Тайвань, Хятад тагнуулчдаа солилцжээ

Тайвань болон Хятадын удирдагчдын энэ сард хийсэн түүхэн уулзалтын дараа тус хоёр орон урьд өмнө гаргаж байгаагүй сайн санааны үүднээс тагнуулчдаа харилцан солилцсон тухай Ройтерс агентлаг Тайванийн Засгийн газрын мэдэгдлээс иш татан уламжилжээ. Тус хоёр орон тагнуулчдаа хэзээ ч харилцан солилцож байгаагүй юм.

Хятадын эрх баригчид Тайванийн цэргийн тагнуулын газрын төлөөлөгч хурандаа Жу Гонгсуныг болон хурандаа Су Чанггуог 9 жил гаруй хоригдсоных нь дараа сулласан байна. Харин Тайванийн эрх баригчид Хятадын туршуул Ли Жихаог хугацаанаас өмнө урьдчилсан болзолтойгоор суллажээ.

“Тагнуулчдаа харилцан солилцсоор байж, энэ нь цаашдаа илүү тодорхой ахиц дэвшилд хүргэж магадгүй хэмээн Ерөнхийлөгч Ма Инзю найдаж байна” гэж Тайванийн удирдагчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Чарльз Чен мэдэгдсэн байна.

Тайвань болон Хятадын удирдагчид сүүлийн 66 жилд анх удаа 11 дүгээр сарын 7-нд Сингапурт уулзсан билээ.

Д.Жаргал

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг


URL:

Сэтгэгдэл бичих