“Тэмцэл дунд өнгөрүүлсэн он жилүүд” ном уншигчдын гар дээр очино
Япон улсын улс төрч Хори тошиказүны бичсэн “Тэмцэл дунд өнгөрүүлсэн он жилүүд” ном Монгол хэлээр орчуулагдан уншигчдын гар дээр очиход бэлэн болжээ. Уг номыг “EВS media” группын захирал Ц. Чинбат албан ёсны эрхтэйгээр орчуулж, редакторлон уншигддаа хүргэж байгаа аж.
Япон улсын иргэн Хори тошиказү нь улсынхаа үндэсний парламентад гурван удаа сонгогдон 18 жил гишүүнээр ажилласан анхны хөгжлийн бэрхшээлтэй улс төрч юм. Улмаар улсынхаа парламентад 18 жил суухдаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ дуу хоолой болж тэдний төлөө олон ажлуудыг нааштайгаар шийдэж чадсан байдаг. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэд, жирийн иргэдтэй адил тэгш эрхтэй байх ёстой гэсэн ойлголтыг улсдаа нэвтрүүлж чадсан чадварлаг улс төрчдийн нэг юм.
Тэрбээр энэхүү номондоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамддаг ноцтой асуудлуудыг хөндсөн ба тэдний нийгмээс тусгаарлагдах байдал, адил тэгш оролцоо, халамж үйлчилгээ гээд олон зүйлийг бүтээлдээ дурдсан аж.
Энэхүү номыг редакторлан Монголынхоо уншигдад хүргэж байгаа “EВS media” группын захирал Ц. Чинбат нь мөн хөгжлийн бэрхшээлтэй нэгэн юм. Улмаар 2000 онд балмад залуусын халдлагад өртөж, энэ ертөнцийг харах үнэт мэлмий, хоёр нүднээсээ хагацжээ. Ц. Чинбат хэдийгээр хөгжлийн бэрхшээлтэй, харж чадахгүй ч гэсэн ирээдүйгээ сайн сайхнаар харж, нийгмийнхээ төлөө чадахаараа өөрийнхөө хувь нэмрийг оруулж яваа чадварлаг сэхээтэн. Тиймдээ ч “EВS media” компаниа групп болтлоо өргөжүүлэн тэлж, өнөөг хүртэл үйл ажиллагаагаа амжилттай явуулж байгаа аж. Ц. Чинбат хэлэхдээ “хөгжлийн бэрхшээлтэй иргэд жирийн иргэдийн адил нийгэмд ижил тэгш оролцоотой байх ёстой, зөвхөн төрөөс халамж хүсдэг биш, бид нийгэмдээ өөрсдийнхөө байр суурийг адил эрхтэйгээр эдлэх хэрэгтэй, үүнд санаа зовж явдаг” гэдгээ илэрхийлж байсан юм.
“Тэмцэл дунд өнгөрүүлсэн он жилүүд” ном нь зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулагдаагүй бөгөөд тус номонд нийгмийн эрх тэгш байдал, хүмүүсийн харилцаа, тухайн улсын иргэддээ чиглэсэн хууль дүрэм гээд олон талыг тусган харуулжээ.
URL: