Засаг дарга нарыг минь улстөр нь байг гэхэд “тэнгэр өршөөг”

-12 оны эхээр 12 аймгийн Засаг дарга шалгуулж байж, одоо хэд…-

Монголд улстөрийн сонгууль гэдэг нэг нь нөгөөгөөсөө улстөрийн өш хонзонгоо авах хэрэгсэл болоод удлаа. 2012 оны УИХ-ын сонгуулийн хувьд улс төрийн хүрээнд өрнөсөн нэгэн онцлох зүйл нь Засаг дарга нарыг толгой дараалан гэмт хэрэгт холбогдуулан шалгаж, заримд нь ял өгсөн явдал байсан.

Монгол улсын нийслэл, 21 аймаг, есөн дүүргийн Засаг дарга нараас 12-т нь АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан гэдэг. Тухайн үеийн улстөрийн байдлаас харахад захиалагч нь АН-ынх гэдэг ч тодорхой байдаг.

Тэр үед эхлээд Орхон аймгийн Засаг дарга асан Д.Оюунбатыг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэгт буруутгаж ял оноон хэсэг хугацаанд хорьсон ч, хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан. Улмаар нөгөөх нь АН-тай хамтарч Засгийн эрх барих болсон “Шударга ёс” эвслийн МАХН-ын гишүүн гэгдэн Орхон аймгийн гаалийн дарга болчихсон л цохиж явсан.

Говьсүмбэр аймгийн Засаг дарга Ж.Баянмөнхөд шүүхээс 5.1 жилийг хорих ял оноогоод ялыг нь эдлүүлсэн. Нийслэлийн засаг дарга, улмаар УИХ-ын гишүүн асан Ц.Батбаярт ч “яль шальгүй” зүйлээр ял эдлүүлсэн. Увсын засаг дарга асан Э.Цасчихэр болон ИТХ-ын дарга хоёуланд нь ял өгсөн.

Энэ мэтчилэн Багануурын Засаг дарга Ц.Сандаг-Очир, Ховдын Г.Нямдаваа, Өмнөговийн Б.Бадраа, Сонгинохайрханы Ц.Болд гээд АТГ-т шалгуулсан Засаг дарга нарын цувааг нэрлэвэл урт дараалал үүснэ. Хамгийн гол нь ийм олон Засаг дарга шалгуулж байсан түүх өмнө нь байгаагүй юм.

Гэвч эднээс өнөө хэр нь хэдэн хүн ял эдэлж байна гээд харахаар хэн ч алга. Тэгэхээр засаг дарга нарын эсрэг улстөрийн захиалгаар хэрэг үүсгэдэг нь илт мэт.

Харин энэ удаа 2016 он гараад хэдэн засаг дарга шалгагдах нь сонирхол татаж эхлээд байна. Эдүгээ эхнээсээ шалгагдаад явж л байгаа. Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүлээс эхлээд Архангай, Дундговь, Дорнод, Дорноговь, Дархан, Завхан, Увс гээд ер нь бүх аймаг, дүүргийн засаг даргатай холбоотой шуугиан үргэлжлэн гарсаар л буй.

Хамгийн сүүлд Монголын улстөрд томоохон хэрүүл шуугиан авчраад байгаа Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүгнэлтээс харахад Увс аймагт 2 тэрбумаар барих зам 27 тэрбум болсон гэх шуугиан байна. Үүнд гэхэд засаг дарга Л.Цэндсүрэнгийнх нь нэр холбогдчихсон явна лээ. Тэгэхээр асуудал үүсч магадгүй л гэсэн үг.

Гол эрх баригч АН-ынхан тухайн аймаг, дүүрэгт хууль ёсоор сонгуульд ялаад эрх барих эрхтэй болсон намын засаг даргаа томилох эрхэнд нь халдсан явдал сүүлийн гурван жил гаруй хугацаанд ужигран үргэлжиллээ. Үүнээс болоод МАН сонгуульд ялсан аймаг, дүүргүүдэд одоо ч улстөр үргэлжилж байгаа нь ирэх сонгуулийн өмнө хууль хяналтын байгууллагын үүд хаалгыг онголзуулахад хүргэх нь тодорхой.

Тиймээс сүүлийн үед Засаг дарга нарыг минь “тэнгэр өршөөг” хэмээх яриа ч сонсогдох болж. Нээрээ л тэднийг минь улстөр нь биш юм гэхэд тэнгэр өршөөг.

Г.Самбаа

Эх сурвалж: Gereg.mn


URL:

Сэтгэгдэл бичих