Хойд хөршид хуурамч архины хордлогоор 18 хүн амиа алджээ
-Архины хордлогын улмаас Красноярскт түгшүүр зарлажээ. Сүүлийн үед манайхан хил гаалиар гарах бүртээ орос архи авчирдаг болсон нь олон эрсдэл дагуулж байна-
ОХУ-ын Красноярскийн тойрогт хуурамч архинаас үүдэж олон арван хүн амиа алдсан тухай орон нутгийн цагдаа нар мэдээллээ. Цагдаа нар хуурамч архи байж болзошгүй сэжигтэй шилэн савлагаа бүхий согтууруулах ундаа илэрвэл даруй цагдаагийн хэлтэст авч ирэхийг олон нийтэд уриалжээ.
Энэ тухай Эрүүл мэндийн яамны албанаас “РИА НОВОСТИ” агентлагт өчигдөр мэдээлсэн байна. Түүнчлэн Эрүүл мэндийн яамны зүгээс оршин суугчдад хандан “Ойрын өдрүүдэд баяр ёслол ойртож байгааг тохиолдуулж худалдан авсан архи, согтууруулах ундааны төрөл зүйл дотор хуурамчаар үйлдвэрлэсэн архи байгаа эсэхийг шалгах”-ыг хүсчээ.
Хэрэв ямар нэгэн сэжигтэй архи илэрвэл хууль хяналтын байгууллагад даруй хандахыг мэдэгдэж буй юм.
Одоогийн байдлаар Красноярск орчмын эмнэлгүүдэд метилийн спиртийн хордлогын шинжтэй өвчтөнүүд ирсээр буй аж. Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр оршин суугчид, худалдан авагчид хортой архины тухай ямар ч мэдээлэлгүй байгааг уламжилсан юм. Тиймээс иргэд олон арваараа метилийн спиртийн найрлагатай хуурамч архинд хордсоор байгаа аж.
Архинд хордсон тухай Красноярскт хамгийн анх энэ сарын 23-нд мэдээлэл цацагдсан байна. Тухайн өдөр гурван хүн өөд болсон байна.
Эдгээр хуурамч архинд метилийн спиртийн эзлэх хэмжээ 60 хувьтай байсныг Эрүүл мэндийн яамнаас мэдээлжээ. Түүнчлэн энэ сарын 18-нд Чувашит 3 хүн уг архинаас болж хурц хордлогод орж нас баржээ. Мөн энэ сарын 11-нд Москва мужид 4 хүн нас барсны нэг нь цагдаагийн алба хаагч байсан гэнэ. Эдгээр хүмүүс бүгд дээрх хуурамч архийг хэрэглэсэн байсан нь задлан шинжилгээгээр тодорхой болжээ.
Красноярскийн прокурорын байгууллагын мэдээлснээр “Зөвхөн Красноярскт л гэхэд 45 хүн эдгээр хуурамч архинд хордсон ба 9 нь аль хэдийн амиа алдсан” гэжээ. Үйл явдалтай холбогдуулж Красноярск тойргийн прокурор бүс нутагтаа түгшүүр зарлаж, Красноярск, Москва, Курскийн тойргуудад нийт эрүүгийн 10 хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Одоогоор метилийн спиртийн найрлагатай хортой архи хэрэглэсний улмаас 18 хүн нас баржээ.
Манай улсын иргэд ч баяр ёслол ойртож байгаа тул ОХУ-ын хил, гаалиар орж ирсэн чанарын баталгаагүй согтууруулах ундаа, архины төрөл зүйлийг хэрэглэхдээ сонор сэрэмжээ дээшлүүлэхэд буруудахгүй юм.
Т.Бат
URL: