Иргэн та өөрийгөө эрсдлээс хамгаалж чадна
-ДОХ-ын халдварт 26 хүн хорвоогоос буцжээ-
Өнөөдөр олон улсын ХДХВ/ДОХ-ын эсрэг өдөр тохионо. Бүрэн эмчлэгдэх боломж нь өнөөг хүртэл олдоогүй, төгс эмчлэгдэх тариа, эм эмчилгээ гараагүй байгаа энэ өвчинтэй дэлхий нийтээр тэмцэж байгаа ч тархалт нь буурахгүй, харин ч гэрлийн хурдаар тархаж байгаа гэдгийг эмч мэргэжилтнүүд хэлж буй.
Монголд ДОХ-ын халдвар авсан анхны тохиолдол бүртгэгдээд 20 гаруй жил өнгөрчээ. Энэ оны эхний 11 сарын байдлаар ХДХВ/ДОХ-ын нийт 194 тохиолдол бүртгэгджээ. Тэдний 26 нь нас баржээ. Энэ тоо 200 хүрэхэд зургаахан тоо дутуу байна. Бүртгэгдсэн тохиолдлуудын 98.4 хувь нь бэлгийн замаар ХДХВ-ын халдвар авсан нь тогтоогджээ. Одоогоор цус цусан бүтээгдэхүүн, эмнэлгийн тусламж үйлчилгээ болон эхээс хүүхдэд халдвар дамжсан тохиолдол бүртгэгдээгүй байгаа юм. Харин халдвартай эхээс төрсөн 12 хүүхэд эсэн мэнд, эрүүл саруул бойжиж байгаа эерэг мэдээтэй.
НҮБ-ын хийсэн тооцоолол судалгааны дагуу Монгол Улсын хэмжээнд 2015 оны эцсийн байдлаар ХДХВ-ын халдвартай 860 хүн байх магадлалтай байна. Гэтэл гэрлийн хурдаар тархаж байгаа уг халдварт өвчний талаар монголчуудын хувьд жирийн нэг ойлголт, хэвийн үзэгдэл болсон мэт. Дээрх тоо хэдий цөөхөн мэт санагдах боловч хүн ам багатай манайд бол их тоо, аюулын харангын хэмжээнд хүрсэн гэсэн үг юм шүү.
Хэдэн жилийн өмнө “ДОХ-ын тэд дэхь тохиолдол шинээр бүртгэгдлээ” гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр тасрахгүй гардаг байсан бол сүүлийн нэг хоёр жилд ийм мэдээллийг тоохоо больж, онцолж харж “онилж” бичихээ байжээ. Гэтэл энэ өвчин чимээгүй тахал мэт тархсаар байгаад сүүлдээ дөжирч байгаад үнэхээр эмзэглэмээр. Халдвартай хүмүүсийг насны хувьд ангилаад үзэхэд 17-45 насных. Алиа хонгорхон насандаа аюулт өвчин авч, ач зээгийнхээ зулайг нь үнэрлээд жаргаж суух насандаа халдварт өвчний вирус тээн шаналж суугааг нь харахаар, өвчин гэж хэнийг ч ялгахгүй, хэнд ч тусч болдгийн тод жишээ юмуу даа. Дээрх 194 тоо албан ёсоор бүртгэгдсэн ч нэг хүний цаана хэчнээн халдвартай хүн байх магадлалтай байдгийг нарийвчлан судалсан зүйл байхгүй ч НҮБ-аас 860 хүн халдвартай байх гэсэн судалгааг гаргасан нь бас нэгийг бодож нөгөөг тунгаах хэрэгтэйг сануулсан үзүүлэлт юм. Халдварын голомт байгаа тохиолдолд иргэд өөрсдөө сэрэмжтэй байх хэрэгтэй.
Гурван сая хүн амтай манай улсад дээрх тоо бага тоо биш шүү. Цаашид энэ тоо өснө, халдвартай нэмэгдэнэ. Тиймээс иргэд өөрсдийгээ эрсдлээс хамгаалж чаддаг байх үүрэгтэй. Тухайлбал, сүүлийн гурван жилийн хугацаанд ХӨСҮТ болон “Улаантууз” эмнэлэгт 340-360 мянган иргэн шинжилгээ өгч хамрагджээ. Тэдний дунд эрсдэлтэй бүлэгт тооцогдох хүмүүс цөөнгүй байж. Эрсдэлтэй бүлгийг тодорхойлбол, эрэгтэй хүнтэй бэлгийн харьцаанд ордог эрэгтэй. Мөн биеэ үнэлэгч эмэгтэйчүүд, хар тамхи, мансууруулах төрлийн бодис судсаар тарьж хэрэглэдэг мансуурагчид, бэлгийн замын халдвартай иргэд, хөдөлгөөнтэй залуус эл бүлэгт зүй ёсоор ордог ажээ. Тиймээс ХӨСҮТ-ээс иргэдийг шинжилгээнд хамруулж, эрт илрүүлэх судалгаа ажлыг байнга хийж, хэрэгжүүлсээр байгаа юм. Манайд бүртгэлтэй байгаа иргэдийн 98 хувь нь бэлгийн замаар халдвар авсан байдаг. Өөр шалтгаан нөхцөлөөр халдварын вирус тээсэн хүн огт байдаггүй. Тэгэхээр бэлгийн замбараагүй амьдралтай, өөрөөр хэлбэл “явдалтай” хүмүүс энэ өвчинд өртөх магадлал маш өндөр гэсэн үг.
Өнгөрсөн хугацаанд хоёр ч халдвартай хүнтэй уулзаж илэн далангүй ярилцаж байлаа. Тэд бэлгийн замаар халдвар авснаа хүлээн зөвшөөрсөн. Тухайлбал, 40 шүргэж яваа нэг эртэй уулзаж ярилцсан юм. Тэрбээр “Солонгост олон жил ажиллаж байхдаа гадаадын нэг хүнтэй хамтран амьдарч, хоёр жил болсон. Гэтэл нэг л өдөр тэр бүсгүй уртаас урт захидал үлдээгээд юмаа аваад бүр мөсөн явсан байсан. Миний хувьд ажлаа дуусгаад удалгүй эх орондоо ирж, гэр бүлийнхэнтэйгээ элэг бүтэн сайхан амьдарч эхэлтэл бие минь аажим аажмаар өвдөж эхэлсэн. Юу ч болоогүй байтал халуурдаг, ханиад томуу амархан хүрч, улмаар хүндэрдэг болсон. Эмчилгээ хийсэн ч бие дээрдэхгүй болохоор төрсөн эгч минь дагуулаад ХӨСҮТ-д очиж шинжилгээ өгтөл “эерэг” гэсэн хариу сонсоод үнэндээ л шоконд орсон. Хоёр дахь удаагаа шинжилгээ өгсөн ч хариу нь хэвээрээ. Хүний нутагт би ямар нэгэн мэс засалд ороогүй, цус цусан бүтээгдэхүүн хэрэглээгүй атал халдвар авсан гэж бодохоор тэнгэр хөмрөх шиг санагддаг юм билээ. Тэгээд бэлгийн харилцаанд ордог байсан нэг хамтрагчтай хүн түүнийгээ хардахаас өөрөөр хэнийг гэх билээ. Тэр хүнээс халдвар авсан гэдэгтээ эргэлзээгүй . Хувь заяа надад хэдий хатуурхсан ч үйлийн үр, өвчин зовлонтойгоо эвлэрсэн би үхэн үхтэлээ энэ муухай өвчинтэйгээ тэмцэж, хорвоогийн тоосыг хөдөлгөж явна даа. Намайг үхэхээс өмнө эмчилдэг тариа гарчихна гэж итгэдэг шүү” гэж ярих тэрбээр өөртөө итгэлтэй төдийгүй халдвартай хүмүүсийг уулзуулдаг нэгэн газрыг ажиллуулдаг талаараа ярьсан юм. Түүний дараа мөн л вирустай нэгэн эмэгтэйтэй уулзсан. Өөрт тохиолдсон зовлонгоо хоолой зангируулж, хоёр нүдний нулимсаа арчин байж ярьсан юм. Түүний хувьд хоёр найзын хамт Хятад руу өндөр цалинтай ажил хийх гэж яваад хүний наймааны золиос болж, бусдад худалдагдаж, зодуур, доромжлол ихээр амсч, зүй бусаар харьцаж, дур хүслээ хангадаг гадаад эрсийн гарын дор гурван сар тарчлахдаа ийм муухай аймшигт өвчин авчээ. Тэрээр хүний нутгаас зугтаж эх орондоо ирсэн бөгөөд халдвар тээсэн гэдгээ шинжилгээгээр мэджээ. Эх орондоо ирж хань ижилтэй болж, удалгүй хөл хүнд болсон бүсгүй жирэмсэний хяналтандаа орох гэж нарийн шинжилгээ хийлгэхдээ “Халдвартай” гэдгээ мэдсэн гэдэг. Амьдрах итгэлгүй болсон тэрээр хэд хэдэн удаа амиа хорлох үйлдэл хийсэн ч хэвлийд нь бий болсон алаг үр нь аав, ээждээ ирэхээр тэмүүлж байсан учраас бяцхан үрээ л бодож, эрүүл саруул хүүхэд төрүүлэхийн төлөө хичээжээ. Азаар хүү нь эрүүл төрж, аав ээж хоёр нь байнга шинжилгээ өгч, эмнэлгийн хяналтад орсон талаараа ярьсан юм. Энэ мэт баримтуудаас харахад эрсдэлтэй бэлгийн хавьтал гэдэг ийм аймшигтай зүйл болдгийг жирийн иргэд мэдэж ойлгомоор.
Тэрнээс гадна халдвартай иргэдэд учирдаг том асуудал бол нийгэмдээ гадуурхагдаж, тэд айж ичсэндээ нуувчинд орж бүгдэг. Халдвартай л бол халдана, халдварлана гэсэн ойлголт олны дунд бий. Тэгвэл тийм бишээ, өнөөдөр халдвартай ч гэсэн олныхоо дунд нэр хүндтэй, түмэндээ, төрдөө хэрэгтэй ажил төрөл эрхэлж яваа өчнөөн хүн бий. Тэд санаатай, санамсаргүй тохиолдлоор өвчнөө тараасан зүйл огт байхгүй. Хамгийн гол нь эрүүл иргэдийн эрүүл сэтгэлгээ, сэтгэл зүтгэл хэрэгтэй байгаа юм. Гадуурхагдаж байгаа тэднийг өвчтэй, вирустай гэж дүгнэж харахгүй, хүн гэдэг талаас нь харж, харилцвал тэд баярлана, бас айхгүй, ичихгүй, эмээхгүй, бусдыг жигшихгүй шүү дээ. Гол нь эрүүл сэтгэлгээ, эрч хүч, амьдрах урам зориг, тэсвэр тэвчээ тэдэнд хэрэгтэй байгаа гэдгийг л иргэд ойлгоорой. Магадгүй чиний хайртай гэр бүлд, сайн найз нөхөдөд чинь ийм айхтар зовлон ирэхийг хэн ч тааж мэдэхгүй шүү дээ.
Түүнээс гадна ирээдүй хойч үе болсон хүүхдүүдэдээ эл өвчний талаарх ойлголтыг эртнээс өгч, Ерөнхий боловсролын тогтолцоонд эрүүл мэндийн хичээлийн багш нь бэлгийн замын халдварт өвчний талаар болон хор хохирол нь юу байдаг, ирээдүйд ямар үр дагавар хүлээж байдаг талаар идэвхтэй зааж, оюуны дархлаад нь зөв мэдээлэл өгч, зөв чиг суулгаад өгвөл өөрсдийгээ тэд ирээдүйд үүсэх эрсдэл, цаг бусаар гарах үр дагавараас хамгаалаад явж чадна аа.
Ер нь сургуулийн сурагчид гэлтгүй, жирийн иргэд ч гэр бүлийн үнэнч харилцаа байдлаа эрхэмлэдэг, тохиолдлын бэлгийн хавьталыг тэвчье. Бэлгэвч байнга хэрэглэе, архи дарс, мансууруулах төрлийн бодисоос хол явах юм бол та өөрийгөө хамгаалж чадаж байна гэсэн үг шүү дээ. Хамгийн гол нь зөв мэдээлэл, зөв ойлголт чухал юм. Бид ирээдүй хойч үеийнхээ сэтгэхүйд зөв мэдээлэл, зөв мэдлэг өгсөн цагт тэд өөрсдийгээ эрсдлээс бүрэн хамгаалж, мэдлэгээ хамгаалалт болгож чадна гэдэгт итгэж байна.
Бидний үр хүүхэд эрүүлээр дархлагдсан тохиолдолд улс эх орны минь зон олон эрүүл саруул, элэг бүтэн байна гэдэгт итгэдэг юмаа.
О.Цэцэн
URL: