Халхголд мал аж ахуй хөгжүүлэх боломжтой юу
Зүүн бүс, тэр дундаа Дорнод аймгийг дан ганц газрын тосны олборлолтод түшиглэн хөгжүүлэх боломжгүй гэж УИХ болоод Засгийн газрын түвшинд үзэж байна. Тиймээс өнгөрсөн долдугаар сард УИХ Халхголд хөдөө аж ахуйн чөлөөт бүс байгуулах 75 дугаар тогтоолыг баталсан билээ. Харин энэ тогтоол батлагдсанаар нутгийн иргэд мал хуйгаа бэлчээрлэх боломжгүй болж, хөл хорио тогтоох онцгой бүс болох мэт буруу ташаа мэдээллүүд газар авч байгаа юм.
Үүнээс болж, эрх баригч болоод нутгийн иргэдийн дунд багагүй маргаан гарсан ч салбар яамны зүгээс үнэн бодит мэдээлэл өгөхийн тулд нутгийн иргэд болоод мэргэжилтэн, судлаачдыг хамруулсан шат дараатай хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Энэ хүрээнд өнгөрсөн баасан гарагт “Хөдөө аж ахуйн Халхгол чөлөөт бүс” нээлттэй хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлэгт Хүнс, хөдө аж ахуйн сайд Р.Бурмаа, эрдэмтэн судлаачид, төрийн бус байгууллагын төлөөлөл, олон улсын байгууллагын гишүүд, орон нутгийн төлөөллүүд оролцсон юм. “Хөдөө аж ахуйн Халхгол чөлөөт бүс” хэлэлцүүлэг нь Мал аж ахуйн үйлдвэрлэл, мал эмнэлгийн үйлчилгээ, Газар тариалангийн үйлдвэрлэл, Орон нутгийн хөгжил, бизнес үйлдвэрлэл эрхлэх загвар гэсэн үндсэн гурван чиглэлээр болж өнгөрлөө.
Г.Сампил: Эзэн нь тодорхойгүй асуудалд хариулт өгөх хэрэгтэй
/Монгол Улсын гавьяат малчин/
Халхголын чөлөөт бүсийн асуудлыг би өөдрөгөөр харж байгаа. Өнөөдөр зах зээл бүхнийг өөрийнхөөрөө л хүлээж авдаг. Зах зээлийн чөлөөт тогтолцоонд шилжсэн энэ тохиолдолд ялангуяа, малчид өөрсдийн үйлдвэрлэсэн гол нэрийн бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргах сонирхол өндөр байдаг. Үүнийг нэг шугамд оруулж, тодорхой хууль, шийдэл гаргаж байгаа нь сайн явдал л даа. Гэтэл нийгэмд тодорхой биш, эзэн нь бүдэг, газрыг гадныханд зарлаа, их хэмжээний газар өглөө гэсэн зүйл дээр хариу өгч, хязгаарлагдмал мэдээлэлтэй байдаг малчин түмэнд тодорхой мэдээлэл өгөх ёстой. Тийм шаардлага ч байна. Ялангуяа, мал аж ахуй, махны бүтээгдэхүүнийг борлуулах талаар ярихад махны нөөцийг нэмэгдүүлэх асуудлыг анхаарах ёстой байдаг. Бид нэг үхрээ гурван үхрийн жингийн хэмжээнд хүргэдэг, тэгэж шахаж борддог монгол арга уламжлал бий. Дэлхийн сонгодог жишээ туршлага ч бий. Бид ийм замаар үхрийн махны нөөцийг нэмэгдүүлэхгүй бол байгаа үхрээ нядлах замаар дэлхийн юм уу, аль нэг хөрш орны хэрэгцээг хангах боломжгүй. Тэгэхээр мал шахаж бордох бааз цэгүүдийг чөлөөт бүсийн хэмжээнд төдийгүй, гол гол бүс нутагт салбар нэгжийг байгуулан ажиллах боломжтой. Гэхдээ нарийн тооцоотойгоор сүргийн бүтцийг эвдэхгүйгээр энэ ажлыг хийх хэрэгтэй.
Мөн малчин хүн өөрийнхөө мал сүргийг эрүүл байхад ихээхэн анхаарах ёстой. Эрүүл мал сүрэгтэйн бол зах зээл чөлөөтэй орж, харилцах үүд нь аяандаа нээгдэнэ. Тиймээс малчдыг мал эрүүлжүүлэх ажилд идэвхтэй оролцуулах хэрэгтэй.
А.Бат-Эрдэнэ: Дорнодод 4.5 сая мал бэлчээрлэх боломж бий
/ХААИС-ийн багш, доктор/
Зүүн бүст нийт бэлчээрийн 19.2 хувийг эзэлдэг. Зүүн бүст малын 14 хувь байдаг бөгөөд бэлчээрийн даац ашиглалтын 80 орчим хувийг ашигласан байна. Дорнод аймгийн бэлчээрийн талбай 9.3 сая байдаг. Ургацын хэмжээ болоод бусад үзүүлэлтээс нь тооцож үзвэл, Дорнод аймгийн хувьд 4.5 сая хонин толгойд шилжүүлсэн малтай болох боломжтой. Хэрвээ зүүн бүст олон малтай болно, мах экспортод гаргана гэж байгаа бол малын бүртгэлээр эргэн тогтоох тогтолцоог нэн түрүүнд нэвтрүүлэх хэрэгтэй. Ингэж байж хил дамнуулан мал болон малын гаралтай бүтээгдэхүүнийг экпортлох хорио цээрийг давж гарна. Тиймгүй бол хамгийн хямд үнээр дахин боловсруулна гэдэг тамга дараад махаа гаргахаас өөр гарцгүй. Тиймээс эхний ээлжид бүс нутгийн хэмжээнд туршиж үзэх ёстой.
Харин энэ зунжингаа 46.5 сая тонн ногоог мал идсэн байна. Харин өвөл хаварыг давахын тулд цаанаа нь 29 сая тонн өвс (өвсөнд шилжүүлснээр) хэрэгцээтэй байгаа. Бидэнд ирсэн статистик үзвэл, нэг сая тонн хадлан бэлтгэсэн гэж байгаа юм. Энэ нь нийт малын 3-4 хувьд л хүрэлцэнэ. Бусад хүчит тэжээл болоод ногоон тэжээл зэргийг нэмбвэл нийт малын 6-7 хувийг л хангах юм. Өөрөөр хэлбэл, нийт малын 90 гаруй хувь нь заавал бэлчээрээс өвч, тэжээлээ олж идэх шаардлагатай болж байна. Энэ өвөл нэг их хүндрэхгүй, цас ороод бэлчээр дарчихгүй бол бид 10 орчим хувийг алдаад, онд орчих болов уу.
Д.Айлтгүй: Эрчимжсэн мал аж ахуйн чиглэлээр хөгжүүлэх боломжтой
/ХААИС-ийн МААБТС-ийн багш/
Би Халхголын хязгаар нутагт 26 жил мал аж ахуйн үйлдэрлэл дээр ажиллаж, амьдарч байсан. Тэнд Монгол Улсад тариаланд тохиромжтой хөрсний 22 хувь, хадлангын талбайн 40 хувь, малын нийт нөөц бэлчээрийн 26 хувь нь байдаг. Хонин толгойд шилжүүлснээр 300 мянган толгой мал багтах бэлчээрийн даацтай гэж үздэг. 1972-1990 он хүртэл Халхголын сангийн аж ахуй гэж 38 мянган га эргэлтийн талбайтай, 10 мянган үнээ бүхий 24 мянган үхэр үржүүлж байсан. Мал аж ахуйн гурван ферм, 200 га усалгаатай хүнсний ногооны болоод 400 га малын тэжээлийн усалгаатай талбайтай зэрэг олон бүтээн байгуулалт бий болсон. Сумын нутаг дэвсгэрт 8000 гаруй хүн оршин суудаг байлаа.
Харин “Койка” олон улсын байгууллага 2009 онд Халхголд судалгаа хийж, дахин Халхгол бүс нутгийг хөгжүүлэх боломжтой юу, гэдэг талаар тайлан гаргасан байна. Тэр тайлангаас үзэхэд АНУ-ын газар тариалангийн хөрсний зэрэглэл тогтоодог стандартаар Халхголын хөрсийг 4-5 зэрэглэлд хуваасан байна. Ингээд тариаланд тохиромжитой хөрс 45 мянган га байна гэж. Юутай ч, Халхголд хөдөө аж ахуйн чөлөөт бүс байгуулах боломжтой талбайн зураглалыг гаргасан байгаа юм. Гэхдээ маргаантай зүйл бас гарч. Чөлөөт бүс байгуулах зураглалаас харвал, уртаашаа Буйр нуураас Их бурхант, Баянцагааны тохой хүртэл, өргөөшөө Тосонбулгадайн Ахай худгаас Бөх өндөрийн овоо хүртэл үргэлжлэх газар чөлөөт бүсийн талбайд орж байгаа юм байна. Тухайн үед Тоо вангийн торгон сүргийн бэлчээр байсан газар гэж ярьдаг. Өөрөөр хэлбэл, намар цагтаа сонгинолог ургамал их ургадаг, өвлийнхөө нөөц өөхийг бүрдүүлдэг гол газар нь гэж болно. Найман сарын үед бэлчээр рүүгээ орж Халхголоос ундаалдаг. Тиймээс энэ газрыг Халхголын иргэд харамлаад байгаа юм. Түүхийн улбаанаас үзвэл, энэ бүс нутаг маш онцгойд тооцогддог. Гэхдээ эрчимжсэн мал аж ахуй хөгжүүлэх боломжтой.
Ж.Баттөгс: Нэг өрх 30 үнээтэй фермтэй болж болно
/“Нүүдэлчин агро-фарм” компанийн захирал/
Манай улс 45 сая малтай. Улаанбаатар өнөөдөр 1.3 сая хүн амьдарч байгаа гэж үзвэл нэг хүнд ногдох цагаан идээ, сүүний хэрэгцээг 500 гр гэвэл хэрэгцээ маш их байна. Харамсалтай нь бид сүүний хэрэгцээгээ импортоор орлуулж байна. Зуны улиралд өөрсдөө хэрэгцээгээ хангадаг ч, өвлийн улиралд чадахгүй байгаа нь фермын аж ахуйн хөгжилтэй шууд холбоотой. Гэтэл судалгаагаар зах зээл дээр 144 тэрбум төгрөгийн нөөц байна гэж үздэг. Бид үүнийг огтхон ч ашиглаж чадахгүй байгаа. Харин манай компани сүүлийн гурван жилд фермын аж ахуйг хөгжүүлэх талаар олон талын судалгаа хийсэн. Ингээд манай улсад өрхийн фермд 30 үнээ байх нь зохистой гэсэн сүүлийн шийдлийг гаргаад байгаа. Монгол малчин өрхөд 30 үнээ гэдэг түүртэх зүйл биш. Дорнодод ч гэсэн энэ жишгээр ферм байгуулахад үүнээс гарах тугал, өсвөр үхрийн ферм байгуулагдаж, нэг цонхны гарцаар дамжин зах зээлд гарах боломжтой. Загвар фермыг ямар ч хүн ажиллуулж болох боломж байгаа.
Доктор Самбуу: 400 сая ам.долларын мах экспортлох боломж байгаа юм байна
“Оюутолгой”, “Тавантолгой” зэрэг хөрөнгө оруулалт хийж байгаа үйлдвэрүүд маань хэдэн жилийн дараа овоолсон шороо л болж үлдэх байх. Ойр зуур орлого орно л доо. Гэхдээ хөдөө аж ахуйн байнгын чөлөөт бүс бол байнгын ажиллагаатай зүйл. Тиймээс өвөг дээдсээс үлдээсэн баялаг газрыг үйлдвэрлэлд оруулахыг бүрэн дүүрэн дэмжиж байгаа. Аль ч талаас нь харсан эрчимсэн мал аж ахуй хөгжүүлэх боломж байна. Жилдээ 400 сая ам.долларын мах экспортлох боломжтой юм байна.
Ц.Ламжав: Малаа бүртгэлжүүлэх ёстой
/“Поликом” компанийн захирал/
Мал бэлтгэл, малын хорио цээрийн асуудлыг төрийн бодлогын хэмжээнд болгоод, гадаадад зах зээл санал болгохдоо мал хяналтын цэг гэдэг зүйлийг байгуулж, түүгээр малыг дамжуулдаг болгох. Мөн мал хяналтын цэг нь тодорхой хувь хүмүүсийн бизнес болдог жишгээр явбал илүү үр дүнтэй болох байх. Гадаадын олон махны бизнесмэнтэй уулзахад дээрх журмаар дамжвал, мах авах боломжтой гэж бидэнд хэлдэг. Мөн малын цахим бүртгэлийн системийг төрийн чухал оролцоотой хийж гүйцэтгэх ёстой. Учир нь, хүний регистерийн дугаар шиг малын бүртгэлийг заавал улсаас хийх шаардлагатай тулгардаг. Үүнийг махны бизнестэй холбож, махны үнэд хэдэн төгрөг шингэж вэ, гэдгийг судалж үзсэн. Малаа бүртгэлжүүлэхэд айхтар өртөг нэмэгдэхгүй байна лээ. Малчин хүний ахуй сайжрах юм бол мал маллах, малаа үр ашигтай болгох сонирхол мөн нэмэгдэх байх.
Мөн бид тэжээлийн үйлдвэрийн талаар маш их туршилж хийсэн. Дэлхийгээр дүүрэн жор бий. Гэхдээ манай улсад, аль бүс нутагт ямар ургамал түлхүү ургаж байна, түүнд нь тулгуурлан малын тэжээл хийх нь зөв. Бид бизнес хийдэг тул нэг кг махны өртөгөд хэрхэн шингэх вэ, гэдгийг нь судалсан. Өртөг хамаагүй гэх юм бол дэлхийгээр нэг жор байгаа. Тэгэхээр энэ талаар Засгийн газар анхаарах ёстой байх, мөн зөвлөмжид тусгах хэрэгтэй.
Б.Ширнэн
Эх сурвалж: www.assa.mn
URL: