Ж.Нямдаваа: Эцэг эх, багш нь хүүхдүүддээ архи уухыг зааж байна

Өсвөр үеийнхний дунд архидалт өндөр байна гэсэн судалгааны дүн гарчээ. Хууль зүй, дотоод хэргийн яам, төрийн бус байгууллагуудаас өсвөр насныхны дунд хийсэн судалгаанд хамрагдсан нийт хүүхдүүдийн талаас дээш хувь нь согтууруулах ундаа хэрэглэж үзсэн, охид ихэвчлэн насанд хүрсэн хүмүүстэй архиддаг гэх мэт ноцтой баримтууд байна. Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн яамны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Ж.Нямдаваатай ярилцлаа.

Судалгаанд хэддүгээр ангийн хүүхдүүд оролцсон бэ. Ер нь өсвөр насныхан ямар шалтгаанаар архи уугаад байна вэ?

“Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагын санхүүжилтээр Хууль зүй, дотоод хэргийн яам болон Архидалт мансуурлын эсрэг ассоциаци хамтран “Өсвөр үеийнхний дундах согтууруулах ундааны хэрэглээ, хор хөнөөлийн талаарх мэдлэг, хандлагыг тогтоох” судалгааг хийсэн.

Судалгаанд арван аймаг, нийслэлийн дөрвөн дүүргийн 6-11 дүгээр ангийн 7000 сурагч оролцлоо. Судалгааны дүн маш муу гарсан. Хүүхдүүдийн 76 орчим хувь нь согтууруулах ундаа ямар нэг хэмжээгээр хэрэглэсэн байна. Мөн 54.5 хувь нь согттолоо ууж байсан байна. Бүр 6.1 хувь нь тасарч унатлаа архи уусан гэсэн дүгнэлт гарлаа. Насны хувьд 69 дүгээр ангийн хүүхдүүд ихэвчлэн согттолоо архи ууж үзсэн байна. Энэ дүн шилжилтийн настай холбоотой ч байж мэдэх. Шалтгаан гэвэл эцэг эх, багш нартай нь шууд холбоотой байна.

Эцэг эх, багш нар нь архи уудгаас хүүхдүүд согтууруулах ундаа сонирхоод байна гэж үү?

Судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн аавуудынх нь 81.9 хувь, ээжүүдийнх нь 60.1 хувь согтууруулах ундааг тодорхой хэмжээгээр хэрэглэдэг гэсэн үзүүлэлт гарсан. Олонхи аавууд баяр ёслолоор хааяа архи хэрэглэдэг гэсэн бол 2.3 хувь нь үргэлж согтуу байдаг аж. Эндээс гэр бүлийн хүрээнд архины хэрэглээ нэгэнт бий болчихож. Энэ нь тэдэнд нөлөөлж “Аав ээж, ах эгч архи уудаг юм чинь бид ч том болоод архи ууна” гэсэн ойлголтыг хүүхдүүдэд өгчихсөн байна. Монголчууд баяр ёслолыг архигүйгээр төсөөлдөггүй. Бүр архины нэр, хэмжээгээрээ гэр бүлийнхээ үзэмж, чансааг тодорхойлдог.

Багш нарын хувьд сурагчдаа архинд явуулдаг. Хүүхдүүдийн олонхи нь “Аав ээж, багш нар архи аваад ир гэж дэлгүүр рүү явуулдаг” гэж хариулсан. Үүнээс болоод хүүхдүүд ямар архи хэдэн градустай, ямар нь үнэтэй гэх зэргийг сайн мэддэг болчихсон. Ерөөсөө л эцэг, эх, багш нар нь хүүхдүүддээ архи уухыг зааж өгөөд байна.

Өсвөр насныхан ямар үед архи уудаг юм бол?

Яг л томчуудыг дуурайж баяр ёслолын үед, гуньж гутрахдаа архи уудаг. Бүр баяр ёслолын үеэр гэртээ эцэг эхтэйгээ хамт байхдаа анх архи амсч үзсэн хүүхэд олон байгаа нь анхаарал татаж байна. 69 дүгээр ангийнхан найз нөхөдтэйгээ архи уудаг бол 10-11 дүгээр ангийнхан насанд хүрэгчидтэй архидах хандлага байна. Бүр сурлага нь муудахаар согттолоо архи уудаг гэж хариулсан хүүхэд олон бий.

Охид архинаас хол байж чадаж байна уу?

Харамсалтай нь үгүй. Судалгаанд хамрагдсан охидын 54.2 хувь нь согтууруулах ундааг хэрэглэж үзсэн бол 3.1 хувь нь согттолоо ууж байсан юм. Хамгийн эмзэглэмээр нь охид ихэвчлэн насанд хүрэгчидтэй хамт архиддаг. Үүний цаана охид бэлгийн дарамтад орох, биеэ үнэлэх магадлал өндөр байна.

Хүүхдүүд согтууруулах  ундаа худалдаж авах мөнгөө хаанаас олдог гэж байна вэ?

Мөнгөний асуудлыг тодорхой судалсангүй. Ерөнхийдөө аав ээжийнхээ өгсөн мөнгийг цуглуулж байгаад нийлж архи авч уудаг. Аав ээж нь хүүхдээ архинд гүйлгэхдээ шагнал болгож мөнгө өгдөг. Хүүхдүүд нь томчуудын дурлаад байгаа архийг сонирхож авч уухыг хүсдэг юм байна.

Архи хэрэглэдэг хүүхдүүдийн амьжиргаа ямар бол?

Мөнгөтэй айлын хүүхдүүд л архи уудаг. Түлээгээ бэлтгээд, усаа зөөгөөд явж байгаа хүүхдүүдэд архины тухай ойлголт бага байна. Байранд амьдардаг, эцэг эх нь боломжийн орлоготой хүүхдүүд архи уух сонирхол ихтэй.

Хүүхдүүд сургуульдаа архидаж байна уу?

Сургуулийн хүрээний архидалт бага байна гэсэн дүн гарсан нь хангалтгүй үзүүлэлт. Уг нь сургуульд архи огт байхгүй байх ёстой. Гэтэл сургуулийн хүрээнд архидалт байна. Сургуулийн багш нар, ахлах ангийнхан нь архи уудаг. Тэр сургуулийг төгсөөд явсан хүмүүс нь том ангийнхныг уруу татаж архи ууцгаадаг. Багш нь сурагчдаа архинд явуулдаг. Багш нь архи уугаад хөгжилдөөд байгааг харсан сурагчид архи уух сонирхолтой болдог гэнэ.

Ихэвчлэн бааранд архи уудаг юм болов уу?

Ихэвчлэн хээр гадаа, голын хөвөөнд амарч зугаалахдаа архи уудаг юм байна. Харин анги өсөх тусам баар, цэнгээний газарт орж томчуудтай хамт дарвих сонирхолтой болдог аж. Хүүхдээ олон хоногоор гэрт нь ганцааранг нь үлдээх, амралт зугаалганд хяналтгүй явуулах зэрэг нь архидах боломж олгоод байгаа хэрэг.

Хүүхдүүд нь согтуураад байгааг эцэг эх нь анзаарахгүй байна уу?

Эцэг эхийн хүүхдүүддээ хандах хандлагыг өөрчлөх цаг болсон. Тэд сургуульд нь найдчихдаг. Гэтэл сургууль нь зөвхөн боловсролд нь анхаардаг юм байна. Энэ дунд хүүхдүүд эзэнгүйдэж архи хэрэглээд байна. Ерөнхий боловсролын сургуулиудад архины хор хөнөөлийг сурталчлах хичээл бараг ордоггүй юм байна. Эрүүл мэндийн хичээлээр энэ талаар заах ёстой ч шаардлагатай мэдээлэл өгдөггүй. Ангийн багш юм уу биеийн тамирын багш эрүүл мэндийн хичээлийг заадаг. Ангийн багш эрүүл мэндийн хичээл заах цагаа ангийн хурал болгочихдог, биеийн тамирын багшийн мэдлэг хүрдэггүй.

Та хүүхдүүдийг архинд явуулдаг талаар багагүй ярилаа. Насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаа худалдахгүй гэсэн хууль үйлчлэхгүй байгаад бодлогын яамны хувьд хэрхэн хандаж байна вэ?

Хуулийн энэ заалт ер үйлчлэхгүй байна. Бид Архидан согтуурахтай тэмцэх шинэ хуулийн төслийг боловсруулж бүх яамдаас санал авч Засгийн газарт оруулахаар бэлтгэж байна. Шинэ хуульд хүүхдэд архи зарахгүй байх заалтыг бүр тодорхой болгоно. Мөн тамхин дээр байдаг шиг сэрэмжлүүлгийг архины шошго дээр тавиулах гэж байна. Худалдаа үйлчилгээний бүх цэгт “Насанд хүрээгүй хүүхдэд архи худалдаалахгүй” гэж томоор бичүүлнэ.

Судалгааг харахад хүүхдүүд сургуульд ороод архи ууж сурдаг гэж хэлэхэд буруудахгүй бололтой. Цаашид яавал дээр вэ?

Яам, Цагдаагийн ерөнхий газар гэх зэрэг төрийн байгууллага архитай тэмцээд үр дүнд хүрэх шинж алга. Харин нийгмийг тэр чигээр нь архины эсрэг хөдөлгөх ёстойг судалгааны дүн харууллаа. Хууль нь байдаг, шалгалт хийгээд байдаг. Захиргааны аргаар тэмцээд нэмэр алга. Бид нэг хэсэг хүмүүсээ архинд оруулаад алдчихсан. Тэднийгээ архинаас гаргахын тулд ажилласаар байна. Одоо хүүхэд байхаас нь архины хор хөнөөлийг зааж, ойлгуулах ёстой. Ингэхийн тулд ерөнхий боловсролын сургуулиудад энэ чиглэлийн хичээлийг албан ёсоор зааж, их дээд сургуулиудад архины эсрэг аян зохиож эхлээд байна. Уржигдраас их, дээд сургуульд архины эсрэг лекц уншиж эхэллээ. Нэгдүгээр сургуулиас эхлээд албан ёсоор хичээл зааж, архины хор хөнөөлийг сурталчилсан кино үзүүлж байна. Хэвлэл, мэдээллийн байгууллагууд ч энэ ажилд хамтраасай.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

Тус мэдээллийг бусад хэвлэл мэдээллийн байгууллага хуулбарлан нийтлэхийг хориглоно.

“ӨДРИЙН СОНИН”


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих