Хурдацтай бүхэн сайн биш

Удахгүй эхлэх УИХ-ын чуулганаар юун түрүүнд улсын төсөвт тодотгол хийнэ. Төсвийн тодотголын төслөө Засгийн газар хэдийнэ боловсруулаад буй.

Төслөөс харахад улсын төсвийн урсгал зардал болон хөрөнгө оруулалт нэлээдгүй хэмжээгээр нэмэгдээд байгаа. Харин Монголыг орхин гарч байгаа олон улсын валютын сангийнхан Европын болоод Америкийн эдийн засаг савалж, таагүй байгаа энэ үед хөрөнгө оруулалтаар бэлэн мөнгөний урсгалыг нэмэгдүүлэх нь эдийн засгийн хэт халалтыг үүсгэнэ хэмээн сэрэмжлүүлээд авсан.

Өөрөөр хэлбэл Монгол Улс 2008 оны эдийн засгийн их хямралын хэмжээнд хүрч инфляци “галзуурна” гэж анхааруулсан хэрэг.

Харин мөнгөний бодлогыг тодорхойлдог Монгол банкны хувьд ОУВС-гийн анхааруулгатай зарим саналаар нэгдэж байгаа. Сүүлийн үед төсвийн орлого давж биеллээ, тогтворжуулалтын санд тэдэн төгрөг хийлээ гэх зэргээр Монгол Улс мөнгөтэй болж байгааг зарлах болсон.

Мөнгөтэй болж байгаа нь үнэн боловч энэ нь бодит өсөлт гэж хэлэхэд арай эрт байгаа гэнэ. Хурдацтай л байвал сайн гэсэн ойлголт юунд хүргэж болохыг 2008-2009 оны хямрал тод харуулсан гэж Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж хэлж байна.

Монгол Улсын ДНБ-ний өсөлт 15 хувь байгаа бол бэлэн мөнгөний нийлүүлэлт 70 хувийг давчихаад байгаа. Энэ том зөрүү инфляцийн дарамтыг бий болгох нь гэсэн урьдчилсан судалгааг Төв банк гаргачихаад байна. Ямартаа ч 2008, 2009 оны инфляцийн дарамт ирэх жил нүүрлэж магадгүй гэсэн дүр зураг одооноос ажиглагдаж эхлээд байгаа аж. Тиймээс дээрх алдааг дахин давтахгүйн тулд Монгол банк бодлогын хүүгээ нэмсэн гэнэ.

Харин бодлогын хүүг нэмсэн Төв банкны шийдвэрийг олон хүмүүс янз бүрээр тайлбарлаж байна. Тэр дундаа улс төрчид буруушааж Монголбанк бодлогын хүүгээ өсгөсний дараа арилжааны банкуудын зээлийн хүү өснө. Энэ нь бизнес эрхлэгчдэд дарамт болно хэмээн тайлбарлаж, байгаа бол сонгуулийн бэлэн мөнгөний амлалт биелүүлэхэд бодлогын өндөр хүү саад болж байна гэж төвөгшөөх хэсэг ч байна.

Гэхдээ Төв банк улс төрийн дарамт шахалтаас айн хүүгээ нэмэлгүй зүгээр суувал манай улсын эдийн засгийн хүчин чадлаас хэтэрсэн мөнгөний нийлүүлэлт иргэдэд зүгээр үнийн өсөлт болж тусна гэж мэргэжилтнүүд хэлж байна. Энэ мэт эдийн засгийн хэт халалт бага, дунд орлоготой иргэдийн амьдралд хүнд ачаа болж очих нь мэдээж. Энэ нь төсвөөс халамж тараан инфляцийг өдөөх, гаднаас орж буй валютын урсгалаар хилийн чанадад үйлдвэрлэгдсэн барааны хэрэглээг тэтгэх байдлаар урсч байгаа юм.

Өөрөөр хэлбэл, инфляцийн хүлээлтэд нөлөөлж хоёр дахь үеийн доргиог үүсгээд эхэлбэл хадгаламжийн хүү ч тэр, зээлийн хүү ч тэр өсөөд эхлэх нь гарцаагүй гэж Монголбанкныхан тайлбарлаж байна. Гэхдээ бодлогын хүүг нэмэх нь сайн арга биш ч хоёр муу сонголтын арай дөнгүүр нь гэнэ. Учир нь УИХ Засгийн газраас гаргасан зарим шийдвэр тэр дундаа нийгмийн халамж руу чиглэсэн бэлэн мөнгөний тараалт болон манай эдийн засгийн чадавхиас давсан гаднаас орж ирж буй мөнгөний нийлүүлэлт зэрэг нь инфляцийг алдуурах хэмжээнд ч хүргэж мэдэхээр байгаа.

Тиймээс ирэх жилийн инфляцийн хэмжээг арван хувьд барина гэсэн тооцоог Төв банк гаргасан. Арван хувь гэдэг хэдийгээр бага тоо биш боловч одоогийн манай орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал үүнээс бага байлгах боломж олгохгүй юм байна. Бүр Төв банкныхан 2012 гэсэн сонгуулийн жил дуусаад авбал эдийн засгийн бодлого гайгүй болох байлгүй гэж суугаа сурагтай.

Т.Дөлгөөн


URL:

Сэтгэгдэл бичих