Франсуа Олланд АНУ-д айлчиллаа
Парисын халдлагатай холбогдуулан Исламын улс бүлэглэлийн эсрэг цэргийн ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор Францын ерөнхийлөгч олон улсын удирдагчидтай шат дараалсан яриа хэлэлцээ хийж байна. Тэрээр өчигдөр АНУ-д хүрэлцэн очиж, ерөнхийлөгч Барак Обаматай уулзжээ.
Уулзалтын дараа Цагаан ордонд зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр хоёр ерөнхийлөгч Исламын улс бүлэглэлийн эсрэг агаарын цэргийн ажиллагаагаа эрчимжүүлэх, мөн тагнуулын мэдээлэл харилцан солилцохоор тохирсон тухайгаа мэдэгдсэн байна. Гэхдээ Америк, Франц хоёр Сири, Иракт хуурай замын цэрэг илгээхгүй гэдгээ онцлон тэмдэглэсэн байна. Исламын улс бүлэглэлийг дарах, тус бүлэглэлийн эзэлсэн газар нутгийг эргүүлэн авахын тулд олон улсын цэргийн ажиллагааг нэгдсэн зохион байгуулалтад оруулах шаардлагатай гэдэг дээр талууд санал нэгдлээ.
Хэрэв ОХУ Сирийн ерөнхийлөгч Башар Ассадыг дэмжсэн байр сууриа өөрчилбөл АНУ тэргүүтэй эвсэл тус улстай хамтрахад бэлэн болохыг талууд мөн илэрхийлжээ. Энэ уулзалт Оросын байлдааны нисэх онгоцыг Туркийн нисэх хүчний Ф-16 нисэх онгоц пуужин харван сөнөөсний дараахан болсон юм. Тус явдалтай холбогдуулан Франсуа Олланд, Барак Обама нар асуудлыг хурцатгахгүйгээр, яриа хэлэлцээний замаар шийдэхийг Орос болон Туркийн эрх баригчдад уриалсан байна. Францын ерөнхийлөгч Франсуа Олланд энэ пүрэв гарагт Оросыг зорьж, ерөнхийлөгч Путинтэй уулзах юм.
URL: