Манлайлах сургалт уу? Мормоны сургаал уу?

http://www.bolod.mn/Upload/news/9fe508a3e273630ec8514e2a5c5d9964.jpg

Монголын ерөнхий боловсролын тогтолцооны бодлого алдагджээ. Ашиг сонирхлын зөрчилтэй, авилга авах хүсэлтэй боловсролын байгууллагын дунд, дээд шатны албан тушаалтнуудын “хар гай”-аар бүрэн дунд боловсролын салбар танил тал, ар өврийн хаалгатай эрхмүүдийн бизнесийн талбар болжээ гэхэд нэг их хилсдэхээргүй болжээ гэж дүгнэхэд хүргэж байна.

Нэг хэсэг Монголчууд бидний үнэгүй юманд нугасгүй занг ашиглан англи хэлний сургалт гэх мэтийн гадаадын элдэв төсөл хөтөлбөрүүд манай улсын дунд сургуулиудад ямар ч хяналтгүйгээр нэвтэрч байсан. Харин сүүлийн үед энэ асуудал харьцсангүй багассан ч зүсээ хувиргаж, өнгөө өөрчлөн, чамин ганган нэртэй ТББ-ууд шашны болон бизнесийн далд зорилгоо халхавчлан олон янзын төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх нэрээр боловсролын салбарыг “эзэнгүй мэт самарч” эхлэлээ.

Өнгөрсөн долоо хоногт нэр бүхий таван ЕБС-д АНУ-ын Франклинкови компанийн санхүүжилтээр Монголд үйл ажиллагаагаа явуулдаг “Манлайлах урлаг төв” ТББ-аас санаачлан дунд сургуулиудын сурагчдад жилийн 300 мянган төгрөгийн үнэтэй “Манлайлах урлаг”-ийн сургалтыг явуулахаар болж. Үүнийгээ сургууль тус бүр дээр эцэг эхийн хурал зарлан хүүхдээ тус сургалтад хамруулахыг ангийн багш нар нь шахах, дарамтлах, ятгах байдлаар ухуулан сурталчилсан байна. Түүгээр зогсохгүй уншиж бичиж сураагүй 1-р ангийн 6 настай багачуудад “Бяцхан манлайлагч” сургалтыг жилийн 300 мянган төгрөг заах тухай яригдсан төдийгүй анги бус бүрийн сурагчдын эцэг эхчүүдийн 50+1 хувь хүлээн зөвшөөрвөл дээрх хөтөлбөрийг шууд хэрэгжүүлнэ гэдгийг ангийн багш нар зарлажээ. Ангийн багш нарт ийм үүрэг даалгаврыг сургуулийн захиргаанаас нэлээд хүчилж, ангидаа заавал тус сургалтыг явуулахыг дээрээс нь үүрэг болгосон нь ажиглагдаж байсан гэнэ.

Мөн энэ сургалтын цаана Боловсролын яамны нэр бүхий Б гэх албан тушаалтан холбоотой байж болзошгүй гэх мэдээлэл ч сонсогдох боллоо.

Уг нь зөв зүйтэй сургалт, арга хэмжээ зохион байгуулагдаж байгаа бол эцэг эхчүүд аль болох боломжийнхоо хүрээнд дэмжиж, төлбөр мөнгийг нь төлөөд ч болтугай хүүхдээ сургах нь мэдээжийн хэрэг. Тэгтэл хүүхдийг бага ангид нь хүүхдийг хөгжүүлэхийн төлөө дүн тавихаа больж, олимпиад хүртэл зохион байгуулахаа больсон. Тэгтэл үүнийг нь эсэргүүцэж байгаа юм шиг хүүхдүүдийг манлайлагч болгох сургалт явуулж байгааг салбарын сайд нь мэдээгүй анзаараагүй байгаа биз.

Нөгөө талаас хүүхэд ЕБС-ийг үнэ төлбөргүй эзэмших эрх үүрэг нь байгаа. Тэгсээр байхад яагаад заавал улсын төлбөргүй сургуульд нэмэлт 300 000 төгрөгөөр хичээл заах гээд байна вэ? Мөн эцэг эхчүүдийн 51 хувийн хүлээн зөвшөөрсөн тохиолдолд хичээлийг эхлүүлнэ гэж байгаа нь хэдэн оны тулган шаардалт явагдаж, хэчнээн өрхийг хөлдөө чирэх бол гэдэг бодох ёстой л асуудал.

ЕБС-иудад тулгах замаар хийгдэж байгаа энэ арга хэмжээнээс “Манлайlах урлаг төв” ТББ зөвхөн нэг сургуулиас тэрбум гаруй төгрөгийн ашигтай ажиллахаар байгаа. Тэд олсон ашгаасаа нэг ч төгрөгийг улсад тушаахгүй. Учир нь ТББ улсад татвар өгөхгүй байж болдог хуулийн зохицуулалт байдаг.

Үүнээс гадна Манлайлах сургалт гээч нь шашны ухуулга сурталчилгаа байх магадлалтай гэх хардлага төрүүлж байгаа. Тодруулбал, “Манлайлах урлаг” ТББ-ын УЗ-ийн гишүүн, Франклинкови компаниас эрхлэн гаргадаг “Өсвөр үеийнхний дээдэлж мөрдөх 7 дадал” тэргүүтэй хэд хэдэн цуврал номын орчуулагч Б.Сайнбаярын тухайд бол Христын шашны Хожмын үеийн гэгээнтнүүдийн сүм буюу Мормоны шашны пастор гэх мэдээлэл байна. Мормончууд өөрсдийгөө Христын нэг хэсэг гэдэг ч Христчид нь тэднийг “үздэггүй”. Зарим улсад хориглогдсон урсгал юм. Хориглогдсон урсгалууд гол төлөв “нормаль” бус байдаг гэдгийг уншигч та бүхэн мэдэх биз.

Төрийн хийж чадахгүй ажлыг хувийн хэвшил хийж болдог л доо. Гэхдээ заавал эцэг эхчүүдийн халаасыг тэмтэрч байхаар ЕБС-ын сургалтын хөтөлбөртөө нэмэлт өөрчлөлт оруулаад асуудлыг шийдэж болно. Эс бөгөөс гадна аль нэг шашны гар хөл байх магадлалтай нөхдүүдээр хүүхдүүдийнхээ тархийг угаалгахыг эцэг эхчүүд хүсэхгүй л болов уу.

Үргэлжлэл бий.

А.Баярмаа


URL:

Сэтгэгдэл бичих