МАН-ын гишүүд хуулийн байгуулгаар шалгуулж, үнэнийг гаргаж ирнэ гэв
УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн ээлжит хуралдаанаараа Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүн, илэрсэн зөрчил хийгээд МАН-ын гишүүд бондын мөнгөнөөс их хэмжээний санхүүжилт авч хувийн бизнестээ ашиглаж завшсан гэх мэдээллийг хэлэлцжээ. Мөн энэхүү мэдээлэлтэй холбоотойгоор УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “Надтай холбоотой гарсан асуудлаар хуулийн байгууллагад хандан шалгуулж байгаа удахгүй гарах шийдвэрийг нийтэд дэлгэнэ, мөн цаашид нэр нь дурдагдаж байгаа МАН-ын гишүүд ч мөн адил шалгуулна” гэж мэдэгдсэн юм.
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа “УИХ-ын дарга З.Энхболдын захирамжаар Хөгжлийн банкны санхүүжилт буюу Чингис бонд, Самурай бондын зарцуулалтын үр дүнг нягтлах ажлын хэсгийг байгуулж ажилласан юм. Харамсалтай нь өнгөрсөн хугацаанд АН-аас орсон нэр бүхий гишүүд шалгалтын дүнг зөвшөөрч гарын үсэг зурахгүй байгаа гэнэ. Гэхдээ маргаашийн Эдийн засгийн байнгын хороо, УИХ-ын Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар хэлэлцэнэ гэсэн байр суурьтай байгаа гэсэн. Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Ч.Хүрэлбаатар нар тус шалгалтын хариу болоод АН-ынхан асуудлыг гацааж байгаа талаар мэдээлэл хийсний дараа хэвлэл мэдээллийн хэрэгслээр АН-ынхан сөрөг мэдээлэл гаргаж байна. Ганцхан жишээ дурдахад, ягаан, ногоон тасалбарын үед МАН-ын дарга М.Энхболд “Говь” компанийн 10 ширхэг хувьцаа авсан, мөн Ц.Бямбацогт гишүүн 200 ширхэг хувьцаатай байдаг. Гэтэл энэхүү хувьцааг Хөгжлийн банкнаас 10 тэрбум төгрөгийн зээл авсан мэтээр мэдээлж байгаа нь туйлын харамсалтай юм. Магадгүй “Говь” компани төслийн шаадлага хангаад Хөгжлийн банкнаас зээл авсан байж магад. Гэтэл 7.8 сая хувьцаанаас аравхан хувьцааг эзэмшиж, 16 мянган хувьцаа эзэмшигчийн нэг байснаар луйварчин байна гэж байхгүй. “М Си Эс”-ийн Л.Энх-Амгалан их хэмжээний зээл авсан гэх мэтийн асуудал яригдаж байна. Тиймээс энэ асуудлыг бүлэг дээр хэлэлцээд энэхүү бүх мэдээллийг ил болгон тавьж, шалгуулъя гэж шийдсэн. АН-ын гишүүд ч сонин хэвлэлээр худал мэдээлэл цацаж суухын оронд мөн авсан зээлээ ил болгож, шалгуулж тайлагнах хэрэгтэй” гэсэн юм.
Харин УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “МАК компани нь 600 орчим тэрбум төгрөгийг өөрсдөөс хөрөнгө оруулалт хийж, үлдсэн 20 орчим тэрбум төгрөгийг Хөгжлийн банкнаас зээлж цементийн үйлдвэр байгуулсан. Гэтэл Хөгжлийн банкнаас 600 тэрбум төгрөгийг авсан мэтээр ташаа мэдээлэл цацаж байна” гэдгийг онцолсон аж.
Г.Төмөр
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Tanai namd unen gej bas bainaa.