УИХ-ын сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг батлав
Чуулган Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр үргэлжлэв.
Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин, А.Бакей, Су.Батболд, Н.Батцэрэг, Д.Лүндээжанцан нарын өргөн мэдүүлсэн энэ хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Байнгын хорооны хуралдаанаар хийх үед Улсын Их Хурлын гишүүдээөс зарчмын зөрүүтэй санал гараагүй бөгөөд анхны хэлэлцүүлгээр батлуулах горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжсэн талаар Төрийн байгуулалтын Байнгын хороог төлөөлж УИХ-ын гишүүн С.Баярцогт танилцууллаа.
Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүд анхны хэлэлцүүлгээр нь батлах тэрхүү саналыг дэмжив. Уг хуулийн төслийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсгийн “Улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч” гэснийг “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан” гэж өөрчилсөн бөгөөд хуулийг баталсан өдрөөс эхлэн дагаж мөрдөх ажээ.
Г.Лхагваа
URL: