Д.Мөнх-Эрдэнэ: Клипээр дамжуулж хүмүүст ухаарал өгөхийг хүсдэг

11-30-5_700x700

Тусгаар тогтнолын ордон”-д ирэх сарын 2-нд анхны бие даасан тоглолтоо толилуулах гэж буй залуу дуучин, Соёлын тэргүүний ажилтан Д.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа. 

-Тоглолтын бэлтгэл хэр хангагдаж байна вэ?

-Өдөр бүрийг тоглолтынхоо бэлтгэл ажилд зарцуулж байна. Тоглолтынхоо бүх ажлыг өөрөө гардан хийж байгаа учраас зав зай муутай явна.  Тоглолтод поп дуучин, гавьяат жүжигчин Ж.Уранчимэг, харааны бэрхшээлтэй дуучдын томоохон төлөөлөл болсон гавьяат жүжигчин Ч.Амаржаргал эгч, мөн Соёлын тэргүүний ажилтан  Т.Дэлгэрмөрөн, Б.Болд, Э.Чулуунчимэг нараас гадна “Outlaw” хамтлаг оролцоно.

-С.Хүрэлбаатар гавьяатын дуунуудыг шинэчилж дуулсан байсан. Өөртэй нь хамтын уран бүтээл амилуулав уу?

-Хамтарч дуулсан дуу одоогоор байхгүй. Намайг бага байхад С.Хүрэлбаатар ахын хамтлаг орон нутгуудаар аялан тоглолт олон хийдэг байсан. Тэр бүрийг нь сонсож, тоглолтуудад нь ч оролцож явлаа. “Хайрын сарнай”, “Найзууд” дуунд нь дуртай байсан. “Хэзээ нэгэн цагт би энэ дуунуудыг дуулна даа” гэх бяцхан хүслийг тээж явсан. 2010 оноос бие дааж уран бүтээл туурвих болсноос хойш эдгээр сайхан дууг дуулах зөвшөөрөл авч, олон түмэндээ хүргэсээр явна.

-Уран бүтээлч хүний хувьд хүндэлдэг, үлгэр дууриалал авдаг хүн байна уу?

-Багаасаа л FM хөтөлдөг байсан учраас нэр дурдаж, нэг хүнийг сонсож, шүтдэг байгаагүй. Бүхий л чиглэлийн уран бүтээлийг дэмжиж, ойлгож, дагаж дуулдаг байсан. Тухайн цаг үед хит болж буй бүх уран бүтээлд дуртай. Тэр чинээгээр бүх уран бүтээлчийг хүндэлдэг.

-Харааны бэрхшээлтэй дуучид дууныхаа үг, аяыг өөрөө зохиох нь их байдаг. Таны хувьд?

-Би “Т.I” хамтлагийнхантайгаа уран бүтээл хийж байхдаа хип хоп дууныхаа үгийг өөрөө зохиож байсан цөөн тохиолдол бий. Харин бие дааж уран бүтээл туурвих болсноор яруу найрагчид, хөгжмийн зохиолчдын дууг дуулах болсон.

-Үг, ая зохиогчид танд санал тавьж, уран бүтээлээ өгдөг үү?

-“Хайрын сарнай” дууг би өөрөө дуулъя гэж санал гаргаж дуулсан. Түүний дараа “Найзууд” гэх дууг нэг найз маань надад санал болгож байсан. Хэдийгээр энэ дуунууд өмнө нь дуулагдаж, олны чихэнд хоногшсон ч дуулаад хадгалсан бичлэг байдаггүй. Тиймээс хүмүүсээс энэ дуунуудыг дуулж “Бичлэг хийгээч”, “Клипжүүлээч” гэсэн санал их ирж байсан. Би ч өөрөө дуртай байсан учраас өмнө нь дуулж байсан дуучинтай уулзаж, албан ёсны санал тавьж байгаад дуулсан.

-Таны уран бүтээлийн клип их өвөрмөц бөгөөд өргөн утгатай санагдсан?

-Дууныхаа клипүүдийг хийхдээ дууныхаа утга руу дайрч орох биш тухайн клипээр дамжуулж хүмүүст ямар ухаарлыг өгөх вэ гэдгийг боддог. “Найзууд” дууны клип дээр гэхэд утга нь бол айхтар их өгүүлэлгүй. Гэхдээ клип нь нэлээд их зүйлийг өгүүлдэг. Муу зүйлд уруу татдаг найзуудаасаа холдож байгаа тухай гарна. “Хувь заяаны галт тэрэг” гэх дууны маань клип ч мөн адил бусдад ухаарал хайрласан, зөв мессежийг түгээхээр хийгдсэн гэдгээрээ онцлогтой.

-Та олны хүртээл болсон сайхан дуунуудыг сэргээн дуулж байна. Цаашид ямар уран бүтээл дээр ажиллах бол?

-“Амьдрал чиний гарт” гэх уран бүтээлээр залууст мөн л зөв мессежийг өгөх, амьдралд зөв явж чадвал үргэлжид зөв байна гэх утгыг агуулсан дуу байгаа. Энэ дууны үгийг ZZ, аяыг нь “Харанга” хамтлагийн Чука ах зохиосон. Одоо зөвхөн хоолойн бичлэг хүлээгдэж байна. Тоглолтоосоо өмнө  шинэ уран бүтээлээ өлгийдөн авахыг хичээж байгаа.

-Ярианыхаа сэдвийг жаахан өөрчилье. Таны хараагүй болсон шалтгаан юу вэ?   

-Нүдний хорт хавдрын улмаас хоёр настайдаа бүрэн хараагүй болсон. Эхлээд бага байхдаа нэг нүдээ авахуулаад хоёр нас хүртлээ явсан ч нөгөө нүдэндээ халдварласан учраас нөгөө нүдээ авахуулсан. Энэ өвчнийг бүрэн эмчлэх эмчилгээ Монголд байхгүй. Хамгийн сүүлийн үеийн судалгаанаас харахад, Монгол Улсад 60 гаруй хүүхэд нүдний хорт хавдартай гэж бүртгэгдсэн байна. Эцэг, эх, эгч, ах нь эрүүл атлаа нүдний хорт хавдартай хүүхдүүдийн тоо нэмэгдэх болсон. Миний хувьд удамшлын шинж чанартай гэж оношилж байсан.

-Хараатай болох боломж байхгүй юу. Судалж үзсэн үү?  

-Шинжлэх ухаан хөгжөөд хүний тархитай нь холбодог нүдний шил гарсан байна лээ. Хар, цагаанаар ч гэл үү харж болдог гэсэн. Тэрхүү нүдний шил гараад ирвэл боломж бүрдэж магадгүй л байх.

Б.Энх

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих