Гар утас, компьютер тоглосон хүүхэд архаг ядаргаанд ордог
Гар утас, компьютер тоглоомонд бага насны хүүхдүүд донтож байна гэсэн мэдээллийг өмнө нь та олонтаа сонссон байх. Тэгвэл сүүлийн жилүүдэд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд энэ чиглэлээр хэвтэн эмчлүүлэх хүүхдийн тоо нэмэгдсээр байгааг албаныхан хэлж байна.
Манай улсад анх компьютерт донтсон хүүхэд 2004 онд Сэтгэцийн эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлж байсан бол түүнээс хойш жил ирэх тусам тус эмнэлэгт хандах хүүхдийн тоо нэмэгдсээр байгаа ажээ. Сүүлийн үед насанд хүрэгчдийн дунд ч бас компьютер тоглоомд донтох тохиолдол их болж. Үүний шалтгааныг эмч нар нийгмийн стресс, бухимдалтай холбоотой хэмээн тайлбарлав.
РС тоглоомын газар ихэвчлэн 10-15 насныхан хонон өнжин тоглож байгаа харагддаг. Тэгвэл энэ нь өсвөр насныхны сониуч зантай холбоотой. Мөн гэр бүлийн хараа хяналт сул, эцэг эхийн дарамт шахалт их, гэр бүлийн уур амьсгал таагүй зэрэг шалтгаанаас болж компьютер тоглох, улмаар донтох эмгэг болтлоо даамжирдаг байна. Иймд “Сургууль, цэцэрлэгээсээ ирээд гар утас, компьютер тоглон суугаа хүүхдэдээ ээж, аавууд анхаарал хандуулж, цагийн хязгаарт нь хяналт тавих нь хамгийн чухал.
Тоглоомын дон томчуудын архидан согтуурах донтой адилхан хор уршигтай гэдгийг эмч нар сануулсан. Сургуулийн өмнөх насны хүүхэд өдөрт 20-30 минут, бага, дунд ангийнхан 30 минутаас нэг цаг тоглоход хүүхдийн эрүүл мэндэд ямар нэг сөрөг үр дагавар үзүүлэхгүй. Харин түүнээс удаан хугацаагаар тоглох нь сэтгэцийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэдгийг СЭМҮТ-ийн эмч нар онцгойлон анхааруулсан. Энэ тухай дараах зөвлөгөөг уншигч танд хүргэж байна.
ТОГЛООМОНД ДОНТОХ ЭХЛЭЛ ЭЦЭГ ЭХЧҮҮДЭЭС ҮҮДЭЛТЭЙ
СЭМҮТ-ийн Яаралтай түргэн тусламжийн сувилагч Л.Бат-эрдэнэ, Р.Март, Г.Одгэрэл нараас дараах зөвлөгөөг өгч байна.
-Нэг хэсэг хүүхдүүдийг компьютерт донтлоо гэдэг байсан. Харин одоо гар утасны тоглоомонд донтох болсон гэх юм. Энэ талаар яриагаа эхэлье?
-Сүүлийн жилүүдэд тоглоомонд донтох хүүхдийн тоо эрчимтэй нэмэгдэж байна. Манай эмнэлэг ийм төрлийн эмгэгтэй хүүхдүүдийг хэвтүүлэн эмчилдэг. Гэсэн ч зарим эцэг, эхчүүд хүүхэд нь тоглоомд донтсон ч тоохгүй орхидог, эмнэлэгт тэр бүр ханддаггүй.
Одоо хүүхдүүд хоёр нас хүрэв үү, үгүй юу л гар утасны тоглоомоор тоглож байна. Нэг үгээр хэлбэл, тоглоомонд донтох эхлэлийг эцэг эхчүүд бий болгож байна. Хүмүүсийг ажиглахад “Миний хүү надаас илүү ухаантай юм, гар утасны функц руу ороод, интернэтээс дуу сонсч, тоглоомоор тоглож байна” гэдэг. Ингэж эрхлүүлсээр нөгөө хүүхэд нь утсаар тоглохгүй бол уурлаж, уйлдаг. Утас харахаар авах гэдэг. Ааш зан нь өөрчлөгдөхөөс эхлээд хорт муу зуршилтай болдог. Мөн хүүхдээ сургуульд дөнгөж оров уу үгүй юу, утас авч өгдөг. Энэ нь ихэвчлэн тоглоомтой ухаалаг үйлдлийн системтэй утас байдаг. Энэ нь аль ч насны хүүхдийг тоглоомонд уруу татах, гар утсаар байнга тоглуулах дадал үүсгэдэг. Тиймээс эцэг эхчүүд хүүхдээ тоглоомонд донтсоны дараа биш өмнө нь сэргийлэх нь чухал юм.
-Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийг харахад ихэвчлэн ямар шалтгаанаас болж, тоглоомонд уруу татагдсан байдаг вэ?
-Эцэг, эхийн анхаарал халамж дутсан үед, мөн гэр бүлийн хүчирхийллээс шалтгаалж хүүхдүүд гэрээсээ дайждаг. Гэрээсээ дайжсан хүүхдүүдийн ихэнх нь PC тоглоомын газарт хонон өнжин тоглодог. Хүүхэд учраас өөрийгөө тоглоомд донтож байгаагаа мэддэггүй. Хүүхдүүд 2-3 хоногоор алга болж дараа нь гэрээсээ мөнгө болон эд зүйлс хулгайлж эхэлдэг. Ажил гэж явсаар хүүхдээ хаана, юу хийж явааг мэддэггүй эцэг эх ч олон байдаг. Ангийн багш нь хүүхдээ хичээл таслаад ирэхгүй болохоор хайж явсаар РС тоглоомын газраас олдог. Ийм л шалтгаанаар олон хүүхэд тоглоомонд донтсон байдаг. Тиймээс хүүхдэд гэр бүлийн анхаарал, хайр халамж хамгаас чухал юм.
-Тоглоомонд донтсон хүүхдүүдийн ааш зан их өөрчлөгддөг гэсэн. Энэ талаар?
-PC-нд донтсон хүүхэд хамгийн эхлээд худлаа ярина. Тэгээд хичээлээ тасална. Мөн тоглоом тоглох мөнгөө олохын тулд хулгай хийдэг. Ингэж яваад гэмт хэрэгт холбогдох явдал ч гардаг. PC тоглоомонд донтсон хүүхдийг эмчлэхэд мэдээж хүнд. Эцэг эх, эмч, хүүхэд гурав багаар хамтарч ажиллавал бүрэн эдгэрнэ. Хамгийн наад захын жишээ хэлэхэд, хүүхдүүд олон хоног гар утас, компьютер тоглохоор бие организмд нь сөргөөр нөлөөлж, архаг сульдаанд ордог. Уур уцаартай болж, булчин агшиж, нүүр, ам нь татдаг болдог. Бид эмнэлэгтээ 10 хоног бие организмыг нь хэвийн байдалд оруулах эмчилгээ хийгээд бусад үед гадуур сэтгэл заслын эмчилгээ хийдэг. Хүүхдүүдийн хувьд сэтгэл заслын эмчилгээ хамгийн чухал. Эмнэлгээс гарч гэртээ харихад нь тухайн хүүхдийг ямар орчин угтах нь маш чухал. Өнөөх л тоглох сэдлийг нь өдөөх орчин угтвал эмчилгээ хийсэн үр дүн гарахгүй. Тиймээс тухайн хүүхдийн амьдарч буй орчин, хүрээлж байгаа найз нөхөд маш их нөлөөтэйг анхаарах хэрэгтэй.
Б.Туул
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: