Ю.Цэдэнбалын нэр төрийг сэргээж, цагаатгахыг санал нэгтэй дэмжив

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбалын нэр төрийг сэргээх, мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх асуудлыг байнгын хорооны хуралдаанаар гишүүд санал нэгтэйгээр дэмжлээ. УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар нарын 24 гишүүн “Юмжаагийн Цэдэнбалын нэр төрийг сэргээж, алдар гавьяаг нь мөнхжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсөл санаачилж, энэ оны 7 дугаар сарын 2-нд УИХ-д өргөн барьсан.

Монголын төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан түүний улс төрийн талаар хэлмэгдсэн нэр төрийг сэргээж, алдар гавьяаг нь мөнхжүүлэх, амьдрал, бүтээлийнх нь талаарх түүхэн үнэнийг ард түмэн, залуу үедээ таниулан сурталчлах, өвлүүлж үлдээх зорилгоор уг тогтоолын төслийг боловсруулсан аж.

Тогтоолын хүрээнд Ю.Цэдэнбал агсны гэр музейг байгуулах, түүний улс төрийн хэлмэгдлийг цагаатгах, мэндэлсний нь 100 жилийн ойг 2016 онд орон даяар тэмдэглэн өнгөрүүлэх зэрэг асуудлыг нарийвчлан тусгажээ. Ю.Цэдэнбал нь Монголын төрийн зүтгэлтэн, Хөдөлмөрийн баатар, БНМАУ-ын баатар, БНМАУ-ын маршал байсан юм. 1940 оноос эхлэн Монголын төрийг 44 жил удирдсан түүнийг 1984 онд тухайн үеийн төрийн шийдвэрээр ОХУ-д цөлж, үүнээс хойш эх орондоо ирээгүй 1991 онд 75 насандаа Москва хотноо таалал төгссөн.

Нутаглуулахад нь түүнийг төрийн зүтгэлтэн бус цэргийн алба хаагчийн адилаар дэслэгч генерал хэмээн цоллож, Батлан хамгаалах яамнаас гаргаж байсан түүхтэй. Түүний энэ мэт хэлмэгдлийг цагаатгах асуудлыг өмнө нь 1990-ээд оноос аймаг орон нутаг, иргэд олон нийт, төр, нийгэм, цэргийн зүтгэлтнүүд, эрдэмтэн судлаачид, төрийн бус байгууллагууд удаа дараа хөндөж, төрийн дээд шатны байгууллагуудад хүсэлт тавьж байсан ч өнөөг хүртэл шийдэгдээгүй байсан.

Тогтоолын төслийг УИХ-д өргөн барьсны дараа өчигдөр анх удаа байнгын хороогоор хэлэлцсэн юм. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлцэгдсэн уг асуудалд гишүүд нэлээд ач холбогдол өгч байв.

Гишүүд Монголын нийгмийн хөгжлийн хагас зуун жилийн түүх энэ хүний ажил, амьдралтай салшгүй холбоотой тул түүхэн үнэнийг бодитоор нь үнэлж цэгнэх, алдаа оноог дэнсэлж нягтлах, залуу хойч үедээ сургамж болгох үүднээс Ю.Цэдэнбал агсны нэр төрийг сэргээж, алдар гавьяаг мөнхжүүлэх, мэндэлсний нь 100 жилийн ойг өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлэх нь зүйтэй гэж байв.

Гэхдээ эхлээд УИХ-аар Ю.Цэдэнбалын нэр төрийг сэргээж, цагаатгасны дараа 100 жилийн ойг тэмдэглэх асуудлыг Засгийн газар шийдэж, зохион байгуулах нь зөв гэж зарим гишүүд байр суурь илэрхийлж байв. Мөн уг асуудалд улс төрийн өнгө аясгүйгээр хандах ёстой гэдгийг онцолсон.

Үүнээс гадна нэр төрийг сэргээгээд зогсохгүй үр хүүхдэд нь тусламж өгөх, эрх баригчид, намын удирдлагууд нийт ард иргэдээсээ уучлал гуйх ёстой гэлээ. Ингээд асуулт асууж, санал хэлсэний дараа хуралдаанд оролцсон 18 гишүүн 100 хувийн саналаар уг асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхийг дэмжив.

Н.Гантуяа

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг


URL:

Сэтгэгдэл бичих