Долларын ханштай хөөцөлдсөөр тэнцвэртэй хөгжилд хүрнэ гэж үү
1. Монголбанкны үндсэн зорилт нь үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хангахад оршино
2. Монголбанк өөрийн үндсэн зорилтын хүрээнд санхүүгийн зах зээл, банкны тогтолцооны тогтвортой байдлыг хангах замаар үндэсний эдийн засгийн тэнцвэртэй хөгжилд дэмжлэг үзүүлнэ.
ТӨГРӨГИЙН ТОГТВОРТОЙ БАЙДАЛ
Бид дээрх хоёр зорилтын эхнийхийг буюу төгрөгийн тогтвортой байдал гэдгийг их ярьдаг. Тэгвэл, төгрөгийн тогтвортой байдлыг долларын ханшаар хэмжинэ гэвэл юу болох вэ? Ингэсэн тохиолдолд Монголын эдийн засагт ямар ч өөрчлөлт гараагүй байхад АНУ-д болсон үйл явцаас хамааран Монголбанк тухай бүрд хариу арга хэмжээ авч байх ёстой гэсэн ихээхэн хачирхалтай дүгнэлт гарч ирнэ.
АНУ-ын Холбооны банк ирэх оноос өмнө бодлогын хүүгээ өсгөх магадлал улам ихэсч байна. Үүнээс хамааран төгрөг-долларын ханш өөрчлөгдөж болзошгүй. Тэгвэл иймэрхүү гадаад хүчин зүйлээс хамаарсан өөрчлөлт бүхэнд Монголбанкыг хариу арга хэмжээ авч байх ёстой гэх нь мөнгөний бодлогын үр ашигт огт нийцэхгүй. Яагаад гэвэл, манай болон АНУ-ын эдийн засаг нь огт өөр бүтэцтэй, харилцан адилгүй бодит шокуудын нөлөөнд оршиж буй.
Ерөнхийдөө, дэлхийн улс орнуудын төв банкны гол зорилтуудын нэг нь үнийн тогтвортой байдал байдаг. Монгол Улсад бараа, үйлчилгээний үнийг төгрөгөөр хэмждэг болохоор, төгрөгийн тогтвортой байдал нь үнийн тогтвортой байдал мөн гэсэн үг болно. Тэгэхээр Монголбанкны үндсэн зорилт нь үг үсгийн хувьд биш юмаа гэхэд, утгын хувьд бусад орнуудын зорилтуудын нэг болох үнийн тогтвортой байдалтaй нийцэж байна.
Өөрөөр хэлбэл, бид гадаад валютын ханшаас илүүтэй инфляцид ач холбогдол өгч байх ёстой гэсэн үг. Цэвэр тоо талаасаа валютын ханш нь төвшнийг хэмждэг, инфляци нь өөрчлөлтийг хэмждэг болохоор “найрлагын хувьд” ч бага сага ялгаатай.
ТЭНЦВЭРТЭЙ ХӨГЖИЛ
Манай төв банкны тухай хуульд Монголбанкны бас нэгэн чухал зорилтыг үндэсний эдийн засгийн тэнцвэртэй хөгжилд дэмжлэг үзүүлэx гэж заажээ. Харамсалтай нь тэнцвэртэй хөгжил гэж чухам юуг хэлж байгааг мэдэх хүн ховор.
Бид ер нь мэргэжлийн төвшиндөө хүртэл хоёр дахь зорилтыг огт анзаардаггүй бололтой. Жишээлбэл, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос гаргасан “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2015 онд баримтлах үндсэн чиглэл” хэмээх танилцуулга номд Монголбанкны чиг үүргийг
- үндэсний мөнгөн тэмдэгтийн тогтвортой байдлыг хангах,
- төлбөр тооцооны гүйлгээний тасралтгүй, чөлөөт эргэлтийг хангах,
-арилжааны банкны үйл ажиллагаанд хяналт тавих, банкны системийн тогтвортой байдлыг бэхжүүлэх гэж бичжээ (хуудас 11).
Сонирхолтой нь уг номд, Монголбанкны тухай хуулийн 4-р зүйлд заасан зорилт (оbjectives), 5-р зүйлд заасан үйл ажиллагааны чиглэл (function) хоёрыг хооронд нь нийлүүлээд чиг үүрэг гэсэн холбоо үгээр илэрхийлсэн нь асуудлыг бүр ч ойлгомжгүй болгож орхижээ. Хамгийн гол нь дээрx ишлэлд хуулийн 4.2-т заасан эдийн засгийн тэнцвэртэй хөгжлийн тухай огт дурдаагүй байна.
Тэнцвэртэй хөгжлийг үл хайхран Монголбанкнаас зөвхөн тогтвортой үнийг шаардах нь зөв үү гэсэн асуулт гарч ирнэ. Бид зөвхөн валютын ханшид ач холбогдол өгсөөр, Монголбанкны хийж байх ёстой бусад ажилд нь шууд бусаар хориг тавиад байгаа юм биш биз гэсэн эргэлзээ бас төрнө. Мөн, тогтвортой үнийг дагаад тэнцвэртэй хөгжил аяндаа бий болох уу гэдэг асуулт ч зүй ёсоор тавигдана. Өөрөөр хэлбэл, бид эхний зорилтыг сайтар хангасан тохиолдолд хоёр дахь зорилт аяндаа биелнэ гэсэн үг үү?
Энэ бүхнийг ойлгохын тулд тэнцвэртэй хөгжил гэж чухам юу вэ гэдгийг эхлээд мэдэх хэрэгтэй. Юуны өмнө тэнцвэртэй хөгжил, тэнцвэртэй өсөлт нь тогтвортой өсөлтөөс огт өөр зүйл. Тогтвортой (stable) өсөлт гэдэгт эдийн засаг дээшээ доошоо зүрхний бичлэг шиг савлахгүйгээр урт хугацаандаа өсөхийг хэлнэ. Түүнээс гадна, тэнцвэртэй хөгжлөөс ялгаатай, байгаль дэлхийтэйгээ зохистой харьцааг эрхэмлэн хөгжихийг илэрхийлсэн тогтвортой (sustainable) хөгжил гэдэг ойлголт бас бий. Дашрамд дурдахад, бид тогтвортой хөгжил гэж 90-ээд оны дундаас хойш нэлээд их ярьж байсан, харин сүүлийн үед энэ үг харьцангуй бага сонсогдох болжээ.
Макро эдийн засгийн бодлогод тэнцвэртэй (balanced) хөгжил гэдгийн дор эдийн засгийн салбарууд хоорондоо тэнцвэртэйгээр, ижил хурдтайгаар өсөхийг хэлдэг. Жишээ нь, хөдөлмөрийн орлого, капиталын орлого хоёр адилхан хурдтай өсөхийг хэлнэ. Мөн хүмүүсийн хэрэглээ, хөрөнгө оруулалт нь илүү тэнцвэртэй, жигд хурдтай өсөхийг хэлнэ. Эдийн засгийг морьтой зүйрлэвэл, морины хөл нь бие, толгойноосоо хэт томдчоогүй, эсвэл хэт жижиг биш, тэнцвэртэй байхыг хэлнэ.
Нэмж хэлэхэд, дэлхийн олон улс орнуудын хувьд тэнцвэр гэдэг бол хэвшсэн ойлголт болсон байдаг. Манай урд хөршид ч гэсэн энэ асуудал юy юyнаас илүү чухал болжээ. БНХАУ-ын эдийн засаг нь сүүлийн 20 гаруй жилийн турш хурдтай өсөхдөө тэнцвэртэй хөгжиж чадаагүй байна. Тухайлбал, хөрөнгө оруулалт нь хэрэглээнээсээ, үйлчилгээний салбараасаа илүү хурдтай өсч байсан нь цаашид тэр хэвээр үргэлжлэх аргагүй болж, Хятадын эдийн засаг өнөөдөр огцом удааширч байна. Энэтхэг ч гэсэн тэнцвэртэй хөгжилдөө онцгой анхаарах хэрэгтэй болж байгаа тухай Ерөнхий сайд Моди ярьж байна.
ЭНЭ БҮХНИЙ ЭЦЭСТ ЮУ ХЭЛЖ БОЛОХ ВЭ?
Миний бие энэ өгүүллээрээ Монголбанкны тухай хуулийг яаралтай өөрчлөх хэрэгтэй гэж хэлэх санаа өвөрлөсөнгүй. Гэхдээ энэ өгүүллийг уншаад yг хуулийн үг хэллэгийг илүү ойлгомжтой болгох хэрэгтэй юм байна гэж бодох хүн гарч болох. Хамгийн гол нь Монголбанкны ажлыг зөвхөн үнийн тогтворжилтоор, эсвэл валютын ханшаар дүгнэх нь өрөөсгөл бөгөөд хэрвээ тэгвэл Монголбанкны тухай хуулийнхaa агуулгатай нийцэхгүй, улмаар маш том сөрөг үр дагавартай байж болно гэдгийг анхааруулахыг хичээлээ.
Үнийн тогтвортой байдал гэдэг маань зөвхөн тогтмол үнэ биш юм. Харин, үнийн өсөлтийн хурд тогтмол байхыг хэлдэг. Тэнцвэрийг илүү сайн хангах үнийн өсөлт байx ёстой гэсэн үг. Тиймээс мөнгөний бодлогыг хэлэлцэхдээ бид нэг талаас үнийн тогтвортой байдал, нөгөө талаас эдийн засгийн салбаруудын тэнцвэртэй байдлын хоорондын өгөө-авааг (trade-off) сайтар ойлгох ёстой юм.
Жишээ нь, Монголбанкны ажлыг зөвхөн валютын ханшаар дүгнэж байна гэвэл, АНУ бодлогын хүүгээ нэмсэн тохиолдолд, Монголбанк бодлогын хүүгээ бас зэрэг шахуу нэмж байх хэрэгтэй болно. Эс тэгвэл, бусад хүчин зүйлсийг үл тооцон, төгрөг суларч, долларын ханш өснө. Харин, хүү нэмэгдсэн тохиолдолд олон чухал салбарын хөрөнгө оруулалт буурах аюултай. Хөдөлмөрийн орлого, өрхийн хэрэглээ ч гэсэн их чухал. Инфляцийг буулгах нь ажил эрхлэлтэнд сайнаар нөлөөлдөг гэж хэлэх эдийн засагчид цөөхөн. Харин ч эсрэгээрээ, инфляци өсвөл, ажилгүйдэл богино хугацаандаа буурдаг гэх үзэл баримталдаг хүн зөндөө бий.
Тиймээс, валютын ханшид хэт ач холбогдол өгөх нь дотоодын эдийн засагт хэрэгцээгүй гажуудал үүсгэж, тэнцвэртэй хөгжлийг алдагдуулax аюултай. Ялангуяа, гадаадын шууд хөрөнгө оруулалт огцом буурсан, төсвийн хэмнэлтийн тухай яриа хөвөрч буй өнөө үед энэ асуудал илүү чухал болж байна.
Д.ЛХАГВАСҮРЭН
Эдийн засагч, доктор
URL: