З.Долгорсүрэн: Аавдаа хаягласан сэтгэлийн захидал ч алга надад
Амьдралд хаягласан зовлон гунгийн зурвас гэж байхад
Аавдаа хаягласан сэтгэлийн захидал ч алга надад
Эрхэлж наадсан он жилүүд хайлж урсахад
Эцгийн төлөө золиослох сэтгэлийн өчил ч өчүүхэн аж
Худал үнэн алдаа мадагтайгаа хэдхэн үгийг сийлэхдээ
Хорвоогийн жам амьдралын өдөр хоногыг үл хайхрахдаа
Хайр нь буцалсан ч харцандаа нуусан эцэг хүний
Зүрхэн цохилтоор нь хамдааа булиглах
Цусан лугшилтаар нь хамтдаа урсах үр нь гэдэгтээ бахдаж
Хаяахан хатуу атлаа үнэн үгсээр зэмлэхэд тань
Халаглаж хайрыг тань мэдэрдэг тэнэгхэн үеэ
Онгод хөвөрсөн зурхай цагаан бичээс дундаас
Олноос онцолж чадаагүйд намайг уучил
Элдвийг муу хорон зүйлээс аргижрахад
Эцгийн минь алдар цуурайтдаг жамтай учир
Энэ биеээрээ би таныхаа шүтэлцлэл
Элэг зүрхээрээ би таныхаа үргэлжлэл…
Найргийн хойморт гал асаасан гэж
Надад урам хайрласан ч зэмлэл хүртээсэнд тань
Насандаа авахгүй даацтай шагналыг
Намуун аяз сэтгэлийн өчилөөр тань үргэлжлүүлнээ аав минь
Хайрлаад хэлээгүй сэтгэл нялххан байж болно биздээ…
Хүндлээд биширсэн бодол эмзэгхэн байж болно биз дээ…
Хүлээс нь алдуураагүй орон зайгаас тань уяатай үр нь
Үүл үүлийн дээд хүмүүн заяагаараа бахархая
Ая эгшигийн уянганд сэтгэл уяраад мэлмэрхэд тань
Амьдрал тэр чигээрээ уярах эгшиг нь би байна андгайлъя
Амин заяанд минь сургааль хайрласан хүмүүний ёсонд
Арга билгийн тавиланг шүтэж явна охин чинь
Үггүй харцанд чинь нялхарсан сэтгэлээр
Үр удмыг тань өлгийднөө үр нь
Ширүүн урсгалтай амьдралд арга ухаан болсон аав минь
Шүлэг шиг ариухан зэмлэл дундаас тань би
Шүлэгт мөрчилөх үнэнийг хайн шуналтана…
Хамгаас хайрт аав Агваандоржийн Загар танаа зориулж өчүүхэн зүйлийг бичлээ
Үхэл хагацалд холын орон зайнд оршивч
Үрийнхээ уйлалаар сэтгэлд тань нялхардаг хүү охин хоёр нь хайртай шүү таныхаа охин болж төрсөн минь миний дээдийн заяа
2010 он
URL: