Баян-Өлгий аймагт өвөлжилт хүндэрч эхэллээ
Баян-Өлгий аймагт өвөлжилт хүндэрч нийт нутгийн далан хувь нь цастай байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Мөн өнгөрсөн зун тус аймагт зуншлага тааруу байсан тул малчид олигтой хадлан, тэжээл бэлтгэж чадаагүй аж.
Тиймээс малчид улсын нөөцөд байгаа өвс, тэжээлийг зээлээр эсвэл малаар сольж авах хүсэлт гаргаж байгаа гэнэ. Сагсай, Цэнгэл, Баяннуур сумын малчдаас тус аймгийн ЗДТГ, Онцгой байдлын газарт ийм хүсэлт нэлээд ирж байгаа гэнэ.
Тус аймагт 2012 оноос хойш дөрвөн жил хуримтлуулсан өвс, тэжээлийн нөөц бий. Үүний 20 хувийг бэлэн мөнгөөр борлуулахаар болжээ. Цаашид цаг агаар хүндэрвэл аймгийн төв, Дэлүүн, Булган сум, Сагсай сумын Даян нуур дахь нөөцийн өвс, тэжээл хүрэлцэхгүй, нэг сар л хэрэглээд дуусах аж. Сум бүр аюулгүйн нөөцөд 50 тонн тэжээл, 150 тонн өвс бэлтгэх ёстой ч ихэнх сум биелүүлээгүй учраас сум бүрийг 30 саяас доошгүй төгрөгөөр нөөц бэлтгэхийг даалгасан аж.
Т.Болормаа
URL: