Галдан Бошигтын алт мөнгийг нуусан Уул ба Хад

Манай монголчууд Тэрэлж рүү маш их аялдагаас гадна Монголд ирж буй жуулчдын 50% нь энэ бүсэд заавал очдог гэсэн албан бус мэдээ бий.

Хүмүүсийн нэрлэдэгээр Мэлхий хад нь 24 метр өндөр бөгөөд урьд өмнө “Мөнгөт хад” гэдэг нэртэй байв. Домогт өгүүлснээр, Зуун модны тулалдаанд Галдан бошигт Манжтай хүч тэнцвэргүй тулалдаан хийж ихээхэн хохирол амсаж бүслэлтээс гаран зугтаж Мэлхий хадны орчимд үлдсэн хүчээ бөөгнөрүүлэн түр саатжээ. Дайснууд араас нь хөөн дайрахаас болгоомжлон баруун тийш зугтах бэлтгэлээ базааж, хэдэн тэмээнд ачаалсан алт, мөнгөө Мэлхий хадны орой дээр гаран хавцал руу хийж орхиод явах болоход Манжийн хаанаас бэлгэнд ирсэн хатан нь алт мөнгөндөө хоргодоод явахгүй болохоор нь нуусан мөнгөн дээрээс хийж орхиод баруун тийш явжээ. Үүнээс хойш Мэлхий хадыг Галдан бошгитын мөнгийг хадгалж буй МӨНГӨТ ХАД гэж нэрлэдэг болжээ. Тэр цагаас хойш нутгийн хүмүүс Мөнгөт хадыг хүндэтгэн тахиж, идээнийхээ дээжийг өргөн хурайлж, мөнгөжин баяжихыг хүсэж дээдэлж ирсэн хэмээн хөгшчүүл хуучлах нь бий.

Галдан бошигт баруун тийш явахдаа Мэлхий хадны хойдох уулаар давж гарахад дуулга нь наранд хэсэг зуур гялалзан нэг цаана нэг наана харагдсан тул ид шидийн тэр гялбааг бэлгэдэн ГЯЛАЛЗАХЫН НУРУУ гэх болжээ. Уулын орой дээр гарч ирээд ихэд хилэгнэн уурлаж, мориноосоо буун сэлмээ сугалан дэвхэрч Халх, өвөрлөгчдийн ноёд Хамаг Монголын төлөө хамтдаа тэмцэхгүй харийн дайсантай үгсэн хуйвалдаж эх орноосоо урвалаа хэмээн газар цавчсан гэдэг. Эдүгээ тэрхүү Галдан хааны гарсан орой дээр тэгш газар байх бөгөөд түүнийг нутгийн ардууд ДЭВХЭРГЭ хэмээн нэрийдэх болжээ.

Монголын ард түмэн эх оронч баатарлаг эрсийнхээ түүхийг нутаг ус, газар шороотойгоо холбон домоглон ярьж ирсэн нь хойч үеэ төлөвшиж хүмүүжихэд тус болно хэмээн үздэгтэй холбоотой юм. Галдан бошигт хааны гэрээслэл болох “Буурал дээдсийн нутгаас бурхан гуйсан ч бүү өг” хэмээх өчил нь өнөөдөр ч үнэ цэнээ алдаагүй байна.

Галдан хааны үлдээсэн тэрхүү мөнгийг авах гэж олон удаа оролдоод бүтээгүй гэдэг. Өвөл хүйтэн болмогч дөнгөж төхөөрсөн үхрийн нойтон гуяны махыг сураар уяж доош унжуулан мөнгөн зооснууд дээр тавихад зооснууд наалддаг байжээ. Түүнийг дээш татан авах гэж оролдсон боловч амсарт хүрэхийн алдад зооснууд нь амь орсон мэт ховхрон унахдаа шир шар хийн чимээ гарган уначихдаг ажээ. Нутгийнхан их хааны мөнгө одоо ч хадгалагдаж байдаг, мөнгөн зооснуудыг авах гэсэн оролдлого бүхэн бүтэлгүйтдэг байсан хэмээн домоглон ярилцдаг.

ХҮҮХЭН УУЛ: Галдан бошигт хааны мөнгө, алт эрдэнэсийг үүрд сахин үлдсэн хатан нь “Хүүхэн уул” болон хувирсан гэж домоглох бөгөөд Мэлхий хадны баруун хойд талд дээшээ харан тайван, ихэмсэг дүр үзүүлэн хэвтэж буй эмэгтэй хүний дүр бүхий уул юм. Хүүхэн уулнаас мод, ургамал, сонгино, самрыг нь авдаггүй бөгөөд хад чулууг нь хөндөж болдоггүй догшин уул хэмээх боловч эмэгтэй хүнд ээлтэй гэлцдэг.

Жич: Гэрэл зурагчин Б.Баяр ахын зургийг ашиглав.

Чой.Буян


URL:

Сэтгэгдэл бичих