Цагаачид эсэргүүцлээ илэрхийлж амаа оёжээ
Грек, Македоны хил дээр цааш явах боломжгүй болж гацсан цагаачдын зарим нь амаа оёж, Европын холбооны бодлогыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ.
Өнгөрсөн долоо хоногт Словени, Хорват, Серби, Македон улс зөвхөн дайны хөлд өртсөн орнуудаас ирсэн дүрвэгсдийг нутагтаа нэвтрүүлэхээр болсон. Харин бусдыг нь эдийн засгийн цагаач хэмээн үзэж, баруун Европын орнуудад зорчихыг нь хориглосон аж. Эсэргүүцэгчдийн олонхи нь Грект Иранаас иржээ.
Тэд хилийн бүс дэх Идомени хот дахь төмөр замын далан дээр сууж, хоёр орны хоорондох тээврийг харилцааг тасалдуулсан байна. Энэхүү эсэргүүцлийн үйл ажиллагаанд Бангладеш, Мароккогоос ирсэн цагаачид нэгджээ. Македоны нутагт нэвтрүүлэхийг шаардаж буй цагаачдыг Сербийн хил дээр мөн адил саатуулна гэдгийг НҮБ-ын Цагаачдын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгчийн байгууллагын хэвлэлийн төлөөлөлгч Любинка Брашнарска өгүүлжээ. Мөн цагаачдыг Европт хууль бусаар нэвтрүүлэх үйл ажиллагаа уг нөхцөл байдлыг улам хүндрүүлнэ гэдгийг хэлсэн байна.
Парист энэ сарын13-нд халдлага гарсны дараа цагаачдыг шалган нэвтрүүлэх ажиллагаа улам нарийсч, тэднийг сайтар шалгадаг болсон аж. Парис дахь цэнгэлдэх хүрээлэнгийн гадаа өөрийгөө дэлбэлж, халдлага үйлдсэн этгээдийн ойролцоо Сирийн иргэн Ахмад аль-Мухаммадын паспорт олджээ.
Грекийн эрх баригчид түүнийг өнгөрсөн аравдугаар сарын 3-ны өдөр Грекийн Дерос арал дээр ирснийг баталсан байна. Үүнийхээ дараа тэрбээр Македон, Серби, Хорват, Унгарын нутгаар дамжин Австрид нэвтэрсэн аж. Парист халдлага гарсан даруйд шинжээчид уг үйл явдал Европт ирж буй цагаачидтай холбоотой байж болзошгүйг өгүүлж, нийгэмд дүрвэгсдийн талаар сөрөг хандлага бий болгох магадлалтайг онцолсон.
Тухайлбал, Францын хэт барууны байр суурьтай Үндэсний фронт намын тэргүүн Марин Ле Пен халдлагын дараах өдөр“Франц орон хил хязгаараа өөрсдөө хянадаг болох хэрэгтэй” гээд тус улсад аюулгүй амьдрах боломжгүй болсныг өгүүлсэн аж. Мөн АНУ-ын26 мужийн удирдлага Сирийн дүрвэгсдийг хүлээн авахаас татгалзаж, Ерөнхийлөгчийн Б.Обамагийн бодлогыг эсэргүүцсэн байна.
Д.Болд
URL: