Гар хүндрүүл, эсвэл үх
Яг ийм зарчим төрөх эмнэлгүүдэд үйлчилж байна. Бараг ингэж хэлэх ч хөнгөдөхөөр байгаа шүү дээ. Бусад эмнэлгийн тухай бичихэд зарим эмч нар нь дэндэж байна гэж хэлж болох байх. Харин төрөх эмнэлэгт бараг л зарим гэж байхгүй. Бүх эмч нар нь гар хараад, авлига аваад, хүний амь нас, эрүүл мэнд, дөнгөж төрөх гэж байгаа бяцхан үрсийн амьдралыг ч боддоггүй. “Юун сүртэй юм, байж бай. Одооны охидууд ялархуу болчихсон. Төр чадахгүй юм бол яах гэж жирэмсэн болдог юм. Би ажилтай, завгүй байна” гэх мэтээр харааж, загнаж, жаахан хэтрүүлдэг хүнд түлхэж унагах нь холгүй юм болж байгаа нь үнэн.
Танил талаараа дамжуулаад, дарга цэргээр нь хэлүүлэхээр үзэн ядна. “Чи танилтай гэл үү. Ямар овоо юм. Өөрөө төрөхийг чинь харъя” гэж зэвүүцдэг төрөхийн эмч ч байна. Бусдын эрүүл мэндийн төлөө тангараг өргөж байгаа эмч хүн аргаа бараад, ядахын мууд танилаараа ч болов хэлүүлээд оръё гээд ядаж байгаа хөл хүнд эмэгтэйг шүдээ зууж заналхийлэх, тэгтлээ үзэн ядах болов. Үнэндээ шалтгаан бараг байхгүй. Зүгээр л даварч, олдог мөнгөндөө амташсан хэрэг. Гэхдээ тэр даврал нь байсгээд л хэн сайхан эмэгтэйн амь насанд хүрч байна. Бас хорвоод мэндлэх гэж зүтгэж буй өдрөө халуун хэвлийдээ амьсгал хуааж байна, нялх үрс. Сэтгэл шимширч, зүрх зүсэм биш гэж үү. Энгийн иргэд бид зүрхээ зүсүүлж байгаа юм шиг сэтгэл өвдөж байна. Гэтэл тэд хэдий нь хүн алаад сурчихсан алуурчин мэт болчихсон юм биш үү.
Хамгийн ойрын жишээ, Нийслэлийн нэгдүгээр амаржих газарт энэ сарын 21-ний өдөр 27 настай залуу бүсгүй зулайг нь үнэрлэх үрээ төрүүлэх гэж байгаад амиа алдлаа. Ядаж нялх үр нь хэвлийгээсээ ч гарч чадаагүй. Талийгаач бүсгүй 19-ний өдөр өвдлөө гээд эмнэлэгт очсон байхад эмч нар нь тоохгүй байсаар хоёр хонуулж, 21-ний өдөр амиа алдсан байна. Ийм яргалал, тамлал гэж байх уу. Эмч нь хагалгаанд орсон гээд байхгүй байсан тухай талийгаач бүсгүй нөхөр рүүгээ мессеж бичсэн байна билээ. Яг хагалгаанд орсон уу, мөнгө өгөхгүй бол байж л байг гээд хэвтэж байсан ч байж болох. За хагалгаанд орчихсон байя гэж бодъё. Тэгвэл тэр төрөх чинь ганцхан эмчтэй болж таарч байна уу. Бүхэл бүтэн хүн амиа алдах дээрээ тулчихаад байж байхад яагаад огт тоосонгүй вэ.
Хамгийн сүүлийн үеийн мэдээгээр эмэгтэйн жирэмсний картыг нэгдүгээр төрөхийнхөн хулгайлах шахам аваад явсан байна билээ. Хүн алсан хуудуутай хэргээ нуун дарагдуулах гэж увайгүй оролдлого юм биш үү. Ингээд бичихээр өнөөх төрөхийнхөн нэр төр гутаалаа гэж ирээд сүржигнэж магадгүй. Гэхдээ ар гэрийнхэнд нь мэдэгдэлгүй жирэмсний картыг нь авч явна гэдэг ийм хардлага төрүүлэхгүй яах юм. Өнөөдөр эрүүл мэндийн салбар ийм л дажинтай, төрөхийн эмч нар нь улаан цагаан, бүр санаатайгаар эхчүүдийг алаг үртэй нь хөнөөж байна. Гэтэл Эрүүл мэндийн сайд нь авлигын хэргээр мөрдөнд хоригдож байна.
МАХН-ынхан нь түүний орыг эзлэх хүнийг сонгохоор ярилцаж байгаа гээд л байж байх. Одоо нэгдүгээр төрөхийн хариуцлага алдсан, бусдын амь насыг санаатай гэж болохоор хөнөөсөн эмч нарт хэн хариуцлага тооцох юм. Ямар хариуцлага тооцохоор болж байгаа гэдэг нь сонин байна. Сайндаа л ажлаас нь халаад, өнөөх нь өөр нэг эмнэлэгт очоод, дахиад л авлига авна. Нэжгээд эхийг зовооно. Тийм болохоор энэ мэтээр хариуцлага алдсан, санаатайгаар төрөх эхчүүдийг зовоосон, гарсан эмч нарын эмчлэх эрхийг нь хасдаг баймаар байна. Цаашлаад бусдын амь насанд заналхийлсэн, санаатай үйлдэл гэж үзэж эрүүгийн хэрэг үүсгэдэг байсан ч яах вэ дээ. Тэгэхгүй бол төрөхийн эмч нар хүн араатан болж гүйцлээ байна.
Н.Пунцагболд
Эх сурвалж: www.mminfo.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Uyn etssiin dugnelt toroh gj bgaad nas barna gedeg bol 21-r zuund bj bolomgui tom emegnel
манай хамаатны ах толгойтын наркологийн эмнэлэгт энэ хавар хэвтээд нас барсан гэтэл бид хэл ам хийгээгүй юун сүртэй юум
Төрөхийн эмч нар үнэхээр хүнд сурталтай байдаг. Группэд байдаг охин маань 2014 онд 1 дүгээр төрөхөд төрхөөр очиход улсын бүртгэлийн шилжүүлэгийн хуудсыг авч үзэхгүй маш эхээр загнаж байсан. Хэрүүл ам хийж байж хүлээн авч төрүүлж байсан шүү дээ.Үнэхээр хариуцлагагүй. Төрхийн эмч нар маш их мөнгө авдаг нь үнэн шүү. хяналт шалгалт хийх хэрэгтэй.Таньдаг хүнийхээ төрөхөөр ирж байгаа эхчүүдийг өөр байдлаар хүлээж явдаг. Тэр эмчийн хүн байна гэж ярьдаг.Төрсний дараа эмчийн хяналт үнэхээр муу болсон.Дээр үед үнэхээр эмч нар хариуцлагатай байжээ.