Брюс Ли мэндэлжээ
Орчин үеийн тулаант кино урлагийг үндэслэгч Хонгконгийн нэрт жүжигчин Брюс Ли(Bruce Lee) 1940 оны эл өдөр Калифорни мужийн Сан Франциско хотод мэндэлжээ. Брюс Ли буюу Ли Жүн Фэн (Lee Jun Fan)-ийг таван настай байхад тэдний гэр бүл Хонгконгт суурьшжээ. Энэ үеэс залуу Брюс “The Birth of mankind” (1946), “Fu guiyu fun” (1948) зэрэг кинонд хүүхдийн жижиг дүрүүдийг бүтээж эхэлснээр кино урлагт эргэлт буцалтгүй дурласан гэдэг. Тэрээр АНУ-д амьдрах хугацаандаа дэлгэцэнд гол дүр бүтээж амжаагүй ч, тулааны урлагт шамдан суралцаж, ирээдүйн замналдаа бэлтгэж байсан юм. Тэрээр Холливудад жижиг дүрүүдэд тоглож олсон орлогоороо Хонгконгийг зорьж, найруулагч Рэемонд Чоутай танилцснаар түүний алдрын эхлэл тавигдсан түүхтэй. Түүний гол дүр бүтээсэн “Enter the Dragon” кино гарсан цагаасаа Холливудад шуугиан тарьж, дэлхий дахинг байлдан дагуулсныг үзэгчид одоо хэр нь мартаагүй биз ээ. Тэрээр шар комбинзон, галзуу хашгираанаараа үзэгчдийн зүрх сэтгэлд мөнхөрсөн билээ.
Сан Франциско хотын Хятад хороолол Бээжин хоттой эндүүрэм болов. Эцэг Ли Хой Чен ах дүү, анд нөхөд, найрсаг хөршүүдээ хүүтэй болсны баярт урьж хөлтэй цэнгэлийг үүсгээд, бяцхан хүүгээ тэвэрч хүндтэй суудалд суулаа. Зочдын дундаас ваартай дарсанд үл мэдэг халамцсан нэгэн хижээл эр шинэ хүний алдар нэрийг анхлан асуухад хадагтай Грейс Ли хүүдээ Ли Юн Фан хэмээх охин хүүхдийн нэр хайрласнаа хэлжээ. Ингэж алтан луу хорвоод ирсэн хийгээд энэ бол төмөр луу жилийн үйл явдал бөлгөө.
Бяцхан Ли-д тийн охин хүүхдийн нэр өгсөн нь Хятадын эртний шашин шүтлэгтэй холбоотой байлаа. Чингээд 1941 он гарахад Ли-г “Алтан Хаалганы охин” хэмээх жүжигт, нялх хүүхдийн дүр бүтээлгэхийг хүссэн байна. Ноён Ли Хой Чен, эхнэрийн хамт энэ саналыг дуртай хүлээн авч, жаалхан хүүгээ үзэгчдийн дундаас харж суужээ. Бяцхан Ли ч өөрт оногдсон дүрээ амжилттай бүтээж, жүжиг төгсөн, хөшиг хаагдлаа. Даруй гурван жил өнгөрөхөд Ли Юн Фан хүү сэргэлэн цовоо, эгдүүтэй, хүмүүсийн хайрыг булаасан жаахан амьтан болжээ. Эцэг Ли Хой Чен хүүдээ хятад хэлийг гэрээр сургаж, Ли гадаа тоглохдоо Англи хэлэнд шамдана.
Гэтэл нэгэн үдэш эцэг Ли Хой Ченийг унтуулахаар эртний Хятадын үлгэр домгоос сорчлон ярьж дуусаад “Хүү минь одоо унт. Маргааш өглөө бид эх нутаг руугаа буцах болно” гэж хэлсэн юм. Ингээд үүрийн гэгээ манхайн цайхад эрх чөлөөний эх орныг орхин Ли-гийн гэр бүл зовлон үзсэн дорно зүг рүү эргэлээ.
Дасал болсон ертөнцөөс нь арай доогуур зүйлс бяцхан Ли-г угтав. Хэдий Сан Францискогийн Хятад хороолол тийм ч таатай биш ч гэсэн Хонгконг-д түүнээс илүү гарах зүйл байсангүй. Ли Юн Фан хүү сургуульд орлоо. Гэтэл түүнийг охин хүүхдийн нэртэй гэж шоглож, шоодох хүүхэд олон болов. Хэзээний шартай, бууж өгөх дургүй Ли тэдгээр жаалуудтай нэгийгээ үзсэн ч тэр нэвширтлээ зодуулчихсан гэртээ ирлээ. Аав, ээж хоёр нь юу болсон тухай асуусан ч Ли тэдэнд хариулсангүй.
Маргааш өглөө нь тэр Ли Юн Фан хэмээх нэрээ Брюс Ли болгож, эцэг, эхийнхээ багагүй эсэргүүцэлтэй тулгарав. Түүгээр ч барахгүй нөгөөх зуу зуун жилийн түүхтэй тулаанч лам нарын эрдэмд шамдан суралцаж, бие хамгаалах урлагаар уйгагүй хичээллэх болсон юм. Ингээд 20 дугаар зууны хамгийн нөлөө бүхий 100 хүний нэг, дорнын уламжлал тулааны урлагийг дэлхий дахинд жинхэнэ утгаар цэцэглүүлэгч, алдарт кино жүжигчин, аугаа их хүмүүн Брюс Ли дахин төржээ.
Бюрис Ли-гийн амьдралд дутагдаж гачигдах, өвдөж зовох, өлсөж цангах өдөр хоногууд байгаагүй. 1958 оны тэр нэгэн үдэш… Жазз хөгжим эгшиглэж, ёслолын дэгжин хослол өмсөж, гоёж гоодсон эрхэмсэг ноёд, үзэсгэлэнт хатагтай нарын дунд Брюс Ли зогсоно. Тэр бас бусдын адил сайхан харагдах ажээ. Хүмүүсийн голд цэлийх талбайд бүжигчдийг урихад Брюс нэгэн үзэсгэлэнт залуу бүсгүйн хамт гарлаа.
Найрал хөгжимчид Ча ча ча бүжгийн сэтгэл хөвсөлзүүлсэн аялгууг тун ч сурмаг тоглоход Брюс Ли, сайх бүсгүйн хамт ёстой л үзүүлж өгөв. Тэнд байсан үзэгчид Брюсын өсгийнөөс оч үсэрч, бүсгүйн цагаан даашинзнаас ус дусч байх шиг… Бусад өрсөлдөгчид нь тэр хоёроос хол хоцорчээ. Бүр Англи, Францчууд хүртэл бүжиглэх ур чадвараараа тэр хоёр Хятад хосыг гүйцсэнгүй. Тэмцээний дүн гарахад Брюс Ли, хамтрагчтайгаа ялагчийн тавцан дээр зогсож байв. Тэр ингэж 1958 оны Хонгконгийн Ча ча ча бүжгийн аварга болсон юм. Брюс Ли-г урлаг алгуурхан даллан дуудсаар л…
Брюс Ли-гийн амьдрал энэ үед тийм ч тогтвортой биш байлаа. Тэр бүжгээр хичээллэхийн зэрэгцээ тулааны урлагийн бэлтгэл сургуулилтаа нэлээдгүй эрчимжүүлж, амжилтад хүрсэн байв. Гэвч хамгийн гол зүйлийг хараахан сураагүй байсан нь нижгээд асуудлыг дагуулжээ. Учир нь Хятадын уламжлалт Кунг Фу-ээр хичээллэж байгаа хүмүүс ямар ч хүнд нөхцөлд сэтгэлийг нэг түвшинд барьж, бусдад гэм хор учруулахаас зайлсхийх ёстой гэсэн хатуу зарчимтай. Брюс Ли анхандаа энэ дүрмийг тийм ч ихээр дагж, мөрдөхийг урьтал болголгүй, энд тэнд зодоон цохион хийж, бэлтгэл сургуулилтаа бодит байдал дээр турших дуртай байлаа. Аргаа барсан эцэг Ли Хой Чен хүүгээ Америк руу буцаалаа… Галзуу барын аманд гараа хийхээс буцахгүй, хэнтэй ч, хаана ч нударга зөрүүлэхэд бэлхэн Брюс Ли 19 настайдаа эргээд АНУ-ын Сан Францискод ирлээ.
Үнэндээ эрх чөлөөний эх орон түүнийг сургасан юм. Бюрс эхлээд төрсөн нутагтаа ажиллаж, амьдарч байгаад төдөлгүй Сиэтл хотод ирж, Эдиссоны техникийн их сургуульд элсэн суралцаж амжилттай төгслөө. Чингээд материаллаг зүйлс гэхээсээ илүүтэй оюун санааны нээлтүүд, гүн ухаан, философи түүний сонирхлыг ихээхэн татаж Вашингтоны их сургуулийн оюутан болов. Брюс хувирч байлаа.
Өсвөр насныхаа төөрөгдлөөс гарч, биеийн хүч, уран чадвараас сэтгэлийн тамир тэнхээ илүү гэдэгт тэр өдгөө эргэлт буцалтгүй итгэж, тэрхүү хүслийн дуудлага, мөрөөдлийн хөтөч болсон хязгааргүй орон зайд орших байгалийн хүчинд шавилж, түүн лугаа болохыг эрмэлзэх болжээ. Гэгээрч эхэлсэн яг тэрхэн үедээ Брюс Ли амьдралынхаа ханийг олсон юм. Линда Кэдвелл хэмээх цагаан арьст бүсгүй түүний том хүү Брэндон, удаах хүү Шэннон нарыг 1965, 1969 онд төрүүллээ. Брюс Ли огтхон ч завгүй. Тэр эхлээд сурахын зэрэгцээ Америкчуудад дорнын уламжлалт тулааны урлагийн тухай телевизийн цуврал сургалт бэлтгэж байсан нь ихээхэн амжилт олов. Америкчууд гэнэтхэн хаанаас ч юм бэ? Хэзээ ч юм бэ?
Гараад ирсэн энэ л жижигхэн ази залууд анхаарлаа хандуулж, мэргэжлийн сагсан бөмбөгийн одууд, алдартай кино жүжигчид Ли-г багшаа гэж дуудаж эхэллээ. Брюс Лигийн дараагийн алхам бол дорно дахины тулааны урлагийн сургууль нээх явдал байв. Тэр энэ бодлоо амьдрал дээр буулгаж гурван хотод шинэ тулааны урлагийн шилдэг сургуулийг нээлээ. Түүний ганцаарчилсан сургалт 200 гаруй долларын үнэтэй байсан гэдэг. Тэгэвч тухайн орон нутгийн тулааны урлагийн мастерууд Брюс Ли-д дургүйцэж, удаа дараалан халз тулаанд дуудав. Хачирхалтай бас бахархалтай нь бидний баатар Америкт байсан бүхий л өрсөлдөгчдөө ялж, наран шингэх зүгийн бие хамгаалах урлагийн ертөнцөд өөрийн нэр, төрийг дархалж чадсан юм.
Түүнийг басан доромжилж, түүнтэй тулалдсан Дэн Инсантог тэргүүтэй мастерууд цөм Брюс Ли-гийн шавь нар болсон юм. Шинэ тулаанч гарч ирэн бодит амьдрал дээр шуугиан тарьж байгааг кино ертөнц нижгээд чимээгүй байсны эцэст Брюс Ли-д урилга өглөө. Тэгэхдээ алдарт Бетмен цувралын нэг ангид ноён Хорнетын жолооч Катогийн дүрийг бүтээхийг хүсчээ. Кино амжилттай болж, үзэгчид хар нөмрөгтэй шөнийн баатраас илүүтэй түүний чадварлаг тулаанч, жолооч Катог сонирхож эхлэв. Тийм ээ Брюс Ли байх ёстой байрандаа ирлээ. Нэр алдар нь өдрөөс өдөрт өсч, америкчуудын анхаарлын төвд оршиж эхэлсэн яг тэр үедээ Брюс Ли нуруундаа хүнд гэмтэл авсан юм. Тэр хэзээ ч, хэрхэвч залхуу занг тэвчдэггүй, чөлөөт цаг гарсан тохиолдолд бэлтгэл, сургуулилтаа хийсээр байдаг байсан нь зарим нэг бэртэл, гэмтлийнх нь эх үүсвэр болсон байдаг. Эмнэлэгт удаан хугацаанд хэвтэхдээ тэр бас л зүгээр байсангүй.
Уламжлалт бие хамгаалах урлагийн арга барилыг эвдэж, өөрийн тулааны шинэ аргыг боловсруулав. Тэгээд түүнийгээ Жет Кун До хэмээн нэрлэжээ. Брюс Ли-гийн үндэслэсэн Жет Кун До бол бие хамгаалах урлагийн олон төрлийн зөвхөн давуу талуудыг нэгтгэсэн зүйл байлаа. Нөгөөтэйгүүр Брюс Ли философийг ихээхэн шимтэх болсон нь зөрчилдөөний хурц хэлбэрийг урлаг болгоход том үүрэг гүйцэтгэжээ. Үүний дараа заналт дайснаа хэрхэн номхотгох талаар, бас шударга тулалдах тухай Брюс Ли-ийн бичсэн ном одоо ч дэлхий дахинд гүйлгээтэй хэвээр байгаа.
Гэвч Америк Брюст тийм ч их боломж олгохгүй л байлаа. Кино урлагт хүч үзэхээр Сэтгэл шулуудсан залуу тулаанчийн урам удаа дараалан хугарч, эцэст нь Бюрс Ли Хонгконгийг зорив. Түүнийг эргэж ирэхэд олон зүйл өөр болжээ. Тэр дундаа Хятадын кино урлаг бүр илүү хүчээ авсан байлаа. Гэтэл Брюс Ли-д нэг зүйл огтоос таалагдсангүй. Тэр нь мэргэжлийн тулаанч биш зөвхөн жүжигчид бие хамгаалах урлагийн тухай кинонд тоглож, хэтэрхий хэтрүүлэгтэй, санаанд багтамгүй нисч дүүлсэн, үсэрч харайсан зүйлс зонхилж байв. Брюс үүний эсрэг зогсохоор шийджээ.
Тэр тулаант киног бодит байдалтай ойртуулахыг хүсэв. Тэгээд бүхий л шилдэг продюсеруудтай уулзаж, өөрөө зохиолыг нь бичиж, найруулан, гол дүрд нь тоглосон “Хилэнт нударга” хэмээх анхны бүтээлээ гараас гаргалаа. 100 мянган долларын өртөгтэй бүтсэн энэ кино Ази тивийг шуугиулан, өртөг зардалаа хэд дахин нугалж оллоо. Удалгүй “Луу эргэж ирсэн нь”, “Луугийн дайралт”, “Том босс”, “Луугийн арал” тэргүүтэй кинонууд дэлхийн кино ертөнцийг донсолгож, Брюс Ли Хятадын тулааны урлагийн нүүр царай болов.
20 дугаар зууны 70-аад он гарахад Брюс Лигийн киног үзсэн хүүхэд залуусын дунд түүнийг даган дууриах дургүй нэгнийг олоход үнэхээр хэцүү байлаа. Ази төдийгүй, Европын олон оронд хятад шаахай угалж, өргөн хар өмд, эсвэл хар эмжээртэй шар хувцас өссөн хөвгүүд энд тэндгүй гүйлдэх болж, бие хамгаалах урлагаар хичээллэгсдийн тоо эрс өсөв. Мөн тэдний ёс суртахуун ч өссөн болно.
1973 оны долоодугаар сар… Брюс Ли ээлжит дуулиант уран бүтээл болох “Үхлийн тоглоом” кинонд гол дүр бүтээж байв. Хүнд хэцүү үзүүлбэр, амь өрссөн эгшин, бас тулааны урлагийн төгс элементүүд… Гэвч үхлийн тоглоом Брюс Ли-ээр тоглоно чин ээ хэн санах билээ… 1973 оны долоодугаар сарын 20-ны өдөр Брюс Ли учир битүүлгээр нас барлаа…
Түүнийг цагаан торгоор доторлосон улаан модон хайрцаганд хийж, гадаад орчноос шилээр тусгаарлажээ. Зуу зуун нүдээ арчсан хүмүүс. Хөөрхий эцэг Ли Хой Чен, ээж Грейс Ли нар хайрт хүүгээ эцсийн замд нь үднэ… Дэлхий дахин энэ мэдээнд цочирдов. “Үхэшгүй мөнх байхын гол зүйл нь үргэлж дурсагдахаар үнэ цэнэтэй амьдрах” энэ үгийг тэр хэлсэн. “Үхлийн тоглоом” киног үргэлжлүүлэн хийж дуусгахдаа Брюс Ли-г өөр жүжигчнээр орлууллаа. Алдарт хүмүүний алтан шарилыг АНУ-ын Сиэтл хотноо мянга мянган шүтэн бишрэгчид нь оршуулжээ.
Өнгөрсөн зууны хариулт нь эс олдсон олон олон асуултын дунд Брюс Ли-гийн амьдралын сүүлчийн мөчүүд хийгээд, түүний үхлийн шалтгаан томоохон байр суурийг эзэлдэг. Энэ тухай олон төрлийн тайлбар байдаг ч нотлогдсон нь үгүй… Брюс Ли зуурдаар энэ орчлонг орхихдоо дөнгөж гуч гаруйхан настай, 171 см өндөртэй 57.6 кг жинтэй байжээ.
Саяхан алдарт жүжигчний дүү Роберт Ли, Брюс Ли-г бусдын гарт амиа алдсан гэсэн таамаглалыг эрс няцаажээ. Тэр хэлэхдээ “Ах минь хэзээ ч, хэрхэвч буруу хэрэгт орооцолдоогүй юм” гэсэн байна. Роберт Ли бас Брюсыг жоомноос л ганцхан айдаг байсан тухай ярьжээ. Харин нэрт жүжигчин Жеки Чан Брюс Ли-гийн “Луугийн арал” кинонд туслах дүр бүтээхдээ түүнд сүрхий цохиулсан хийгээд, Бюрс дөнгөж дэлгэцэнд гарч байсан Чеки Чанаас хичээнгүйлэн уучлалт гуйсан, тэр маш эелдэг, найрсаг нэгэн байсан тухай хэлсэн байна. Хачирхалтай нь Брюс Ли, Жеки Чанд “Чи сайн тулаанч болохын тулд хоногийн 24 цагаар бэлтгэл сургуулилтаа хийж бай…” гэж захижээ. Жеки Чан энэ үгийг дандаа эрхэмлэж явдаг. Эх сурвалж: www.assa.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
goy niitlel bna