Тостын нуруунд лиценз аваад, хүн амины хэрэгт сэжиглэгдэж буй 18 компанийн нэрс ил боллоо
Өмнөговь аймгийн Тосон бумбын нурууг Төрийн хамгаалалтад оруулахын төлөө ажиллаж байсан “Ирвэс хамгаалах нийгэмлэг”-ийн судлаач Т.Лхагвасүмбэрэл гэх залуу учир битүүлгээр амь насаа алдсан хэрэг гарснаас хойш өнөөдөр сарын тал болчихлоо.
Тэрээр гурван ч удаа халдлагад өртөж байсан болохыг бид өмнө нь дэлгэрэнгүй нийтэлсэн. Товчхоноор дахин сануулбал 2014 оны 5 сард түүнийг үл таних 4 залуу хүч хэрэглэн сүрдүүлж, гүрээ, гарын шуу хавьд нь хутгалж, ухаан алдуулаад хаяад явчихсан байна. Үүний дараа буюу 2015 оны нэгдүгээр сарын 5-ны орой 7.00 цагийн орчимд хар машинтай танихгүй залуус машиндаа хүчээр суулгаж яваад, “Чи хөдөө байхдаа их цорцгонодог бацаан гэл үү, Хуулийнхан бидний гарт байгаа та нар олж чадахгүй” хэмээн шөнөжин зодчихоод, үүрээр хотын төвд оруулж, ирээд машинаасаа буулгаж хаясан байна. Мөн дараа нь 2015 оны 4 сарын 30-ны өглөө 10 цагийн үед Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост багийн нутаг Хүрэн даваа гэдэг газар судалгааны ажилтай мотоцикльтой явж байхад нь нүүрэндээ маск өмссөн хоёр хүн замын хажуу дахь хадны араас гэнэт гарч ирээд нэг нь цохиж, нөгөө нь хэвлийн тус газар нь гурван удаа хутгалан хүнд гэмтэл учруулсан аж. Хутгалуулсныхаа дараа 3 цаг орчим 30 км яваад, отог дээрээ очиж хүн эмнэлэг болон Өмнөговийн Гурвантэс сумын хэсгийн төлөөлөгчид мэдэгдсэн байдаг. Улмаар хот руу яаралтай онгоцоор ирж, Цэргийн госпитальд дотуур цус алдалттай гээд, хагалгаанд орж байсан ажээ.
Ингээд дахин халдлагад өртөхөөс айсандаа хөдөө гэр рүүгээ очоод, нуугдмал байдалтайгаар тэндээ зусчихаад, хот руу ирээд сар болж байхдаа ийнхүү амиа алдсан байна.
Түүнийг ийнхүү халдлагад өртөж, удаа дараа дарамталсан хүмүүс нь Тосон бумбын ууланд лицензтэй компанийнхан байж болзошгүй хэмээн ар гэрийнхэн болон ажлын хамт олон нь сэжиглэж байгаа юм. Тэгвэл Тост, Тосон бумбын нуруунд лицензтэй 18 компани байгаагаас нэг нь ашиглалтын зөвшөөрөл бусад нь хайгуулын эрхтэй юм байна.
Тост, Тостын нуруу хэмээх дэлхийд нэн ховордсон ан амьтан, ургамалын өлгий нутагт хайгуулын зөвшөөрөлтэй 17 компани болоод ашиглалтын лицензтэй нэг компанийн эзэд нь улс төрд нэлээд ойр, шийдвэр гаргах түвшинд ажилладаг хүмүүс байгаа учир тэндэхийг төрийн хамгаалалтад авах ажил шийдэгдэхгүй байгаа гэдгийг УИХ-ын гишүүд хүртэл хэлж байна. Тэгвэл төрийн шийдвэрт хүртэл нөлөөлж, улсын ажил уяхаас гадна хүн амины хэрэгт сэжиглэгдэж буй нэр бүхий 18 компанийг нийтэд ил болгож байна.
Н.Ганчимэг
dorgio.mn
URL: