Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах уу
УИХ-аас баталсан аймаг, дүүрэг бүрт давж заалдах шатны шүүх, нийслэлийн дүүрэг бүрт анхан шатны дагнасан шүүх байгуулах тухай тогтоолын төсөлд өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бүрэн эрхийн хүрээнд хориг тавьсан. Энэхүү хоригийг УИХ-аас хүлээн авах эсэх асуудлыг маргааш/XII.1/ Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэх юм. Чухам аймаг, дүүрэг бүрт шинээр шүүх байгуулах нь шаардлага хийгээд хориг тавих шалтгаан юу байв.
УИХ-аас Цэцийн дүгнэлтэд тусгасан “Хоёроос гурван аймгийн дунд байгуулагдсан Давж заалдах шатны шүүх, мөн хоёроос гурван дүүргийн дунд байгуулагдсан Анхан шатны шүүх нь ирэх 2016 оны дөрөвдүгээр сарын 1-нээс цааш ажиллах боломжгүй болж буй. Тиймээс энэ асуудлыг хууль эрх зүйн хүрээнд зөрчилгүй болгохын тулд УИХ дээр заасан хугацаанд багтаан аймаг бүрт нэг Давж заалдах шатны шүүх, дүүрэг бүрт нэг Анхан шатны шүүх байгуулах холбогдох хуулиудын өөрчлөлтийг хийх”-ээр болсон.
Харин Үндсэн хуулийн цэц болоод УИХ-аас гаргасан дээрх шийдвэрт Ерөнхийлөгч хориг тавихдаа “Энэхүү тогтоол нь ижил агуулга бүхий асуудлаар харилцан адилгүй жишиг тогтооход хүргэхийн зэрэгцээ улс орны эдийн засаг, төсөв, санхүү хүндрэлтэй энэ үед шүүгч, түүний туслахын орон тоо, шүүхийн байр болон бусад зардлын асуудлыг шийдвэрлэхэд эдийн засгийн бололцоо муутай, Монгол Улсын 2016 оны Төсвийн тухай хуульд энэ зардлыг тусгаагүй зэрэг нь тогтоолыг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй, дам утгаараа шүүн таслах үйл ажиллагаа тасралтгүй, хэвийн явагдахад сөргөөр нөлөөлөхөд хүргэж байна” гэж тайлбарласан.
Ерөнхийлөгчийн зүгээс эдийн засаг хүндрэлтэй, 2016 оны төсвөө алдалтай баталчихаад байгаа энэ үед аймаг, дүүрэг бүрт давж заалдах шатны, дүүрэг бүрт анхан шатны шүүх байгуулахад хэдий хэмжээний хөрөнгө шаардагдах тухай Шүүхийн ерөнхий зөвлөлийнхний тайлбараар 50 шүүгч болон мөн тэр хэмжээний шүүгчийн туслах, шүүхийн байр, урсгал зардал, цалинд багагүй хэмжээний мөнгө шаардагдах нь тодорхой. Гэтэл 2016 оны төсөвт дээрх зардлын 10 гаруй орчим тэрбум төгрөгийг суулгаж өгөөгүй нь Ерөнхийлөгч хориг тавих гол шалтгаан болсон нь тодорхой. Харин УИХ-ын гишүүд шүүх байгуулахад төсөв шаардагдахгүй гэж үзэж байгаа бололтой. Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Нямдоржоос тодруулахад “Үндсэн хуулийн цэц хоёр удаа энэ асуудлыг авч хэлэлцээд, Үндсэн хууль зөрчсөн байна гэж үзсэн. Иймээс л УИХ дүгнэлтийг хүлээн авсан шүү дээ. Энэхүү дүгнэлт, тогтоолд Ерөнхийлөгч хориг тавьж байгаа нь өөрөө хууль зөрчсөн асуудал болно. Шүүх байгуулахад ямар ч зардал гарахгүй. Угаас аймаг, дүүрэг бүрт байгаа шүүхийг л эргүүлэн байгуулахад ямар зардал гарах вэ дээ. УИХ-аас Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсан ч Цэц асуудлыг дахин хэлэлцэж багагүй хугацаа шаардаж, асуудал дагуулах нь тодорхой” гэсэн юм.
Эцэст нь УИХ дээрх хоригийг хүлээн авсан ч Үндсэн хуулийн цэцээс гаргасан шийдвэртээ бат зогсож, гаргасан дүгнэлтээ хэвээр үлдээвэл аймаг, дүүрэг бүрт дагнасан шүүх байгуулах ажил ирэх 2016 оны дөрөвдүгээр сарын 1-нээс өмнө хэрэгжих эхэлхээс өөр сонголтгүй юм.
М.БОЛОР
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
УИХ-аас баталсан аймаг, дүүрэг бүрт давж заалдах шатны шүүх, нийслэлийн дүүрэг бүрт анхан шатны дагнасан шүүх байгуулах тухай тогтоолын төсөлд өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бүрэн эрхийн хүрээнд хориг тавьсан.