Танилц СОНГУУЛИЙН ШИНЭ ЗУРАГ
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөс илүү анхаарал татах, жин дарж мэдэх хоёр ч мессеж нийгмийн сүлжээ төдийгүй Төрийн ордонд тарсан нь хүн бүрийн анхаарлыг тийш хандуулж эхэллээ. Тараагч нь засагт хамтарч байгаа АН хийгээд МАХН. Нэн шинэхнийг нь эхэлж дурдвал хоёр хоногийн өмнө хуралдсан АН-ын Гүйцэтгэх зөвлөлөөр МҮАН, ИЗНН-ыг эгнээндээ нэгтгэх асуудлыг хөвдсөн нь ил болсон тухай.
МАХН-ын дарга Н.Энхбаяр Төрийн ордноор ороод гарахдаа ирэх
сонгуулийн нооргоо тайлбарласнаас ердөө ганцхан хоногийн дараа гэсэн үг. З.Энхболд нь М.Энхсайханыхаа үйлдэл бүрийг үгүйсгэж, амаараа “огцруулчихсан” энэ үед өөрсдөөсөө тасарч унасан МҮАН-даа хадаг тосч, хавчуурганд нь ИЗНН-ыг ч элсүүлэхээр ярилцаж эхэлсэн нь ирэх сонгуулийн нэн шинэхэн чимээ. МАН болон парламентаас гадуурх намуудтай нэгдэж сонгуульд оролцох тухай сонголтууд байгааг дурдсан МАХН-ын даргын мэдэгдэл ч 2016 оны сонгуулийн өнгийг тодорхойлох хэмжээний, АН-ын чихэнд наалдхааргүй мэдээлэл байж болох.
Гэхдээ АН-ын Гүйцэтпэх зөвлөлийн хурлаар хөндсөн яриа хийгээд МАХН-ын даргын мэдэгдэл долоон сарын дараа болох сонгуулийн шинэ зурхайг бараг зураад ноорголчихлоо гэхэд болно.
1. Үндэсний зөвлөлдөх хороо, УИХ дахь Бүлгийн хуралдаанаас илүүтэй АН-даа хууль болж буудаг нь Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэр болоод удаж байна. Өчигдөрхөн л Гүйцэттэх зөвлөлөөр ярилцсан асуудал 24 цагийн дараа Бүлгийн гишүүдээ “багцалж”, Засгийн газраа ч тушиж орхидог нь үүний бэлээхэн жишээ. Үүгээр Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар хөндсөн МҮАН, ИЗНН-ыг нэгтгэх тухай яриа ойрын хугацаанд ажил хэрэг болж мэдэхээр байна. МҮАН-ын дарга М.Энхсайхан, Н.Энхбаяртай таарамжгүй болсноо хэвлэлийн болон цахим хуудсаараа дамжуулан илэрхийлсээр байгаа нь ч үүний нотолгоо. Эвслийн бүлгийн гишүүн О.Баасанхүү ч бүлэг доторх уур амьсгал нь хүндэрч эхэлснийг бататгасан ярилцлага өгсөн нь саяхан билээ. Ийм нэгэн шалтгаанаар “Шударга ёс” эвсэл задрах нь цаг хугацааны асуудал болж, ирэх оны сонгуульд нэг тогоонд багтахаасаа өнгөрснийг илэрхийлсэн үйл явдал ар араасаа улс төрд өрнөж байна.
Эвсэл задарсан тохиолдолд байсхийгээд гэрээгээ цуцлах, ЗасгийН газрыг огцруулахаар түрий барих болсон МАХН-ынхан АН-д хэрэггүй болох нь тодорхой. Нэг үгээр хэлбэл, АН-ынхан тулж явсан “таягаа” хаяж жинхэнэ бүрэлдэхүүнээрээ ажиллана гэсэн үг. Ядаж л МАХН-ын автораар Ч.Сайханбилэгийн танхимд суугаа Ц.Оюунбаатар, З.Баянсэлэнгэ, Ц.Цолмон нар хаяагаа хадарсан ч алдах зүйл, Засгийн газар унахааргүй сандлын олонх нь АН-д бий. Эсрэгээрээ МҮАН-ын Н.Батцэрэг танхимдаа үлдэж, Г.Уянга, М.Сономпил нар “давхар дээл” нөмрөх боломжтой болно. Үүн дээр ИЗНН-ын С.Оюун, С.Дэмбэрэл нарт ч хувцсаа зузаалах боломж нь нээлтгэй. Хуульд зааснаар УИХ-д 39 ба түүнээс дээш суудал авсан нам, эвслийг олонх гэж үзэхээр тусгасан. Үүгээр бол АН-ын-35 дээр МҮАН-ын 3, ИЗНН-ын хоёр гишүүнийг нэмэхэд тэд хангалттай Засгийн газраа бүрдүүлээд явчихна. МҮАН-ын дарга М.Энхсайхан АН-тай нэгдэх талаар албан ёсны тайлбар хийгээгүй буйгаас харахад хөшигний ард дахь тохироо эрчээ авсныг илтгэх мэт. Нэр нь өөр болохоос угшил нэгтэй ИЗНН-ынхан ч албан ёсны тайлбарыг хараахан хийж амжаагүй явна. Намын дарга С.Дэмбэрэл “АН-тай нэгдэх асуудлыг Их хурлаараа шийднэ” хэмээн тойруулсныг эс тооцвол 2012 оноос хойш “дэр нэгтгэсэн” АН-тай гэгдэх нь тэдний хувьд цаг хугацааны л асуудал юм.
2. Үүнийг бичихээс өмнө 2010 оны өвлийг эргэн санах гээд үзье. Тухайн үеийн МАХН-ын одоогийн МАН-ынхан XXVI Их хурлаа хийж 90 жилийн түүхтэй X үсгээ халж, ууган горээ сэргээж байв. Өмнөх жил нь болсон Ерөнхийлөгчийн сонгуульд өөрийнх нь эсрэг ажилласан хэмээн намынхаа нөхдөд гоморхох болсон Н.Энхбаяр ч Их хурлаас гаргасан шийдвэрийг эсэргүүцэн гарч одож л байлаа шүү дээ. Удсан ч үгүй МАН-аас үсэрсэн “X” үсгийг өмчилж МАХН-ыг байгуулсан түүхтэй. Өмчилсөн зорилгодоо ч тэр хүрсэн. 2012 оны сонгуулиар “Шударга ёс” эвсэл УИХ-д 11 суудалтай (Д.Батцогт гишүүн АН-д элссэн) болсны долоо нь одоо ч Н.Энхбаярын халаасанд яваа. Улс төрд шинээр “бойжиж” эхэлсэн МАХН-ыг эрээвэр хураавар, гомдсон гологдсон хүмүүсийн бөөгнөрөл гэсэн тодотгол дагадаг ч хуучин нэрэнд нь дадсан сонгогчдын санал МАН-ын дараалсан ялагдсан шалтгаан болсон нь маргашгүй үнэн юм.
Харин энэ удаад МАН болон МАХН-ын ахмад гишүүд хоёр намыг сонгуульд нэгдэж орох тухай сэдвийг босгож ирээд байна. Хоёр намын дарга нь ч түрүүчээсээ нааштай хариу өгч эхэллээ. Гагцхүү хэн нь түрүүлж нэг ширээнд суух урилга ирүүлэх вэ гэдэг асуулт л тэдний дунд хүлээлт үүсгээд байгаа юм. Хэрэвзээ ахмадууд нь санасандаа хүрч тэд нэгдэж сонгуульд оролцсон тохиолдолд АН-д л хохирол учруулна уу гэхээс МАН, МАХН-ын аль алинд нь ашигтай хувилбар. Н.Энхбаярын улс төрд орж ирэх эрх нь хаалттай хэвээр үлдэх ч гаднаас нь бүр Солонгосоос ч гар дүрэх хангалттай туршлага түүнд бий шүү дээ. Ирэх сонгуульд олонх болдоггүй юм гэхэд ядаж АН-аасаа илүү суудал авах сонирхол МАН-д бий. Тэгэхээр “МАН нь МАХН-ын эхлэл бөгөөд үргэлжлэл” гээд намынхаа дүрмэнд заачихсан л юм бол МАХН-тайгаа нэгдэх саналыг түрүүлж тавих нь МАН-ын АН-аасаа өрсөж хийх улс төр байх бололтой.
Улс төрд ялангуяа саарал ордонд бий болоод байгаа яриа хөөрөөний заримыг нь дурдахад ийм дүр зураг бууж байна. Өөрөөр хэлбэл, АН-ынхан МҮАН, ИЗНН-ыг эгнээндээ оруулах, МАН нь эхлэл бөгөөд үргэлжлэл болсон МАХН-тайгаа нэгдэх нь цаг хугацааны л асуудал болж үлдэж байх шиг. Нэг талаараа угшил нэгтэй намууд өөр хоорондоо нэгдэж сонгуульд оролцох нь томоохон улс төрийн тохироо хийх шаардлагыг нэхэх ч нөгөө талаараа зөв хандлага. юм. Сонгуулийн өмнө л сэргэдэг олон жижиг намыг халах өөр хоорондоо бодлогын төвшинд өрсөлддөг шинэ жишгийг ч улс төрд бий болгож болох. Зөвшилцлийн үр дүнгээр нэгдэж жинхэнэ хамтралыг бий болгох уу эсвэл энэ чигээрээ явсаар сонгуультай золгох уу гэсэн хоёр сонголтын өмнө АН, МАН-ынхан иржээ.
С.ГАН /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
URL: