”Лайкны гуйлгачид” хэрээс хэтэрчээ


Өдөр бүр бид цахим ертөнцөөс үнэн худал, хэрэгтэй хэрэггүй маш олон тооны мэдээлэл уншиж байдаг. Тэдгээрийн дотроос олны танил хүмүүстэй хамааралтай шар мэдээг илүүтэйгээр сонирхож уншдаг нь нууц биш. Тэгвэл олны дунд “Лайкны гуйлгачид” гэх нэршилтэй этгээдүүд жүжигчид, дуучдыг амиа алджээ, халдлагад өртжээ, осолд оржээ гэх зэргээр хүмүүсийн сониуч занг ашиглан өөрсдийн хөтөлдөг сайтдаа хандалт авах, пэйж хуудасныхаа лайкийг нэмэгдүүлэхийн тулд худал хуурмаг мэдээлэл цацах нь ихэсчээ. Хэдийгээр урьд нь ч ийм төрлийн мэдээлэл хэвлэлээр мэр сэр гардаг байсан ч сүүлийн үед бараг өдөр бүр шахам “хар” мэдээ явах боллоо.
Саяхан л гэхэд жүжигчин Д.Шүүдэрцэцэгийг нас барсан гэх мэдээлэл цацагдсан юм. Харин тэрбээр өөрийн хуудсаар дамжуулж “Би 89 оных биш гэдгээ хэлье… Бурхан минь өршөө, мөнх наслах болтугай” хэмээсэн байна.

Түүнчлэн өнгөрсөн баасан гарагт Банш Батаа буюу Д.Баттөмөрийг осолд ороод бие нь тааруу байна хэмээн хуурамч зураг эвлүүлэн цацаж, олон лайк цуглуулаад авсан. Мөн золгүй явдалтай учирсан “хохирогчид”-ын нэг нь жүжигчин Ц.Алдармаа болсон юм. Долоо хоногийн өмнө түүнийг гэртээ харих гэж яваад замдаа бүлэг залууст хүчиндүүлж, биеийн байдал нь тааруу ГССҮТ-д хүргэгджээ. Сэтгэл санааны гүн шоконд орсон тул цагдаагийнханд мэдээлэл өгч чадахгүй байгаа гэсэн мэдээ гарсан билээ. Үүнийг сонсоод эгдүүцсэн бүсгүй “Арай ч дээ, хоолоо олж идэх гэсэн заваан юмнууд  юу ч гэж ярьж бичиж байх юм. Хэл ам хийж чадахгүй нь. Лай лай, зүгээр л хаячих хэрэгтэй” гэсэн байна.

Ийнхүү “хохирогчид” нь тэр бүр тэдэнтэй зарга хийгээд, шүүх цагдаад хандаад байдаггүй болохоор энэ байдал улам газар авч байна. Тэдгээр “Лайкны гуйлгачид” чухам яагаад ингэж олноор нь “хүн алаад” байгаагийн цаад учир нь 100 мянган лайктай пэйж хуудсыг хамгийн хямддаа 5-6 сая төгрөгөөр зардаг гэх яриа бий. Заримдаа 10, 20 мянган лайктай пэйж зарна гэсэн зарууд ч чатаар явж байдаг. Өөрөөр хэлбэл, олон нийтийн сэтгэл санаагаар наргиад төлөөсөнд нь ямар нэгэн хариуцлага хүлээхгүй, энэ их мөнгийг авдаг гэсэн үг.

Хэрвээ дээрх нөхдүүдэд цагдаа нар өдөр бүр цаг тухайд нь хариуцлага тооцоод байвал тэд цахим ертөнцөөр “хүн алж” баяжихгүй. Энд бас нэг зүйлийг дурдахад, цагдаад нэр хүндээ сэргээлгэх тухай өргөдөл гаргахад бодит хохирол байхгүй гээд тоохгүй орхичихдог талтай.

Үнэндээ Барууны орнуудад нэр төр сэргээлгэх асуудал хэдэн сая доллараар үнэлэгддэг зүйл. Манайхан л дундаа ороод тэгсхийгээд өнгөрүүлдэг болохоос биш. Гэхдээ манайд хүний нэр төрд халдсан тохиолдолд хүлээх хариуцлагыг нь заачихсан хуулийн заалт байдаг ч үүнийг тэр бүр хэрэгжүүлээд байдаг нь цөөхөн билээ.

Эх сурвалж www.wikimon.mn

URL:

Сэтгэгдэл бичих