Ц.Оюунгэрэл: Үндсэн хуулийнхаа үр шимийг дор хаяж 50 жил турших хэрэгтэй

УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэлтэй Үндсэн хуулийн өөрчлөлт болоод цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой олон ээдрээтэй асуудал үүсч болохыг мэргэжлийн судлаач, улстөрчид хэлж байна. Таны хувьд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсвэл оруулахгүй байх ямар бодит үндэслэл байна вэ?

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах бүрэн эрх УИХ-д байгаа. Аль ч парламентад энэ бүрэн эрх байдаг. Парламентын гишүүдийн дөрөвний гурвын дэмжлэг авч байж тухайн парламент Үндсэн хуулиа өөрчилдөг. Миний хувьд Үндсэн хуулийн өөрчлөлтийг өргөн барьсан гишүүдийн нэг биш. Гэхдээ УИХ-аар энэ асуудал ороод ирвэл зүйл заалт болгоныг нь дэмжиж кнопоо дарах гэж яарахгүй.

Учир нь нухацтай бодож үзэх, аажуу хэлэлцэх маш олон асуудлыг хэтэрхий богино хугацаанд хэлэлцээд явах вий гэсэн болгоомжлол байгаа. Давчуу хугацаанд яарч хийсэн үндсэн өөрчлөлт улс орны ирээдүйн 20, 30 жилийн амьдралыг тодорхойлно гэдэг утгаараа надад болгоомжлол төрүүлээд байгаа юм.

Аливаа орны ардчилал төлөвшихийн тулд ардчилсан институцууд төлөвших хэрэгтэй байдаг. Ардчилсан институц гэдэгт мэдээж ИТХ, Засаг дарга, Засгийн газар, УИХ болоод улс төрийн намууд багтаж байдаг. Мөн улс төрийн сонголтод оролцож буй иргэд гээд ардчилсан процесст оролцож байгаа бүх субьектын төлөвшил жигд, хялбархан явагдаж чаддаггүй.

Тодорхой хэмжээний төлөвшил парламент дээр байлаа гэхэд яг түүнтэй адил эрх хэмжээг орон нутагт хэрэгжүүлж байгаа ИТХ дээр тэр төлөвшил нь өөр цаг хугацаанд явагддаг. Парламентыг бүрдүүлж байгаа улс төрийн намуудын төлөвшил нь тус тусдаа өөрийн онцлогоор зохион байгуулагддаг. Энэ бүхнээс үндэслээд үзвэл бид 1992 онд үндэсний зөвшилцлөөр бүтээсэн Үндсэн хуулийнхаа үр шимийг бүрэн үзэж чадаагүй гэж хэлнэ.

-Яагаад?

-Миний яриад байгаа дээрх ардчилсан институцуудын төлөвшил нь бүрэн явагдаж дуусаагүй байна. Төлөвшил бүрэн явагдаж дуустал энэ Үндсэн хуулийн нөөц шавхагдлаа гэж яаран дүгнэж болохгүй гэж хувьдаа үзэж байна. Тиймээс өнөөгийн засаглалд ямар нэг асуудал гарч байгаа бол засаглалыг бий болгож байгаа ардчилсан институцийн төлөвшилд бид илүү анхаарах шаардлагатай. Энэ төлөвшлийг бий болгож байдаг ерөнхий хүрээ нь Үндсэн хууль. Хүрээгээ өөрчлөх гэж яараад хэрэггүй.

Хүрээн дотор байгаа тодорхой институцуудын төлөвшил дээр ойрын 10, 20 жил нэмж ажиллах шаардлагатай. Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх шаардлагатай эсэхийг цаг хугацаа л харуулна гэж би өмнө нь Үндсэн хуулийн өөрчлөлтийг санаачилсан гишүүдэд хэлж байсан.

Бид Үндсэн хуулийнхаа үр шимийг дор хаяж 50 жил туршиж байж, сууриар нь өөрчлөх асуудлыг ярих хэрэгтэй. Одоогийн өргөн барьсан хувилбарт нэлээд том суурийн чулууг хөдөлгөх хэмжээний өөрчлөлтүүдийг тусгасан байсан. Бид тэр суурийн чулууг хөдөлгөх эсэхээ удаан бодож байж шийдэх ёстой. Үндсэн хууль хэрэгжээд 25 жил болж байна. 25 жил гэдэг олон намын тогтолцооны байтугай ганц намын төлөвшилд хангалттай урт хугацаа биш.

Ардчилсан институцуудын бүгдийнх нь төлөвшилд бүр ч хангалттай хугацаа биш гэж үзэж байгаа. Харин суурь чулуу, засаглалын тэнцвэрийг хөндөхгүйгээр жижиг засваруудыг хийж болно гэж бодож байна. Тухайлбал, аймгийн төвөө хот гэж нэрлэх нь боломжтой зүйл. Гэтэл засаглалын тэнцвэрийг хөдөлгөх хэмжээний асуудал яригдвал суурийн чулууг хөдөлгөнө гэсэн үг. Тиймээс тулгын чулууг хамаагүй хөдөлгөхгүй гэсэн байр суурьтай байгаа.

-Тэгэхээр Үндсэн хууль бүрэн чадамжтай хэвээрээ байна гэж үзэж байна уу?

-Асар их чадамжтай байна. Үндсэн хууль бол маш том төрийн институцуудын тэнцвэрийг барьж байгаа тулгуур юм.

-Энэ удаагийн Үндсэн хуулийн өөрчлөлтөөр төрийн гурван өндөрлөг болох Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын эрх хэмжээг өөрчлөх хэд хэдэн заалт орсон байгаа шүү дээ. Үүнтэй холбоотой орж ирж байгаа өөрчлөлтийг дэмжихгүй гэсэн үг үү?

-Засаглалын тэнцвэрийг өөрчлөх буюу Ерөнхийлөгч, Засгийн газрын эрх хэмжээг өөрчлөх заалтууд бий. Хэн хаанаас сонгогддог ерөнхий журмыг өөрчлөх заалтууд нь засаглалын тэнцвэрт нөлөөлнө. Энэ төрлийн заалтуудад маш болгоомжтой хандаж байгаа. Ер нь тэр заалтуудыг би дэмжихгүй гишүүдийн тоонд орох байх.

-Уг нь өнөөдөр нүүрлээд байгаа засаглалын хямралыг Үндсэн хуулийн өөрчлөлтөөр л засах бо­ломжтой гэж яриад байгаа. Нэг талаас бас зөвтгөх шалтгаан мөн юм шиг?

-Болгоомжтой хандах ёстой. Нэг талдаа мэдээж үүсээд байгаа асуудлыг шийднэ. Нөгөө талдаа цоо шинэ асуудлыг гаргаж ирж магадгүй. Бидний мэдэхгүй байгаа тэр цоо шинэ асуудлыг гаргаж ирнэ шүү дээ. Тэгэхээр бид асуудлынхаа хүрээнд засвар хийлээ гэж бодоод ханаа нураагаад өөр хана барьчихдаг. Гэтэл шинэ хананы цаанаас гарч ирэх шинэ асуудлыг бид урьдчилж харж чадахгүй.

Тэр утгаараа би цаг хугацаа гэж яриад байгаа юм. Үндсэн хууль шиг суурь баримт бичгийг цаг хугацаагаар нэрж, сайжруулж, бололцоог нь бүрэн шавхах ёстой. Үүнийг нь шавхах хэмжээний цаг хугацаа өнгөрөөгүй байна гэж үзэж байгаа. Цаг хугацааны шалгуур бол аль ч намаас хамаардаггүй зүйл. Тэгэхээр төрийн институцуудыг болон төрд боловсон хүчнээ нийлүүлж байгаа нам гэдэг институцыг төлөвшүүлэхэд 25 жил хангалттай хугацаа байж чадаагүй.

Ялангуяа, ардчилсан зүг чигээр явж байгаа орнууд Үндсэн хуульдаа эхний 100 жилд нэгээс хоёр удаа л өөрчлөлт хийсэн байдаг юм билээ. Өөрчлөлт хийгээд л асуудлыг өргөс авсан мэт шийднэ гэдэгт итгэхгүй байгаа. Харин ч ямар шинэ асуудал гарч ирэх бол гэсэн түгшүүр надад байна.

-Өөр нэг зүйлийг тодруулж асууя. Сүүлийн үед Хөгжлийн банк, “Чингис” бондын санхүүжилтэд хийсэн шалтгалтын дүнгийн талаар нэлээд асуудал үүсээд байгаа. Энэ нь явсаар УИХ-ын гишүүдийн компаниуд санхүүжилт ихээр авсан болж таарч байх шиг байна. Өчигдөр хуралдсан танай намын бүлэг дээр энэ талаар ярилцав уу?

-УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Ч.Хүрэл­баатар, Б.Чойжилсүрэн нарын зохион байгуулсан хэвлэлийн бага хурал дээр яригдсан мэдээллийн талаар бид Хөгжлийн банкны удирдлага, Сангийн яам, Аудитын газраас бүлгийн хурал дээрээ тодруулга авсан. Яагаад энэ гурван гишүүний нэрийг хэлж байгаа юм гэхээр ажлын хэсгийн дүгнэлтэд ажлын хэсгийн гишүүдийн олонх нь гарын үсэг зураагүй. 10 гишүүнээс гурав нь зурсан.

Тэгэхээр ажлын хэсгийн гишүүдийн олонх нь гарын үсэг зураагүй дүгнэлтийг гурван гишүүн хэвлэлийн бага хурлаар зарласан. Энэ үеэр яригдсан хэд хэдэн зүйлийг бид тодруулсан. Тухайлбал, 5.4 сая ам.доллар дутсан асуудлыг манай бүлгийн гишүүд асуусан. Монголд бонд босгож өгөөд, Монголын дансад шилжүүлж өгөх үйлчилгээг хийснийхээ төлөө тухайн банкинд нь төлбөр төлдөг юм байна.

Энэ төлбөрөө бондоосоо суутгаж эсвэл улсын төсвөөсөө төлчихөөд бондоо бүтнээр нь авч болдог байна. Манай улс бондоо босгуулах үедээ HSBC банкаар үйлчлүүлж. Тухайн банк нь үйлчилгээнийхээ хөлсийг манайхаас урьдчилж авалгүйгээр босгосон бондоосоо суутгаж авсан байна. Монгол Улсын түүхэнд 10 удаа бонд босгосон бай­даг. 2012 оноос хойш бос­го­сон бондуудаас хамгийн бага хүүтэй бонд нь “Чингис” бонд байсан. Хамгийн бага хүүтэй бондын хамгийн бага хувийн суутгалыг тэр банк хийж.

Ингээд 5.4 сая ам.долларыг суутгаж. Үйлчилгээний хөлсөө суутгасан учир манайд орж ирэхдээ дутуу мөнгө Хөгжлийн банкинд орж. Харин суутгаж байгаа мөнгийг нь төлөх ёстой эзэн нь Засгийн газар байсан. Тиймээс Засгийн газар нэмэлт тогтоолоо гаргаад төсвөөсөө Хөгжлийн банкинд нөхөж өгсөн байна.

Өөрөөр хэлбэл, 5.4 сая ам.доллар нь Засгийн газраас Хөгжлийн банк руу орсон. Гэтэл Л.Энх-Амгалан гишүүн хоёр давхар мөнгө явсан гэж яриад байгаа юм. Дутуу гээд байгаа мөнгө нь Хөгжлийн банкинд 2012 оны арванхоёрдугаар сарын 6-нд орж ирсэн. Үүнийгээ арванхоёрдугаар сарын 28 гэхэд гүйцээж өгсөн буюу 31-ний өдөр гэхэд 1.5 тэрбум ам.долларыг бүтнээр нь өгсөн байна.

Ажлын хэсгийн гишүүд арванхоёрдугаар сарын 6-ны гүйлгээг харчихаад мөнгө нь дутуу байна гэсэн дүгнэлтийг яаран хийж байна. Хэрэв ганцхан сарын дараах гүйлгээг нь харсан бол өөр дүн гарах байсан. Тиймээс энэ тоонуудыг улс төрийн зорилгоор гуйвуулж ярьж байгаа.

-Энэ асуудлаас үүдээд АН, МАН-ын гишүүд гээд л нэр зааж, тодотгож яриад байгаа шүү дээ?

-Аль намын хэн зээл авсан бэ гэдэг дээр улс төр хийж байгаа нь харамсалтай. Монголчууд бид бүгд бондоос авсан юм байна. Учир нь Монголд 1000 үйлдвэрийн газрыг мөнгөөр тэтгэж байсан нэг ч зээл өмнө нь байгаагүй. Зөвхөн бага хэмжээний худалдааны зээлийг гаргаж байсан. Харин анх удаа зургаа, долоон жилээр хэмжигдэх урт хугацааны бага хүүтэй зээлийг үйлдвэрүүдэд тэрбум тэрбумаар нь өгсөн буян “Чингис” бондод байсан.

Энэ буянаас хэн, хэн авсан бэ гээд одоо намчирхаад хөөвөл дүнгээрээ МАН илүү гарна. Яагаад гэвэл тэд олон үйлдвэрийн эзэдтэй. Л.Энх-Амгалан гишүүний өөрийнх нь ажиллаж байсан компани гэхэд “Чингис” бондоос хамгийн их зээл авсан компаниудын манлайд явж байгаа. Чиний, миний, чи, би гэвэл их утгагүй юм яригдана.

Ч.Хүрэлбаатар, Б.Чойжил­сүрэн, Л.Энх-Амгалан гишүүн өөрөө яригдах гээд байна. МАН-д сонгуулиар санхүүжилт өгдөг бүх компани сөхөгдөнө. Энэ бондын мөнгөнөөс Ч.Хүрэлбаатар гишүүний сонгогдсон Увс аймгийн гудамж төслийг санхүүжүүлж. Л.Энх-Амгалан гишүүний сонгогдсон Хөвсгөл аймгийн замыг санхүүжүүлсэн байна.

Тэгэхээр миний тойрог дээр хөрөнгө оруулж, миний намын ивээн тэтгэдэг компаниудыг ивээн тэтгэсэн байна гээд ар араасаа алдаа болж гарч ирэх нь л дээ. Ингэж алдаа болгомооргүй байна. Сүүлийн 25 жилд босгож ирээгүй үйлдвэрүүдийг бондоор босгож ирсэн. Үйлдвэрүүд ч тоног төхөөрөмжөө бүрэн шинэчилсэн. Нүдэн дээр харагдаж байгаа хэдэн мянган км замаа ярихаа байя гэхэд үйлдвэрүүдийнхээ хаалгаар ороод үзээч.

-Ажлын хэсгийн хувьд бүрэн бүрэлдэхүүнээрээ Хөгжлийн банкин дээр ажилласан юм болов уу. Энэ талаар танд ямар мэдээлэл байна?

-Л.Энх-Амгалан гишүүн хараат бусаар шалгалт хийе гэж бодсон бол Хөгжлийн банкин дээр бүрэн бүрэлдэхүүнээрээ очоод шалгаж болох байсан. Гэтэл ажлын хэсэг бүрэн бүрэлдэхүүнээрээ очоогүй. Харин МАН-ын ажлын албаны ажилтнуудтай очсон байна. Мөн огт алба­жаагүй, төсөл маягаар хэлэлцэж байсан ноорог цаасыг гаргаж дүгнэлтүүд гаргасан байдаг.

Албажсан аудит, яамны дүгнэлт гэдэг өөр байдаг шүү дээ. Үнэхээр УИХ-ын ажлын хэсэг юм бол УИХ-ын ажлын хэсэг шиг ажилласан байх ёстой гэдэг дүгнэлтийг манай намын бүлэг гаргаж байна. Үндэслэлтэй материал дээр үндэслэж дүг­нэлтээ гаргасан байх ёстой. Дүгнэлтүүд нь дутуу дулимаг, улстөржсөн.

Улс төрийн зорилгоор гүтгэсэн шинжтэй тоонууд ч орж ирсэн гэж үзэж байгаа. Ер нь үйлдвэрүүдээ аль нэг намд хандив өгөхөө боль гэж хэлж байгаа юм биш. Гэхдээ тэр үйлдвэр, энэ үйлдвэр санхүүжилт авсан нь буруу байна гэж нам намаараа талцвал Монголд үйлдвэрлэл хийх хүн олдохгүй болно. Аль болох үйлдвэрлэгч нараа намаар талцуулахгүй байх зорилгоор “Чингис” бондын мөнгийг үзэл бодол хар­гал­захгүй, харамгүй өгсөн. Хөгжлийн банк үүнд ямар нэг шийдвэр гаргаагүй.

Хөгжлийн банкыг тендерийн хууль зөрчсөн мэтээр яриад байгаа. Гэтэл Хөгжлийн банк тендер зарладаг, шалгаруулдаг субьект огт биш. Засгийн газрын гаргаж өгсөн жагсаалтын дагуу санхүүжүүлнэ гээд хуульдаа заасан байгаа. Засгийн газар шийдээд жагсаалтаа гаргаж өгснийх нь дагуу санхүүжилт хийдэг гүйцэтгэх байгууллага шүү дээ.

Д.Гэрэлцэцэг

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих