22-ын товчооны ойролцоох шатахуун түгээх станцад дэлбэрэлт болсон гэв үү
Өчигдөр орой хөдөө орон нутгаас хамаатныхаа хүнийг тосохоор 22-ын товчоог зорисон юм. Гэтэл 22-ын товчоо яг гардагийн даваан дээр баахан түгжрэл үүсчихсэн байх юм. Оройн цаг болоод ч тэр үү том ачааны тэрэгнүүд уртаас урт дугаарлаад түгжирчихсэн байгаа харагдлаа. Бодвол хэдэн ачааны тэрэгнүүд нь осол аваар гаргаад аль эсвэл эвдрэл гэмтэлтэй болоод зам түгжрүүлчихээ байлгүй гэж бодож хүлээж байтал хажуугаар гал унтраах ангийн нэг машин сүртэй гэгч нь дохиогоо хангинуулсаар өнгөрчихөв.
Түгжрэл дунд арай хийн гэлдэрсээр 22-ын товчооны наахантай байдаг МТ шатахуун түгээх станцын ойролцоо иртэл урдаас цагдаа нар угтаж авдаг юм байна. Улмаар удтал түгжирсэн машинуудыг буцаад ухраад яв, энэ замаар явуулахгүй гэж Дэслэгч цолтой бололтой нэг цагдаа хэллээ. Учрыг нь лавлавал тэр цагдаа тус МТ колонкид дэлбэрэлт болсон гэдэг байгаа. Цаашаа харвал колонкид дэлбэрэлт болсон эсэхийг шууд хэлж мэдэхгүй ч баахан цагдаа нар, мөн гал унтраах ангийн нэлээн хэдэн машины дохио цэнхэрлэн харагдлаа. Буц гэхээр нь яалаа гэж буцах билээ тойруу замаар нь цааш 22-ын товчоог гатлах арга замаа хайлаа. Машинууд бүгд л тойрох замыг сонгож 22-ын товчооны хойд шороон замаар явж эхлэв. Замын туршид нааш болон цааш явах машинууд тасрахгүй байлаа. Түгжрэл ч хотын төв замаар явж байгаа юм шиг л их байна гээч. Замд жолооч нар энэ замаар, тэр замаар явж болох нь уу гээд л нэг нэгнээсээ асууж байх юм.
Цаанаас ирж яваа нэг жолооч харин манай машинаас зам асуухаар нь бид ч бас эргүүлээд товчооны колонкид юу болсон юм бол гэж асуувал бензин ачиж явсан машин осолдож шатахуун нь асгарсан гэж 22-ын товчооны цаад талд нь байгаа цагдаа нар хэлсэн гэлээ. Наад талд байсан дэслэгчийн хэлдэг ч бас ч үгүй үнэний ортой гэхэд болмоор. Тэрээр дэлбэрэлт болохоос л урьдчилан сэргийлж байгаа гээд хэлчихсэн бол болох байж дээ гэж бодсоор хойд талаар нь тойрсоор байгаад битүү машин, шороон дундаас арай хийн 22-ын товчооны цаад талд нь гарч хүнтэйгээ уулзаад, буцаад сурсан замаараа хотруугаа орж гэрийн зүг явсан юм.
Ер нь аймшигтай биш байна гэж үү. Хэрэв үнэхээр тус колонкид дэлбэрэлт болсон бол яах вэ, эсвэл асгарсан шатахуун ассан бол юу болох байсан бол. Тэр хэдхээн гал унтраах машинууд унтраах нь бүү хэл бүр л галд цучил нэмэхээс цаашгүй шүү дээ. Миний сонссоноор зөвхөн 22-ын товчооны ойролцоо 38 шатахуун түгээх станц байдаг гэсэн. Зам засахад л энэ тоо гарч ирж хүмүүс ямар их юм бэ гэж уулга алдаж байсан удаатай. Хэрэв дэлбэрэлд болсон бол энэ хэдэн колонки Монголыг сүйрүүлэхэд хангалттай шүү дээ. Осол гарсан колонкиос 50 метр ч хүрэхгүй газар дахиад нэг колонк хот талдаа байсан. Тэгэхээр дам дамандаа цааш колонкууд руу дамжих нь дамжиггүй биш үү. Олон улсад бол 50 метр ч бүү хэл 500 метрт хоёр колонки байхыг зөвшөөрдөггүй. Энэ нь хэрэв ямар нэг гал алдах болон осол аваар гарахад цааш тархаж том осол болгохгүйн тулд сэргийлсэн хэрэг.
Шатахуун түгээх станцид хэрэв дэлбэрэлт үүсч гал гарсан тохиолдолд ойролцоох 500-1000 метр газрыг хамрах аюултай байдаг гэсэн. Тэгвэл манай улсад ийм хол зайтай колонки хэд билээ. Ялангуяа 22-ын товчооны ойролцоо шатахуун түгээх станцууд хэр ойр билээ гээд бодоод үзвэл юун тэр Японы газар хөдлөлт, юун тэр түрэмгийлэгчдийн бослого тэмцэл. Зүгээр л Монгол улс хөрснөөс арчигдаж болох нэг нөхцлийг энэ шатахуун түгээх станцууд бүрдүүлчихсэн юм биш үү. Аз болж харин тэр асгарсан шатахууныг аюулгүй болгосон гэж хүмүүс ярьж байна билээ. Тэр дэслэгч цагдаа ч ямар муу амтай юм дээ. Дэлбэрэлт болсон гэдэг үгийг бензин байхгүй гэдэг үгтэй ялгаагүй дуудлагатай хэлэх нь цаанаа нэг ёжтой гээч. Хэрэв үнэхээр дэлбэрэлт болсон бол тэр цагдаа ингэж хэлээд сууж байхгүйсэн, би ч ингээд болсон явдлыг бичиж чадахгүйсэн.
URL: