Л.Дулмаа: Хойд эцгийнхээ бэлгийн хүчирхийлэлд өртсөн охидын тоо нэмэгдэж байна

Шүүх шинжилгээний хүрээлэнгийн харьяа Шүүх эмнэлгийг түшиглэж байгуулагдсан Нэг цэгийн үйлчилгээнд иргэд ихээр ханддаг байна. Эл цэгийн үйлчилгээ нь гэр бүлийн хүчирхийлэлд өртөж, хохирсон иргэдийг хүлээж авахаас гадна түр хугацаагаар байрлуулдаг тусгай өрөөтэй ажээ. Тиймээс гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэй хүүхдүүдтэйгээ мөн бэлгийн хүчирхийлэлд өртсөн охидууд тусламж авахаар ирдэг байна. Ингээд Шүүх шинжилгээний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний хэлтсийн бага эмч Л.Дулмаатай ярилцав.

-Танай дээр байрладаг нэг цэгийн үйлчилгээг иргэд хэр мэддэг вэ?

-Нийслэлд нэг цэгийн үйлчилгээ гурав байдаг. Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл дээр, ГССҮТ-д байдаг. Манайх бол өнгөрсөн оны 2009 оны арванхоёрдугаар сарын 24-нөөс хойш үйл ажиллагаагаа явуулж байна. Манайд хандаж ирэх хүмүүс олон бий.

-Өнгөрсөн хугацаанд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хэчнээн хохирогчийг авсан бэ?

-Манайх он оноор нь тоогоо гаргадаг. Өнөө жил буюу энэ арваннэгдүгээр сарын байдлаар бол 149 хүнийг хамгаалалтад авчээ. Ихэвчлэн гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн иргэд туслалцаа авна. Ер нь гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн иргэд л шүүх эмнэлэгт ханддаг шүү дээ. Энэ 149 хүн зөвхөн нэг цэгийн үйлчилгээгээр хандаж байгаа хүмүүс. Цагдаад хандаад тогтоол авчирсан хүмүүсийн хувьд маш их тоо гарна. Өнгөрсөн есдүгээр сард судалгаа хийж үзэхэд 600 гарсан байсан. Түүнээс хойш хэд хүрснийг хэлж мэдэхгүй байна. Жилээс жилд энэ тоо нэмэгдэж байгаад эмзэглэдэг. Тэдгээр хүмүүс цагдаад хандаж, тогтоол авчираад гэмтлийн зэргээ тогтоолгож байна гэсэн үг. Нэг цэгийн үйлчилгээнд хамрагдсан хүмүүсийн хувьд цагдаад хандаагүй, шууд манайд ирж тусламж үйлчилгээ авч байна.

-Насны хувьд хэдээс хэдэн насны хүмүүс байна вэ?

-Судалгаа хийж үзэхэд голдуу 28-35 насны эмэгтэйчүүд ханддаг. Эмэгтэйчүүд хүчирхийлэлд өртөхөөр дагаад хүүхдүүд нь хамт ирдэг. Жишээлбэл, 2-3 насны хүүхдээ дагуулсан хүн ч ирнэ, 4-5 хүүхэд дагуулсан хүн ч ирдэг. Энэ хүмүүс дандаа нөхөртөө зодуулсан хүмүүс. Манайд гэхэд зургаан удаа хандаж ирсэн эмэгтэй ч бий. Эх нь нялх хүүхдээ гэртээ орхиод гарч чадахгүй болохоор дагуулаад аваад ирдэг. Тиймээс манайх хүүхэд тоглох орчныг бүрдүүлсэн байгаа.

-Гэр бүлийн хүчирхийлэл гарах гол шалтгаан юу байна вэ?

-Ерөөсөө архидалт, ядуурал. Гэр бүлийн хоёр хоол хүнсгүй, өмсөх хувцасгүй болохоороо хоорондоо маргалдаж, сүүлдээ хэрүүл зодоон хийдэг. Үүнээс үүдэж эмэгтэй хүн, хүүхэд хоёр хохироод байна. Ер нь гэр бүлийн хүчирхийлэл жилээс жилд өсч нэмэгдэх хандлагатай байгаа шүү. Хийсэн судалгааны дүнг харахаар өссөн дүн гарахаас буурсан үзүүлэлт хэзээ ч байхгүй дээ.

-Бэлгийн хүчирхийлэлд өртсөн охид ирдэг гэлээ. Насны хувьд?

-Бэлгийн хүчирхийлэлд дандаа бага насны хүүхдүүд өртөж ирдэг. Дээрээс нь орой үдшээр харанхуй гудамж талбайгаар, орцондоо явж байгаад хүчирхийлэлд өртөж байна. Охидууд оройн цагаар такси барьж яваад хүчирхийлэлд өртөхөөс гадна, танихгүй хүнтэй болзож байгаад хүчирхийлүүлж байна. Бас нэгэн тохиолдол гэвэл хойд эцгийнхээ бэлгийн хүчирхийлэлд өртсөн охидын тоо нэмэгдэж байна. Эцгийнхээ хараат байдалд байдаг, дутагдсан зүйлийг нь өгөөд түүгээрээ түрүү барьж хүчирхийлэх тохиолдол байна.

-Хүчирхийлэлд өртөөд ирсэн хүүхдүүдэд ямар үйлчилгээ үзүүлдэг вэ?

-Энд байрлаж байгаад буцаад нөгөө л гэртээ, нөгөө л хойд эцгийнхээ гарт очно шүү дээ. Өөр хаана очих уу, хаана хандах уу. Манай байгууллага халамжийн байгууллага биш болохоор байнга байлгаад байрлуулна гэж байхгүй. Тийм учраас бид авах ёстой арга хэмжээгээ авч үзүүлэх ёстой үйлчилгээгээ үзүүлээд, хуулийн байгууллагад зуулчилж өгнө. Манайд эрүүл мэндийн үзлэгээ хийнэ, гэмтлийн зэргийг нь тодорхойлж өгнө, дээрээс нь хуулийн зөвлөгөө, сэтгэлзүйчтэй уулзуулж байна. Бүх үйлчилгээгээ үзүүлж, авах ёстой арга хэмжээгээ аваад явуулдаг. Хамгийн гол нь хохирогч өөрөө хүсвэл бусад байгууллагуудад зуулчилна, хүсэхгүй бол буцаад гэртээ очно доо.

-Сэтгэлзүйч их үр нөлөөтэй ажиллана биз дээ?

-Тэгэлгүй яах вэ. Манай сэтгэлзүйч уртын амралттай байж байгаад саяхнаас ажилдаа орсон.

О.Цэцэн

Эх сурвалж: Zaluu.com


URL:

Сэтгэгдэл бичих