“Баяртай” гэх магадлалтай Ерөнхий сайд баяртай мэдээ дуулгалаа

Өчигдөр арваннэгдүгээр сарын 26 байлаа. Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласан өдөр…Энэ өдрүүдэд бид Үндсэн хуульд өөрчлөлт хийх нь зөв эсэх талаар хэлэлцэж буй. Хэрэв өөрчлөлт хийвэл эрх мэдлийн дахин хуваарилалтаар нэлээд жинтэй хувийг Ерөнхий сайдад өгч мэдэхээр байна. Үүний сургаар Ерөнхий сайдын суудлын төлөөх “тэмцэл” Ерөнхийлөгчийн сонгуулиас ч илүү хурцаар өрнөх магадлал ажиглагдаж эхэллээ. УИХ-ын нэр бүхий гишүүд гарын үсэг цуглуулж “Ордны хуйвалдаан”-ы арга хэрэглэж, ядмаг зарим нь парламентын гаднах улс төрийн хүчнүүдээс “тусламж гуйх” зэргээр Ерөнхий сайдыг огцруулж “үзмээр” санагдаад байгаа бололтой. Яг ийм цаг үед Ерөнхий сайд Ч.Сайханбилэг олон нийтэд мэдээлэл хийнэ гэв. Өөрөө огцрох өргөдлөө өгчих юм болов уу гэх горьдлого, сонирхол, эсвэл улс төр, эдийн засгийн хүрээнд ямар нэг ноцтой мэдэгдэл хийнэ гэсэн таамаглал тэнүүчилж эхлэв.

Гэтэл Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Баяртай” гэх хүслийг нь үл анзааран баяртай мэдээ дуулгалаа. Энэ мэдээ нь түүнийг “Баяртай” гэх тохиолдолд ч цаашдын замыг нь засах нигууртай юм. Эдийн засаг ямар байв, гадаадын хөрөнгө оруулалт хэрхэн тартагтаа тулчихаад байв гэдэг нэг жилийн өмнөх нөхцөл байдал, “Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний талаар хөтөлбөр” баталчихаад тэр цааснаасаа өөр барих юмгүй болчихоод байснаа ч санаж байгаа хүн цөөн болж. АН-ынхан Ч.Сайханбилэгт “цаасан малгай”  өмсүүлж, угийн “комсомол” занг нь хөөрөгдөөд Ерөнхий сайд болгоод торгуулийн суманд илгээчихлээ гэж үзсэн ч эрхбиш Р.Амаржаргал гэгч “акул”-ыг давж шалгарснаа харуулахаар их ч зүтгэлээ. Сайн, муу аль аль нь бий боловч Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг товч дүгнэвэл олдошгүй хөрөнгө оруулалтыг татаж чадлаа, ирээдүйд их ч өр өвлүүллээ гэж дүгнэхэд хилсдэхгүй. Н.Алтанхуягийн Засгийн газрын өрийг  үргэлжлүүлж, өөрийн хүчээр тэрбум, тэрбум ам.долларын зээл татсан түүний энэ “амжилт”-ыг гавьяа гэх үү, гай гэх үү.

 Түүний хийсэн эхний онцлох мэдэгдэл нь “Олон улсын банкууд 4,2 тэрбум ам.долларын төслийн санхүүжилт олгохоор энэ 7 хоногт эцэслэн шийдвэрлэсэн” гэх мэдээ байлаа.  Мөн гүний уурхайн их ажил эргэн сэргэж, эрчтэй хөдөлсний эхний үр дүн татварын орлого 70 сая ам.доллар буюу 140 шахам тэрбум төгрөг Төрийн сангийн дансанд шилжин орохоор болсон гэнэ.

Мөнгөөр “цангасан” нийгмийн сэтгэлзүйд өөрөөр хэрхэн нэвтэрч үгээ сонсгох билээ. Тэрээр цаш нь татварын хөнгөлөлт, асрамжийн тэтгэмжийн нэмэгдэл,  НӨАТ-ын 20 хувиа буцааж авах болсон, цаашилбал Японтой худалдааны гэрээ хийх болсон, ирэх сарын эхээр шатахууны үнэ баруун 3 аймагт литр тутамд 230-260 төгрөгөөр, зүүн аймгуудад 130-150 төгрөгөөр буурна гэхчлэн чимэгтэй бүхнээ сонсгож тайлагналаа.

Хэдийгээр түүний үг “зүүний үзэл баримтлалтай” намын лидерүүд, сонгуулийн кампанит ажил мэт сонсогдсон ч тэрбээр ийм нөхцөл байдалд өөрийгөө үнэлэхээс өөр гарц олсонгүй. Намын дарга нь, нийтэд хүлээн зөвшөөрөгддөг лидерүүд нь, тэр ч байтугай “эмээлийн бүүрэг” шиг ижилдэж өдий хүртэл хамт явсан С.Баярцогт нь хүртэл маргаашийн сонгуулийг бодож дуугаран өөрийг нь “сэндвич” завсар хөөрхөөн чимхчихээд байх болов. Тэгэхээр Ч.Сайханбилэгийг хэн хамгаалах гэж? Н.Алтанхуягт үйлчилж байгаад алчуураар даллаж үдээд өөрийг нь хүлээж авсан тэр хэвлэл мэдээллийн алба уу. Тэд төрийн ажлаа л хийж буй. Харин Ч.Сайханбилэгийн улс төрийн карьерийг дардан байлгах нь зөвхөн өөртэй нь л хамаатай. Хэд, хэчнээн өнцгөөс түүний албан тушаалыг барьцаалж өнцөг булан бүрээс мэрж байгаа ч “бүгдэд нь таалагдах албагүй” гэдэг зарчмаараа л явж байгаа нь бүр ч сонирхолтой. Сонирхолтой байгаагийн учир нь ийм “цэцэгс”, тийм “жаварт” удаан тэсдэггүй билээ.

Ерөнхий сайд үгийнхээ төгсгөлд “Бид төгс төгөлдрийн туйлыг хайсаар, түүндээ төөрч хий эргэсээр, 100 хувийн сэтгэл ханамж эрсээр, эргэж ирэхгүй алтан цаг, эгнэгт алдагдсан боломж, огт олж аваагүй ашиг, орлого, цалин болгон үрэгдүүлж асгасаар байна. Энэ дэлхийд төгс төгөлдөр зүйл байхгүй. Тэр тусмаа хөрөнгө оруулалт, хоёр талын ашиг сонирхол тулдаг бизнесийн төсөл, гэрээ хэлцэлд бүрэн дүүрэн сэтгэл ханамж, бүтэн төгс төгөлдрийн тухай ойлголт бүр ч байхгүй. Харин сайн гэрээ хамгийн сайндаа харилцан ашигтай л болж байж үр дүнд хүрдэг.  Ийм болохоор утга учиргүй улстөржилт, эцэс төгсгөлгүй маргаан хийх орон зай, өө сэв үргэлж олдоно. Бид энэ орон зайдаа маргасаар, өөрсдийнхөө ирээдүйг өдөр өдрөөр гацаасаар сууна” гэснээрээ “Гэрээ сайн эсэхэд бус ажил урагшлах эсэхэд санаа зовниж” байгаагаа хэлчихлээ.  Магадгүй түүний хөрөнгө оруулалт татдаг “нууц” нь ч эхлээд гэрээ хэлцлээ хийгээд, урьдчилгаагаа оруулж ирснээр “хожим тайлбар олддог” гэх Дубайн гэрээ маягийн тактиктай нь холбоотой байж мэдэх юм.

Хэдийгээр Ерөнхий сайд Ч. Сайханбилэг “Энэ нэг жилийн хугацаанд эдийн засгийн амаргүй нөхцөл байдалд Засгийн газарт байнгын бодлогын дэмжлэг үзүүлж ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгчид, нэгэн үйлсийн төлөө мөр зэрэгцэн хоёргүй сэтгэлээр зүтгэсэн УИХ дахь АН-ын бүлгийн гишүүддээ, МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийн гишүүдэд, ИЗНН-ын төлөөлөлд, манай засгийн бүрэн эрхийн хугацааны 2/3-д хүндрэл бэрхшээлийг огоорон хамтран зүтгэсэн МАН бүлгийн гишүүд, сайд нартаа талархснаа илэрхийлье” хэмээн юу юугүй “явчих” гэж байгаа юм шиг горьдоосон боловч Ерөнхий сайдын алба улам чухал болж байгааг, өөрөө эс боловч намынхандаа, цаашилбал дараагийн Ерөнхий сайдад өндөр эрх мэдлийн үүдийг нээж өгөөд явах ёстойгоо, ямар “өртэй”-гээ мэдэж байна. Тиймээс ч “Монголын ард түмэн өөрчлөх саналаа илэрхийлж, ард нийт олонхоороо, санал асуулгаараа зөвшөөрлөө өгвөл УИХ дахь олонх, цөөнх зөвшилцлийн ажлын хэсэг байгуулж, парламентын өндөр босгыг давсан санал хураалтаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөө хийх боломж Та бидэнд байсаар байна. Үндсэн хуулийн өөрчлөлт өндөр босготой. Ард түмний, УИХ-ын саналын өндөр босго, өндөр шалгууртай. Цаг бага үлдлээ гэдэг нь шалтгаан биш шалтаг. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой аливаа процедурын болон зохион байгуулалт, хөрөнгө санхүүжилтийн асуудлыг Засгийн газар бүрэн дэмжиж ажиллах болно” гэж мэдэгдлээ.

Ийнхүү Тусгаар тогтнолын өдрийг тохиолдуулан, Ерөнхий сайд болсны нэг жилийн ойн тайлангаа тавьж, өөрөө төлөхгүй ч амар олдоогүй их зээлийн сургаар олон нийтээ “цатган” байж үгээ зэхэж олон түмэндээ сонордууллаа. “Ийм нөхцөлд, ийм Ерөнхий сайдыг огцруулаад үз л дээ” гэж бодогдуулам тайлан, шантаажны улс төр гэгчийг иргэддээ ховлосон өнгө аясаар дүүрэн байж “Эрүүл бус нөхцөлд ажилласан сүүлчийн кабинет байгаасай” гэж өөртөө ерөөгөөд мэдэгдлээ өндөрлөв. Маргааш, түүний маргааш мөнгөтэй болсоор л байх аж. Харин маргааш, түүний маргааш Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэвээр байх эсэх нь л бүр ч сонирхолтой болоод ирлээ.

С.Мөнгөндөл


URL:

Сэтгэгдэл бичих