Хурандаа нараар хамгаалуулсан хятадууд монгол иргэдийг дээрэлхэн доромжилж байна

/БНХАУ-ын иргэн Дэлгэр/

БНХАУ-ын иргэн Ли Багена, Дэлгэр нар энд тэнд очиж танхайрч, бусдын биед халдаж, хэл амаар доромжилж, бусдын гэрт зөвшөөрөлгүй нэвтрэн орж, гэрийн эздийг айлган сүрдүүлдэг гэх мэдээлэл өнөөдрийн “Өдрийн сонин”-ы дугаарт нийтлэгджээ. Тодруулбал, Урд хөршийн иргэдэд манай улсын хууль журам үйлчлэхгүй юм шиг л аашилж авирлаж байгааг хохирогчид онцлон ярьсан байна.

Эдгээр хятад иргэнтэй холбоотой гомдол цагдаагийн гурван дүүргийн хэлтэст ирсэн байна. Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст иргэн А гэгч эмэгтэй “БНХАУ-ын иргэн Дэлгэр гэгч намайг шалтгаангүйгээр зодож, танхайрч, биед хүндэвтэр гэмтэл учруулсан тул шалгаж өгнө үү” гэсэн гомдол хүргүүлжээ. Үүний дагуу Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийнхэн дээрх хэргийг шалгаж эхэлсэн байна.

БНХАУ-ын иргэн Ли Багена, Дэлгэр нар найзууд болох н.Одбаатар, н.Оюунсаруул, н.Алтмаа, хохирогч А нартай Налайх дүүргийн Гордокт байрлах нэгэн зуслангийн байшинд наргиж цэнгэхдээ А гэх эмэгтэйг зодон танхайрч, улмаар дуудлагаар очсон цагдаагийн албан хаагчийн толгойг пивоны шилээр цохиж гэмтээжээ.

Улмаар Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч н.Мөнхбаяр А болон цагдааг бүлэглэн зодсон Дэлгэр нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн боловч бусдыг зодож танхайрсан хэрэгт Эрүүгийн хуулийн 99-т зааснаар буюу бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан гэх зүйл ангиар хэрэг үүсгэн шалгаж байгаад хохирогчид гомдолтой байна.

Мөн Баянзүрх дүүрэгт оршин суух өндөр настан Г тус дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст өргөдөл гаргасан байна. Тэрбээр “БНХАУ-ын иргэн Ли Багена, өмгөөлөгч Э нарын хамт гэрт нь дайран орж, хэл амаар доромжилж, гэрийн эздийн зөвшөөрөлгүй гар утсаараа бичлэг хийж, зураг авч, дур зоргоороо авирлаж, айлган сүрдүүлсэн. Тэдний балмад үйлдлээс болж гэрт амар тайван байдал алдагдаж, хүнд өвчтэй миний бие муудаж түргэн тусламж дуудсан. Миний бие уушгины хорт хавдартай, бусдын асаргаа сувилгаанд байдаг. Тиймээс энэ хүмүүсийг шалгаж өгнө үү” гэх утга бүхий өргөдөл өгчээ.

Харин Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст “Хятадын иргэн Ли Багена болон өмгөөлөгч Э нар манай гэрт хууль хяналтын байгууллагын ямар нэгэн зөвшөөрөлгүй нэвтрэн орж, төрөөд удаагүй байгаа эхнэрийг минь дарамталж, сүрдүүлсэн байна. Үүнээс болоод нялх биетэй эмэгтэй айж цочирдож, сэтгэл санааны дарамтад орлоо. Ямар учиртай гэрт дайрч орон “Энэ байрнаас гар. Хурдан гараарай” гэж хөөсөн шалтгаан нь тодорхойгүй байна. Энэ хэргийг шалгаж өгнө үү” гэсэн гомдол гаргажээ.

Энэ талаар ЦЕГ-ын албаны эх сурвалжаас тодруулахад “Хэвлэлээр БНХАУ-ын иргэдтэй холбоотой мэдээлэл цацагдсан байна лээ. Үүнийг тодруулахаар бид ажиллаж байна. Мөн тухайн нэр дурдагдсан гурван дүүргийн цагдаагийн хэлтэс рүү албан бичиг илгээн мэдээллийг тодруулахаар ажиллаж байгаа” гэх тайлбарыг өгч байна.

Юутай ч энэхүү хууль зөрчиж, монгол иргэдийг дээрэлхэж буй хятадуудын ард монголын томоохон албан тушаалтай хурандаа нар байгааг эх сурвалж мэдээллээ. Тиймдээ ч бусдыг зодож танхайрсан хэрэгт ял явах хэмжээнд тохирсон зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэдэг байхад эдгээр хятад иргэнд хөнгөн зүйл ангиар хэрэг үүсгэж, хэргийг нь замхруулах тийш аядаж байгаад хохирогчид гомдолтой байгаа гэнэ.

Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа гадаад иргэд монголын хуулинд захирагдаж, хууль дүрмийн дагуу амьдрах байтал Монгол улсын хуулийг, цагдааг, иргэдийг дээрэлхэн доромжилж байна. Гэтэл үүнийг таслан зогсоох ёстой зарим албан хаагч, албан тушаалтнууд монгол хүний үнэ цэнийг үнэгүйдүүлж, мөнгөний боол болон хятадуудын гар хөлийн үзүүрээр хөдөлж байна.

Монгол улсыг үл хүндэтгэсэн Хятад иргэний эрх ашгаас болж Монгол улсын иргэн эх орондоо ийнхүү хохирсоор байх уу???

Б.Анир


URL:

Нэр: Anonymous Огноо: 30 November 2015

Хуульгүй бол алах хүн зөндөө байнаа хө.

Нэр: кк Огноо: 1 December 2015

монголчууд уурсдуу буруутай л байж таараа. хун биш шуу дээ. хуний хунд буруу угух хэрэггуй.

Сэтгэгдэл бичих