УИХ-ын дарга З.Энхболд Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Искандер Кубарович Азизовыг өнөөдөр хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Египтэд Синайн хойгт оросын иргэний агаарын онгоц сүйрч, 214 гэм зэмгүй иргэд амиа алдсантай холбогдуулан ОХУ-ын Элчин сайдын яаманд биечлэн очиж эмгэнэл илэрхийлсэн. Дахин эмгэнэл илэрхийлж байна гэлээ. Мөн тэрээр хэдхэн хоногийн өмнө Чит хотноо Монгол, Оросын Засгийн газар хоорондын ээлжит 19 дүгээр хуралдаан болж хоёр орны худалдаа, эдийн засгийн асуудлуудыг амжилттай хэлэлцсэн талаар ярив.
Элчин сайд Искандер Кубарович Азизов Улсын Их Хурлын даргыг цаг, зав гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд, худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдаан ОХУ-ын Чит хотноо 2015 оны 11 дүгээр сарын 22-24-ний өдрүүдэд болж худалдаа, эдийн засгийн харилцаа, хүмүүнлэгийн хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлыг хэлэлцэж, санал бодлоо солилцон өмнөх хуралдааны шийдвэрийн хэрэгжилтийг дүгнэж, цаашид авах арга хэмжээнүүдийг багтаасан Протокол байгуулж гарын үсэг зурсан. Таны зүгээс энэ асуудалд өндөр анхаарал хандуулж ирсэнд талархал илэрхийлье гэлээ.
Мөн тэрээр терроризмтэй тэмцэхэд улс орнууд хүчээ нэгтгэх шаардлага үүсэж байгаатай холбогдуулан ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлөөс гадаад улс орнуудын парламент болон Олон улсын парламентын холбоонд хандаж мэдэгдэл гаргасныг Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдод гардуулан өглөө.
Мөн тэд уулзалтын үеэр хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, улс төр, эдийн засгийн асуудлаар санал солилцов. Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд болон албаны бусад хүмүүс оролцов.
URL: