Амны билгээс ашдын билэг

Монголчууд бид эерэг, сайхан зүйлийн талаар хэдий чинээ хэлж, ярина тэр хэрээр сайн сайхан ирнэ, муу муухайг яривал ирээдүй хар бараан байна гэдэгт итгэдэг ард түмэн. Энэ нь ч үнэний ортой бололтой.
Халуун зунаас эхлээд л ирэх өвөл бичин жилийн зуд болох нь гэж дээр, дооргүй л ярьцгаасан. Гэтэл бичин жил гарах нь байтугай хонин жилийн өвлийн эхэн сар гарав уу, үгүй юү “цасанд дарууллаа” гэх хүмүүс хаа сайгүй л таарах боллоо. Үлгэр домог мэт яригдах болсон бичин жилийн зудны талаар Ерөнхийлөгч хүртэл сануулж, малчдад хандан “зуд болох учраас муу малаа заазлаарай” гэх утгатай зүйлийг ч хэлж байсан.
Малчид сургаар нь малаа их хэмжээгээр нядалж нийслэл рүү зөөж, байж болох хамгийн хямд үнээр худалдаалж байна. Нийслэлчүүд нэг өдрийн хоолны махтай, хөдөөнийхөн нэг хэсэг хэтэвч зузаан байгаа ч энэ нь баярлаад байх зүйл биш.
“Хямрал, хямрал” гэж хэлтэй болгон ярих болсон. Хямарлаа гэхэд манайхан арай ч тартагтаа тулаагүй. Гэвч бичин жилийн зуд гэж ярьсаар байдаг малаа барж, дуусах нь. Махнаас өөр юм хэрэглэдэггүй шахуу монголчууд малгүй бол нөгөө ам уралдан яриад байгаа “хямрал” гэдэг чинь жинхэнэ ёсоороо нүүрлэхэд ойрхон байна.
Ингээд бодохоор болохгүй, бүтэхгүй байгаа зүйлийг бид өөрсдөө л урин дуудаад байх шиг. Тиймээс бид дор бүрнээ хэлэх үг, ярих яриагаа өөдрөгөөр бодож, цэгнэж байвал ирээдүй минь гэрэлтэй, болох байсан муу зүйл тойрон гарах нь дамжиггүй ээ.
М.Энхцэцэг

URL:

Сэтгэгдэл бичих