УИХ-ын дарга З.Энхболд мэндчилгээ дэвшүүллээ

Чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд Бүгд Найрамдах улс тунхагласны 91 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа монгол түмэндээ мэндчилгээ дэвшүүллээ.

Тэрээр хэлсэн үгэндээ, энэ өдөр Монголчууд анхны Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхаглан зарласан түүхтэй. Үндсэн хуулийн дагуу Улсын анхдугаар хурлаас Улсын Бага Хурлыг 30 гишүүнтэй сонгож байгуулсан нь өнөөдрийн монголын парламентын үндэс болсон гэж үздэг.

Энэ үеийн Улсын Бага хурал 1990 оных шиг байнгын ажиллагаатай байгаагүй ч Ардын Их Хурлын чөлөө цагт төрийн дээд эрхийг барих, хууль тогтоох, улс орны хөгжлийн асуудлыг шийдвэрлэх, ард олны төлөөллийн байгууллага болж байсан юм.

Монголчууд бид 1992 онд дөрөв дэх шинэ Үндсэн хуулиа баталж, 1990 оны ардчилсан хувьсгалын үр дүнд олж авсан хүний эрх, эрх чөлөө, сонгуулийн ардчилал, олон намын тогтолцоо, тэгш боломж, ил тод байдал зэрэг ардчиллын үнэт зарчмуудыг баталгаажуулж түүнийг хэрэгжүүлэхийн төлөө зүтгэж байна.

Ардчиллын 25 жилийн түүхэн дэх үндсэн хуулийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж нийгмийн хөгжлийн өөрчлөлттөй уялдуулан үндсэн хуульд зарим өөрчлөлт оруулах шаардлага гарч байгааг харгалзан УИХ-ын гишүүд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн бариад байна.

Үндсэн хуулийн өөрчлөлтийг ард түмнээсээ асууж, нухацтай хэлэлцэж цаг алдалгүй батлах нь  улс орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдал, ардчилсан ололтуудыг бэхжүүлж, үндэсний эрх ашиг, эв нэгдлээ дээдлэн эрх чөлөөт иргэдийн хариуцлагатай нийгмийг төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой гэдгийг Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд онцлон тэмдэглэв.


URL:

Сэтгэгдэл бичих