Ерөнхийлөгчөө эвгүй байдлаас эртхэн мулталвал яасан юм бэ, Пүрэвсүрэн сайд аа!

143485200055861aa027c49 copy

Монголд өнөөдөр асуудал, бэрхшээл мундаагүй байна. Эдийн засаг тэлчилж, хямрал гүнзгийрч, төгрөгийн ханш улам бүр унаж, иргэдийн амьжиргааны түвшин өдрөөс өдөрт дордсоор. Харамсалтай нь манай дүлий төр ийм асуудлуудад анхаарахын оронд Үндсэн хууль, Сонгуулийн хуулийн өөрчлөлт гэх мэт өөрсөддөө гоё сэдвүүдэд хамаг цаг зав, оюун ухаанаа  дайчилсаар.

Хаа очиж манай гадаад бодлого ардчиллын 25 жилийн туршид хамгийн тууштай, зөв чиглэлтэй хэрэгжиж ирлээ. Үүнд Монгол Улсын нэг номерын дипломатч Ц.Элбэгдоржийн оруулсан хувь нэмэр их бий. Дотооддоо төрийн тэргүүнээ шүүмжлэх нь элбэг ч гадаад харилцаанд улсаа төлөөлөхдөө Ц.Элбэгдорж чадварлаг, чамбай байсан гэдэгтэй маргалтгүй байх. Харин сүүлийн үед гайгүй нэртэй байсан манай гадаад харилцаанд нэмэр болохоосоо ус болох нэгэн санаачилга Гадаад яамны туршлагатай гэх зарим дипломатуудын хүрээллээс  дэвшигдэн төрийн тэргүүний дэмжлэг авч НҮБ-ын индэр дээрээс зарлагдах хүртлээ өндөр аваад байна.

Энэ бол УИХ дээр хуулийн төсөл болон оччихоод Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд Ерөнхийлөгчийг өөрийг нь хүртэл байлцуулан хаалттай хэлэлцээд амжсан Төвийг сахих бодлого гээч.

Шулуухан хэлэхэд манайх шиг хоёр их гүрний дунд хавчуулагдсан хувь заяатай агуу түүхтэй ч жижиг улс төвийг сахихгүй гээд хаачих юм? Төв азийн энэ өндөрлөгөөс нүүхгүй л юм бол монголчууд бид дэргэдэх хоёр хөршийнхөө арга эвийг л олж амьдарч таарна. Өмнө ч ийм байсан, одоо ч тийм, цаашид ч тийм л байх болно. Тиймээс ч Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалд хоёр хөрштэйгээ тэнцвэртэй харьцахыг тэргүүлэх чиглэл болгон зарлаад удаж байна. Энэ хооронд манайхыг төвийг сахисангүй гэж Орос, Хятадын аль нь ч загнаагүй. Гуравдахь хөршүүд ч загналаа гэж дуулдаагүй. Гэтэл дайны хажуугаар дажин гэгчээр энэ гүнзгий дотоод хямралын хажуугаар  гэнэт л төвийг сахицгаах юм болцгоож баахан хөөрцөглөцгөөлөө. Байнга төвийг сахих статус Монгол Улсын цаашдын ирээдүйд ямар нөлөө үзүүлэх талаар эрдэмтэн мэргэд, улс төр нийгмийн зүтгэлтнүүд өөр өөрийн байр сууриа илэрхийлцгээлээ.

Зүй нь төрийн албан ёсны бодлого болон УИХ-аар батлагдаагүй байгаа энэ түргэн түүхий санаачилгыг  НҮБ-ын индэр дээрээс олон улсад Ерөнхийлөгчөөрөө зарлуулахаар тэгтэл их яарах шаардлага Гадаад яамныханд байгаагүй байлтай. Хэдийгээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөл түүнийг дэмжсэн ч зөвлөмж бол зөвлөмж, хууль бол бодлого гэдгийг Гадаад яам мэдэхгүй бол өөр хэн мэдэх ёстой гэж.

Яг үнэндээ нийгмийн дунд явж байгаа хэлэлцүүлгээс харахад цөөхөн хэдэн дипломат, цэргийн зүтгэлтнээс өөр байнга Төвийг сахих нь түмэн зөв гээд хуйлраад дэмжээд байгаа юм ерөөсөө алга.

Дотооддоо ч яахав гэе, хөршүүд маань энэ санаачилгад хэрхэн хандаж байна вэ?

УИХ-ын гишүүн Г.Уянга ОХУ-д УИХ-ын дарга З.Энхболдыг айлчлахад төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтжээ. Тэрбээр  ирээд “Биднийг Орост айлчилж очиход ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко “Ерөнхийлөгч Элбэгдоржийн ярьж байгаа “төвийг сахих” бодлогыг та бүхэн ярилцаад санал нэгдэн зарлаж байгаа юу? Энэ юу болохыг ойлгож байгаа гэж найдаж байна. Төвийг сахина гэдэг бол ямар ч стратегийн түншлэл байхгүй гэсэн үг” гэж шуудхан хэлнэ лээ гэж хэвлэлээр мэдэгдсэн. Г.Уянга гишүүний чих дэлсэж ирсэн үгс Төвийг сахих санаачилгын талаархи оросуудын албан ёсны хандлагыг илэрхийлж байгаа нь ойлгомжтой.

Саяхан Монгол Улсын Ерөнхийлөгч Хятадад төрийн айлчлал хийлээ.Энэ үеэр манай төлөөлөгчид байнга төвийг сахихаар сэтгэл шулуудсанаа Хятадын удирдлагад дуулгасан гэх.

Гэвч айлчлалын үр дүнгээр гаргасан  хоёр талын хамтарсан мэдэгдэлд   байнга төвийг сахих санаачилгын тухай нэг ч үг дурдсангүй. Харин ч бүр манайхны зориод хүсээд байгаагийн яг эсрэгээр нь “Талууд олон улсын болон бүс нутгийн үйл хэрэгт хамтран ажилладаг уламжлалаа хадгалахыг санал нэгтэй зөвшөөрөв. …Талууд Шанхайн хамтын ажиллагааны байгууллага зэрэг бүс нутгийн олон талт бусад механизмын хүрээнд нэгдмэл эрх ашгийн төлөө хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ” хэмээн тусгажээ.

Түүгээр ч үл барам “…Хятадын тал Монгол Улсыг олон улсын болон бүс нутгийн үйл хэрэгт идэвхтэй үүрэг гүйцэтгэх, Монгол Улсыг Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага /АПЕК/-д элсэх, Зүүн Азийн хамтын ажиллагаанд идэвхтэй оролцох, Зүүн Азийн дээд түвшний уулзалт болон БНХАУ, Япон, БНСУ-ын гурван талт хамтын ажиллагаанд зохистой хэлбэрээр оролцохыг дэмжинэ” хэмээн дурдсан нь Монгол Улс олон улсад ямар бодлого явуулж ирсэн, ямар замаар явж ирсэн түүгээрээ л явтугай, бид урьдын адил саад болохгүй дэмжсэн хэвээр байх болно гэдгээ хангалттай ойлгуулахуйцаар илэрхийлсэн байх юм.

Үргэлжлүүлээд манай Ерөнхийлөгчийн Байнга төвийг сахих санаачилгыг бус, түүний дэвшүүлсэн Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгыг дэмжиж, хоёр тал болон олон талт түвшинд хамтран ажиллахаа илэрхийлсэн байна.

Хоёр хөршийн маань байр суурь нэг иймэрхүү л байна.

Гэвч манай Гадаад яам  гуравдагч орнуудаар Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн нэртэй санаачилгыг хүлээн зөвшөөрүүлэхээр  цуцалтгүй ажиллаж, ядахдаа л сайшаасан үг сонсох гэж оролдсоор байна. Парист болсон алан хядлагын дараа Ерөнхийлөгч Францад айлчлах үед мөн л энэ санаачлагаа Франсуа Олландад  танилцуулжээ.

Хариуд нь Францын тал  “Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгыг Франц Улс сонирхон хүлээн авснаа илэрхийлэв” хэмээн хоёр улсын ерөнхийлөгчдийн хамтарсан мэдэгдэлд тусгуулж өгчээ. Сонирхоно гэдэг бол зарим тохиолдолд сонссоноос ялгаагүй л үг болдог.

Гадаад орчинд Ерөнхийлөгчийн санаачилсан “Монгол Улсын Байнга төвийг сахих статус”-ыг иймэрхүү л байдалтай хүлээн авч байна. Дотоодод ч тэгвэл шүүмжлэх хүмүүс цөөнгүй.

