Украин, Оросын “тэмцэл”
Крым онц байдал зарлажээ. Учир нь Украинаас эрчим хүч дамжуулдаг цахилгааны шугамд гэмтэл гарсанаар Крым тэр чигтээ цахилгаангүй болж, дөрвөн өдрийг үдээд байгаа юм. Тиймээс энэ бүс нутагт “Танайд тог байна уу” гэх асуулт иргэдийн дунд хамгийн их яригдаж буй асуулт болжээ.
Ерөнхийдөө өнгөрсөн сараас хойш Украинаас Крымыг хангах цахилгааны утас руу хэд хэдэн удаа үндсэрхэг үзэлтнүүд халдаж байсан билээ. Крымын хойгийг өнгөрсөн жилийн хоёрдугаар сард ОХУ өөрийн бүс нутагтаа нэгдсэн байх бөгөөд үүнээс л Украины өнөөгийн хямрал үүссэн хэмээн ажиглагчид тэмдэглэдэг.
Тус улсын Ерөнхийлөгч асан Виктор Янукович ЕХ-той бус Орос улстай улс төр, эдийн засгийн төвшинд ойр түншлэхийг хүссэнээр Украинд төрийн эргэлт гарч, Янукович Орос улс руу зугтахад хүрсэн байдаг. Харин Украины төрийн эрхийг ЕХ-г дэмжигч, ойртон нөхөрлөхийг хүсэгчид авсан юм.
Улмаар тус улсын зүүн этгээдэд салан тусгаарлах зорилго бүхий хөдөлгөөн гарч Украины хямрал жинхэнэ утгаараа эхэлсэн. Тэгвэл ОХУ-ын бүрэлдэхүүнд очсон Крым эрчим хүчний хэрэглээнийхээ ихэнхи хувийг Украинаас авдаг бөгөөд үүнийг эсэргүүцсэн үндсэрхэг үзэлтнүүд хэд хэдэн удаа цахилгааны шонг унагаах зэрэг балмад үйлдэл гаргах болсноор тухайн бүсийн хоёр сая гаруй иргэд эрчим хүч авч чадахгүйд хүрээд байна.
Өнгөрсөн аравдугаар сард хэд хэдэн удаа цахилгааны шонд гэмтэл гарсан байх бөгөөд үүний буруутанг Оросын тал Украины үндсэрхэг үзэлтнүүд гэж үзэж байгаа юм. Ямартай ч, эл явдалтай холбоотойгоор Украин, ОХУ-ын хоорондын тэмцэл дахин сэргэв бололтой. Тодруулбал, Крымд цахилгаан тасарч, шонг засварлаж байгаа гэх мэдээллийг иргэдэд өгч буй хэдий ч, одоо болтол эрчим хүчний хэрэглээ сэргээгүй бөгөөд Крымын иргэдийн хувьд дахин цахилгаан Украинаас авна гэдэгт төдийлөн итгэхгүй байгаа аж.
Харин үүний хариу арга хэмжээ гэлтэй Орос Украинд нүүрс болон байгалийн хий нийлүүлэхээ болих шийдвэрийг гаргалаа. ОХУ-ын Төрийн өмчит Газпром компани Украины Засгийн газар байгалийн хийн төлбөрөө төлж чадаагүй учир тус улс руу хий нийлүүлэлтээ зогсоох болсноо зарласан. Газпром компанийн захирал Алексей Миллер “Украины байгалийн хийн компани Нафтогаз компани эдүгээг хүртэлх төлсөн мөнгөндөө таарсан хийг хэрэглээд дууссан. Ахин төлбөрөө төлөөгүй” хэмээн мэдэгдсэн байдаг.
Тэгвэл үүний хариу болгон Украин ОХУ хий нийлүүлэлтээ зогсоовол тус улсын нутгаар дамжин Европын орнууд руу нийлүүлэх хийн экспортод сөргөөр нөлөөлнө гэх анхааруулга бүхий мэдэгдлийг хийж байв. Үүгээр зогссонгүй Украины Ерөнхий сайд Арсений Яценук улсынхаа агаарын орон зайг дайран өнгөрөх ОХУ-ын бүх агаарын тээврийн онгоцуудад хориг тавьж буйгаа зарлаад амжлаа. Мөн Украины Засгийн газар Европоос илүү хямд үнээр байгалийн хий авч болох учир ОХУ-аас худалдан авахаа зогсоосон гэж мэдэгдсэн байна.
Байгалийн хий нийлүүлэлттэй холбоотой маргааны улмаас Украин урьдчилж мөнгөө төлж байх болсон юм. Украин ОХУ-д төлбөрийн өрөө барагдуулаагүйгээс “Газпром” компани өнгөрсөн 2014 оны зургадугаар сард байгалийн хийн нийлүүлэлтээ зогсоож байв. Эцэст нь тэмдэглэхэд, Крым рүү Украин цахилгаан дамжуулахаа больж, харин үүний эсрэг Оросын зүгээс хэрэгжүүлж буй “арга хэмжээ” нь байгалийн хийн экспортоо зогсоосон явдал гэж хардаж болохоор байсан юм.
Харин Украин ОХУ-аас хий авах шаардлагагүй бөгөөд агаарын орон зайгаа ашиглуулахгүй гэсэн хоригийг ОХУ-ын эсрэг тавилаа. Цаашид ОХУ, Украины тэмцэл хэрхэн өрнөх нь олон улсын анхаарлыг татаж байна.
Б.Даваахүү
Эх сурвалж: www.mminfo.mn
URL: