Бусдад хутгалуулсан хэргийг нь шалгаж дуусаагүй байхад амиа алджээ

Машинаа гаражид тавихаар гэрээсээ гараад амиа алдсан “Ирвэс хамгаалагч” залуугийн хэрэгт олон нийт анхаарлаа хандуулж байна. Учир нь нийслэл дэх гэрээсээ гарсан түүний цогцсыг зургаан хоногийн дараа Хөвсгөлөөс олсон байдаг. Энэ нь гадны нөлөөтэй амиа алдсан гэх хардлагыг ар гэрийнхэнд төдийгүй олон нийтэд төрүүлж байгаа юм. Тиймээс ирвэс хамгаалагч залуугийн амиа алдсан хэргийг илүү нухацтай шалгахыг уриалж, олон улсын 37 их сургууль болон байгууллагуудын 49 эрдэмтэд мэдэгдэл гаргасан байна.

Хэргийн талаар талийгаачийн аав н.Төмөрсүх “Миний хүү удаа дараа дарамтлуулж байсан төдийгүй дөрвөн ч удаа мэсэнд өртөж байсан” гэж мэдээлээд байгаа. Тиймээс энэ хэргийг гадны нөлөөтэй эсэх, түүнчлэн талийгаач дарамтад байсан эсэхийг тогтоохоор ажлын хэсэг байгуулагдан шалгаж байгаа юм.

Тэгвэл талийгаач Л өмнө нь Өмнөговь аймгийн Тостын нуруунд Ирвэс хамгаалах санд биологичоор ажиллаж байхдаа хутгалуулж байсан бөгөөд энэ хэргийг тус аймгийн цагдаагийн газрынхан шалгаж байжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар 2015 оны дөрөвдүгээр сарын 30-нд Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутагт, Ирвэс хамгаалах сангийн кемпийн ойролцоо хутгалуулсан аж. Энэ хэрэгт Өмнөговь аймгийн цагдаагийн газарт тавдугаар сарын 8-нд эрүүгийн хэрэг үүсгэн саяхныг хүртэл шалгаж байжээ. Гэтэл шалгаж дуусаагүй байхад ийнхүү амиа алдсан байна.

Уг хэрэгт УМБГ-аас ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа төдийгүй УИХ-ын зарим гишүүн анхаарал хандуулан ажиллаж байгаа юм.

Сүүлийн үед ирвэс хамгаалагч залуугийн амиа алдсан хэрэг дээр УИХ-ын зарим гишүүн багагүй анхаарал хандуулж байгаа. Тухайлбал, саяхан УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг “Ирвэс хамгаалагч энэ биологич залуу говьд Тосон бумбын уулыг хамгаалж байсан. Хулгайн анчид, уул уурхайн сонирхол гээд Тосон бумбат уулыг тойрсон асуудлуудтай тулгарч байсан байх. Тийм ч учраас энэ залуугийн амь нас гэнэт үрэгдсэн нь учир шалтгаантай юм биш биз дээ гэдэг хар төрсөн. Тиймээс энэ талаар Ардчилсан намынхаа бүлгийн хурал дээр ярьсан. Жирийн нэг байгаль хамгаалагч залуугийн төлөө бид дуугарахгүй бол байгалиа хамгаалж яваа онгон зэрлэг газарт ганц нэгээрээ яваа хүмүүс маань ямар нөхцөл байдалд байна вэ гэдгийг ярих цаг болсон юм биш үү гэдэг байдлаар бүлгийн хурал дээр саналаа хэлсэн. Манай бүлгийнхэн энэ тал дээр анхаарах хэрэгтэй гэдэг дээр дэмжиж ярилцсан” гэсэн юм.

Харин Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Оюутны байранд хамт амьдардаг байсан н.Төмөрсүхийн хүү харамсалтайгаар амиа алдсанд гэр бүлд нь гүн эмгэнэл илэрхийлье. Манай н.Төмөрсүх бол олон жил байгаль орчин, ан амьтнаа хайрлан хамгаалах ажлыг уйгагүй хийж байгаа хүн. Түүний хүүд тохиолдсон энэ харамсалтай хэргийн талаар Цагдаагийн Ерөнхий газрын дарга Чингистэй уулзаж хурдан шуурхай ажиллан хэргийн үнэн мөнийг тогтоохыг хүслээ. ЦЕГ-аас тусгай ажлын хэсэг гарч ажиллаж байгаа юм байна. Төмөрсүхийн хүү Лхагвасүмбэрэл олон удаа ноцтой гэмт халдлагад өртөж, дарамтанд орж байсан ч эх орон, газар шороо, ан амьтнаа хайрлан хамгаалах дуртай ажлаасаа цэрвэж, шантралгүй сэтгэл зүрхээрээ зүтгэн ажиллаж байсан удам дамжсан байгаль хамгаалагч, зоригт хөвгүүн байсан. Миний бие зөвхөн талийгаачид тохиолдсон уй гашууг хуваалцаад зогсохгүй цаашид гар хоосон, ганц мотоциклтой байгаль хамгаалагчдаа хамгаалах хууль эрх зүйн орчныг сайжруулах ажлыг санаачлан хийх болно” гэж өөрийн цахим хуудсандаа нийтэлсэн билээ.

Т.Болормаа


URL:

Сэтгэгдэл бичих