Тухайлбал элчин сайд Ч.Баатар “Манай өнөөгийн бодлогыг олон улсын харилцааны томъёоллоор аюулгүй байдлаа “Буфер” улсын байдлаар буюу “Жийргэвч” маягаар хангах гэж тодорхойлдог. Буфер баримтлалын үед аюулгүй байдлаа “Улс төр, дипломатын аргаар хангах”- ыг гол болгон баримтлах хэдий ч манай эргэн тойрны байдал эрс хурцдан, Монгол Улсын аюулгүй байдалд ноцтой аюул учруулах заналхийлэл бий болбол бусад том улс гүрэн, эвсэл холбоонд хандан тэдний нөмөр нөөлөгт орох боломж нээлттэй төдийгүй, хамгаалах тийм эвсэл холбоог тайван цагт эрж олох, амлалт дэмжлэгийг нь авах явдлыг гадаад бодлогын нэг гол зорилт болгон 1994 оны Үзэл баримтлалд тод тусгаж өгсөн байдаг. Хэрэв Төвийг сахихаар шийдвэл тийм аюул заналхийлсэн үед бусдад найдах үүд хаалга хаагдах бөгөөд өөрийгөө хамгаалах явдал гол зорилт болон тавигддаг.

Төвийг сахисан сонгомол улс Щвейцарь байлдааны тийм чадавхийг хангахаар тэмцэж ирсэн орны тод жишээ юм. Манайхаас газар нутгийн хувьд 36 дахин жижиг энэ улс орчин үеийн байлдааны 190-ээд нисэх онгоцтой, батлан хамгаалах жилийн төсөв нь 4.8 тэрбум ам.доллараар хэмжигддэг. Байлдааны олон төрлийн зэвсэг техникээ өөрөө үйлдвэрлэдэг, айл бүрээ байлдааны буу зэвсэгээр зэвсэглэсэн, байлдааны байнгын бэлэн байдалд байдаг гээд тоочоод байвал төвийг сахихыг ямар их үнэ цэнэ, хүч чармайлт, байлдааны бэлтгэл, хөрөнгө хүч зарцуулж байж хангадгийг харж болно.

Энд мөн Монгол Улс газар нутгийн хэмжээ, цэрэг стратегийн ач холбогдлоор Щвейцариас хол ялгаатай болох нь харагдана. Түүгээр яваа гайг үүгээр дуудаж авчирна гэгчээр өнөөдөр болж бүтэж  таарч тохирч байгаа гадаад бодлого, аюулгүй байдлын чиг баримтлалаа таягдан хаяж, хадгалж хамгаалж эс чадах Төвийг сахисан байдлыг сонгох нь хэр ухаалаг алхам бол оо. Ядарч тэвдсэн хүнд үед холбоотон ч үгүй, өмгөөлөл хамгааллыг авч болдог үүд хаалгаа үүрд түгжиж хаях нь хэр зөв бол” хэмээн үзэл бодлоо хурцаар илэрхийлжээ.

Тэгвэл судлаач Б.Амирлин юу гэж үзсэнийг сонирхуулья. “Монгол Улс төвийг сахиж, түүнийг нь хөрш орнууд, бусад түнш орнууд хүлээн зөвшөөрлөө гэж бодоход манай улсын гадаад бодлогын идэвхтэй, давшингуй шинж чанар алдагдах юм. Монгол Улс олон улсын аливаа маргаантай асуудлаар нэг л тогтсон (төвийг сахисан) байр суурьтай болох учир бусад улс орон Монголын санал, дэмжлэгийг авахын төлөө ажиллах шаардлагагүй. Монгол Улс юу гэж үзэж, бодож байгаа бол, ямар шинэ санаа, санаачилга гаргаж чадах бол гэсэн хүлээлт байхгүй болно.

Бид Ази тив дэх ардчиллын үлгэр жишээ орны хувьд ардчиллын замыг сонгон авч байгаа орнуудад туршлагаа хүртээх, тусламж дэмжлэг үзүүлэх бодлогоосоо татгалзах хэрэгтэй. Учир нь ардчиллыг сонгож авсан орнуудад нөлөө үзүүлэх явдал нь төвийг сахих бодлоготой зөрчилдөх юм. Ардчилсан, ардчилсан биш гэсэн хуваагдлын аль нэг талд ил тод зогсох боломжгүй болно” хэмээжээ.

Үүнтэй агаар нэгэн санааг Г.Уянга гишүүн “Төвийг үл сахих нь” нийтлэлдээ дурджээ.

“Хэрэв Монгол Улс байнга төвийг  сахивал “хаалгаа хаах”, “идэвхгүй байх”, “түгжигдэх“,”консервлогдох”, “вакумд орох” нь гарцаагүй юм. Дэлхий нийт эгзэгтэй, ээдрээтэй өнөө цагт Монголын гадаад харилцааны асуудал хувь хүний пиар төдий байж болохгүй. Өнөөг хүртэл бидний ганц бахархдаг зүйл нь хэдийгээр дотооддоо эв эвдрэлцдэг ч гадаад харилцааны асуудалд зангидсан гар мэт нэгдмэл байсан, гэтэл сүүлийн энэ аргамжаа өдгөөгийн ерөнхийлөгчийн үед алдарлаа. Систем задран унаж байгаагийн бас нэг илрэл. Бид бүс нутгийн интеграцаас өөрийгөө хүчээр салгаж болохгүй. Бид энд 1990 онд нүүж ирсэн үндэстэн биш, төрт улс байгуултлаа олон мянган жил, төрт улсаа байгуулаад 2200 гаруй жил амьдарсан угсаатан гэдгээ мартаж боломгүй. Дэлхий дахин “олон туйлт” болчихсон өнөө үед “нэг туйлт” бодлого зүтгүүлж, тэр нь явцгүй болохоор “төвийг сахина” гэж мугуйдлан зүтгэх нь монгол үндэстнийг хорлож байгаа хэрэг юм” гэсэн байна.

Үнэхээр гадаад бодлогын аливаа санаачлага гаргахдаа ялангуяа мэргэжлийн олон хүн, эрдэм шинжилгээ судалгааны байгууллагуудаар тал бүрээс нь судлуулан, түүний манай улсын аюулгүй байдалд үзүүлэх нөлөөллийн сайн тал, сөрөг муу үр дагаврыг нарийвчлан тогтоосны дараа олон нийтээс санаа бодлыг нь өргөн хүрээнд авч тухайн санаачлагыг дэвшүүлэх эсэхээ шийдэх учиртай баймаар. Гэтэл сүүлийн үед манай улсын гадаад бодлого, аюулгүй байдлыг ноцтой хөндөх том асуудлуудыг үндсэндээ цөөхөн хүний үзэмж, сэтгэлийн хөөрөл, эсвэл нууц учир битүүлэг шалтгааны улмаас гэнэт гарган тавьж зүтгүүлдэг болсон нь харамсалтай.

Байнга төвийг сахих санаачилгыг хамгийн их дэмжиж уриалан сурталчилж байгаа дипломатч Д.Баярхүү саяхан манайхны үлгэр жишээ болгон магтаад байгаа Швейцарт гадаад яамны төлөөлөгчдийг ахлан айлчилж төвийг сахих туршлага судалжээ. Туршлага судлаад олон арван жил төвийг сахисан Швейцарт энэ бодлогыг баталгаажуулсан ямар ч хууль байхгүй болохыг олж тогтоосон байна.

Тэнд хуульгүй байнга төвийг сахиж болоод байгаа юм бол бид энд хуультай болох гэж адгаад байх хэрэг байна уу. Ерөнхийлөгчөө түргэн түүхий асуудлаар хөтөлж хөршүүд, түншүүдийн өмнө  байдалд оруулж байхаар эвгүй байдлаас эртхэн мулталчихвал яасан юм бэ, Л. Пүрэвсүрэн сайд аа!

Эх сурвалж: Tsenzurgui.mn


URL:

Нэр: Жагаа Огноо: 27 November 2015

Ард иргэдийнхээ итгэлийг олоод явж бгаа Мундаг хүн шүү дээ Ерөнхийлөгч

Нэр: Дук Огноо: 27 November 2015

Ард иргэдийнхээ итгэлийг олоод явж бгаа Мундаг хүн шүү дээ Ерөнхийлөгч

Нэр: Sanjaa Огноо: 27 November 2015

Mongol ulsiin tuuhend bas l unetei huwi nemer oruulsan hun dee saituud maani ydj sailahguimaa ghd muulahgui l bh heregteeidee

Нэр: Азаа Огноо: 27 November 2015

Түүхэн дэх хамгийн мундаг гадаад бодлогыг маш сайн зохион байгуулж чаддаг Ерөнхийлөгч шдэээ хэн ч маргахгүй биздээ

Нэр: Anonymous Огноо: 28 November 2015

yag uu? hehehe

Нэр: Anonymous Огноо: 28 November 2015

Энхбаярыг минь яаж гүицэх билээ гэж

Нэр: Anonymous Огноо: 29 November 2015

энхбаяр бол зүгээр л өөрийнхөө арьсаа хамгаалж яваа хүн яана даа

Сэтгэгдэл бичих