Монгол, БНАСАУ-ын найрамдалт харилцааны 60 жилийн ойг ирэх жил тэмдэглэнэ

11-26-6_700x700

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл БНАСАУ-ын нийслэл Пхенъян хотын Ардын хорооны дарга Ча Хий Римийн урилгаар энэ сарын 19-23-ны өдрүүдэд Пхеньян хотод ажлын айлчлал хийлээ. Айчлалын хүрээнд Пхенъян хотын бүтээн байгуулалт, ногоон байгууламж, ундны усны сав газар, аялал жуучлалын бүс нутгийн төлөвлөгөөтэй танилцаж, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцсон байна.

Айлчлалын хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлийг БНАСАУ-ын Пхенъян хотын Ардын хорооны дарга Ча Хий Рим хүлээн авч уулзан, хотуудын хамтын ажиллагааны талаар санал солилцжээ.  Нийслэлийн Засаг дарга, тус хоттой томоохон бүтээн байгуулалт, ногоон байгууламжийн чиглэлээр харилцан мэргэжилтэн солилцох, эдийн засгийг хөгжүүлэх  аж ахуйн төслүүд дээр хамтран ажиллах, харилцан туршлага судлах сонирхолтой байгаа. Түүнчлэн Зүүн бүсийн аялал жуучлалын бүс нутаг болгохоор хөгжүүлж байгаа БНАСАУ-ын Вонсан хот  болон Улаанбаатар хотуудын хооронд шууд нислэгтэй болох талаар судалж, хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллахаа илэрхийлжээ. Мөн айлчлалын хүрээнд Нийслэлийн Засаг дарга БНАСАУ-ын Ардын дээд хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Ким Ён Нам-д бараалхсан байна.

БНАСАУ-ын Ардын дээд хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Ким Ён Нам нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл болон айчлалын төлөөлөгчдийг элгэсэг халуун дотноор хүлээн авсан бөгөөд “Бидний уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа  Зүүн хойд Азид энхтайвныг бэхжүүлэхэд чухал үүрэгтэй” гэдгийг онцлон тэмдэглэв. Мөн соёл урлаг, бүтээн байгуулалт, ногоон байгууламж, аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллах саналыг хүлээн авч, дэмжлэг үзүүлнэ гэдгээ илэрхийлжээ.

Монгол Улс, Бүгд найрамдах Ардчилсан Солонгос улстай эртний уламжлалт найрсаг харилцаатай бөгөөд 1956 онд БНАСАУ-ын удирдагч, Маршал Ким Ир Син манай оронд айлчилж байсан байна. Энэхүү айлчлалын үеэр хоёр улс найрамдалт хотуудын гэрээнд гарын үсэг зурж, олон салбарт хамтран ажилласаар иржээ. Ирэх онд БНАСАУ, Монгол Улсын найрамдалт харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиох юм.

Х.Хатан

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих