилладаг компаниудад хүнд цохилт болж байна. Энэ бол Засгийн газар уул уурхай руугаа бүдүүлгээр дайрч байгаа үйлдэл” гэжээ.

Мөн Монгол Улс бол газрын баялгаараа дэлхийд дээгүүр байрт өрсөлддөг. Тэд БНХАУ-ын эдийн засгаас ихээхэн хамааралтай. Нэг үгээр хэлбэл, сонирхолтой уул уурхайн бодлоготой гэсэн үг. Ноён Д.Зоригт цаашид энэ бодлогоо үргэлжлүүлсээр байвал дэлхийн зах зээл дээр Монголын гэсэн тодотголтой хувьцаанууд уналтад орж болох юм. Түүний баасан гаригт хийсэн мэдэгдлээс болж Торонтогийн бирж дээрх холбогдох хувьцааны ханш илт уналаа. Тухайлбал Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулдаг “Центерра Гоулд”-ын хувьцаа долоон хувиар буурчээ.

Энэ нь 16.17 ам.доллар болсон юм. “Центерра Гоулд”-ын удирдлагын төвийн мэдээллээр Монгол Улс уул уурхайдаа хувьсгал хийснээр дэлхийн зах зээлдэх алтны ханшид нөлөөлөх аж. Ноён Д.Зоригт ийм алхам хийснээр илүү их боломжоос Монгол Улсыг холдуулж байна гэх ойлголтыг төрүүллээ” гэсэн байх юм. Улмаар манай улсыг хаалттай бодлого явуулж эхэлсэн талаар гадны сайтууд дээр мэдээлжээ. Ингэснээр Монголын уул уурхайг сонирхох гадны компаниуд үгүй болж, алт худалдан авахаа зогсоох нь гэх байдлаар мэдээлсэн нь манаид хэрхэн нөлөөлөх талаар эрх баригчид нэгийг тунгааж буй биз.

Мөн салбарын сайд нь ийн мэдэгдэл хийж байгаа нь Монгол Улс Хятадад алтаа худалдах гэсэн бодлого баримталж байгаагийн илрэл болов уу гэсэн хардлага төрж байгаа талаар ч дурьджээ. Үнэндээ эл алхмыг хөрөнгө оруулагч тэр бүр олдоод байдаггүй уул уурхайгаас бусдыг үргээх сайхан төлөвлөгөө гэж магтан дуулахаас өөр яах вэ. Монголын хөгжлийг уул уурхай тодорхойлно гэдэг.

Тэгвэл үндэсний бизнесменүүдээ заазуурдсан улсад хөрөнгө оруулалт хийх хөлдүү толгойтон олдоно гэж үү. Монголын хөгжлийг Эрдэс баялаг эрчим хүчний сайд Д.Зоригт тодорхойлж буй энэ үед алдагдал ихтэй төсвийнхөө цоорхойг уул уурхайн салбараас орж ирэх урьдчилгаагаар нөхнө хэмээн арьсаа хамгаалах Сангийн сайд мэдэгдлийг галзуу нэгний бархираан гэхээс өөрөөр хэрхэн тайлбарлах вэ. Магадгүй Сангийн сайдын зөв ч байж болох юм. Оросуудын нээнтэг Д.Зоригтыг зорих авлигын сүлжээний тойрог Сангийн сайдад нэмэр болохыг хэн байг гэхэв.

Л.Нинжсэмжид http://www.niigmiintoli.mn/


URL:

Сэтгэгдэл бичих